Л.Баатар: С.Зориг агсны талаар кино хийхээр цуглуулж байсан материал алга болсон
 “Hero entertainment” студиэс бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны 100 эрхэм”, “100  чухал сэдэв” болон бусад нэвтрүүлгийн  архивын нууц дүрс бичлэг хулгайд алдагдаж,  олон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа билээ.Үүссэн асуудалтай холбогдуулан тус студийн захирал, найруулагч Б.Баатар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр  мэдээллийнхээ эхэнд “нэвтрүүлгийн архивт хадгалагдсан  дүрс алдагдсан нь ганц нэг надад дургүй хүний хийсэн ажил биш. Энэ бол маш нарийн зохион  байгуулалттай, томоохон бүлэглэлийн хийсэн тусгай ажиллагаа” хэмээн мэдэгдсэн юм. Ингээд нэвтрүүлгийг бэлтгэх үед авсан сул дүрс алдагдсан явдалд нэвтрүүлгийн хоёр хөтлөгч болон Н.Энхбаяр болон түүний гэр бүлээс уучлал хүссэн юм. Энэ үеэ тэрбээр сэтгүүлчдийн асуусан зарим асуултад хариулт өглөө. 

-“Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн дүрс алдагдсаныг улс төрийн зорилгоор дотроосоо тараасан байж болзошгүй хэмээн хардах иргэд олон байна энэ талаар  та юу хэлэх вэ? 

-Бидний зүгээс өөрсдөө зорилготойгоор тараасан зүйл огт байхгүй. Би зүгээр л уран бүтээлч хүн өөрийнхөө уран бүтээлийг улс төрийн зорилгоор тараахгүй. Надад  улс төрд орох сонирхол ч байхгүй. Би уран бүтээлээ хийсээр л байх болно. Магадгүй ингэж хэлж байгаа хүн өөрөө хулгай хийсэн ч байж болно шүү дээ.

Энэ бол энгийн нэг хүн биш бүхэл бүтэн улс төрийн зорилгоор хийсэн томоохон бүлэглэл л хийж чадна. Гэхдээ Монголын хууль тунгалаг байгаа гэдэгт итгэж байна. Бүх үнэн удахгүй илрэх байх... Бас Н.Энхбаяр болон түүний гэр бүл, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөтлөгч П.Анужин нараас албан ёсоор уучлал гуйж байгааг минь хүлээн авна уу. Хар дүрс, бичлэгийг хулгайд алдсан нь найруулагч миний буруу, хариуцлаггүй үйлдэл, албан ёсоор уучлал гуйж байна.

-Та бүхний хувьд хулгайг яг хэзээ орсон гэж таамаглаж байгаа зүйл байна уу?
-Бидэнд одоогоор тодорхой мэдэж байгаа зүйл алга. Ямар ч байсан маш нарийн зохион байгуулалттай бүлэглэлийн хийсэн хэрэг гэдэг нь дүрсүүдийг цацаж байгаагаас харагдаж байна. Бид та бүхэнд хүрэхээс хоёр, гурав хоног л устгах гэж 30-40 хүний бүрэлдэхүүнтэй багаараа ажлаад дийлсэнгүй. Youtube, Facebook-рүү утасдаж устгуулахаар байнга  ярьсан ч эргээд өөр акаунтаас ороод ирдэг. Манай сервер тийм ч амархан халдлагад өртөх газар биш. Тиймээс бид цагдаагийн байгууллага, оюуны өмчийн газар гээд  холбогдох бүх газруудад яаралтай арга хэмжээ авч, илрүүлж өгөхийг хүссэн. Цахим гэмт хэрэг гэдэг хэзээд ул мөр үлддэг учир удахгүй илрэх байх гэж найдаж байна. 

-Алдагдсан дүрс бичлэгүүдээс гадна өөр ямар, ямар дүрс бичлэг алдагдсан байгаа вэ? 
-Бид одоогоор яг хэний ямар дүрс алдагдсаныг мэдэхгүй байна. Магадгүй МУ-ын өөр ерөнхийлөгчийн дүрс ч алдагдсан байж магадгүй. Мөн бид С.Зориг агсны талаар баримтат кино хийх гээд материалууд цуглуулж  байсан. Тухайн үеийн сонинд гарч байсан хайчилбарууд гээд  нэлээд баримтууд байсан юм. Тэр болгоныг бид скайнердаад харданд хадгалсан байсан. Тэр байхгүй болсон. 

-Танай серверийг ямар компани хамгаалдаг байсан юм бэ? Тухайн компанид гомдолтой байна уу? 
-Энэ хулгайн хэрэгтэй холбоотойгоор бүх асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа. Дахин хэлэхэд манай сервер тийм ч амар нэвтрэх боломжгүй. 

-Хардаж байгаа хүн бий юу? 
-Мэдээж хэрэг байгаа. Гэхдээ тэр болгоныг энд хэлээд байх хэрэггүй биз. Ямартай ч маш нарийн зохион байгуулалттай бүлэглэлийн хийсэн ажил. Одоо бүх зүйл тодорхой болоогүй шалгаж байгаа энэ үед тэр энэ гэж хэлэхийг хүсэхгүй байна. Мэдээж хэрэг хардаж байгаа зөндөө л хүн байна. 

-Н.Энхбаярын бичлэг цацагдсан нь яалт ч байхгүй улс төрийн  зорилготойг харуулж байна л даа. Түүний зүгээс танайд гомдол ирүүлсэн үү?
-Намбарын Энхбаярын талаар нэвтрүүлэг хийх нь яалт ч байхгүй зөв шүү дээ. Энэ хүний талаар нэвтрүүлгийг хийж эхлэхэд л маш олон дарамт шахалт манай хоёр хөтлөгчид болон надад ч ирж байсан. Хэд хэдэн улстөрчид над руу залгаж дарамталж байсан. Манай нэг хөтлөгч намын гишүүнчлэлтэй учир яг намын удирдлагууд нь биш юмаа гэхэд бусад гишүүд нь дарамт шахалт үзүүлэх зүйл байсан. Бид Н.Энхбаярыг мандаж явах үед нь  тал засаж нэвтрүүлэг хийгээгүй. Энэ хүнд тал зассан өнгө аястай ярилцсан гэж хүмүүс буруутгаж байна. Үнэхээр энэ хүний хүнд хэцүү цаг үед бид уулзаж, ярилцсан учир тиймэрхүү өнгө аястай ярилцсан. Одоогоор бидэнд ямар нэгэн байдлаар гомдол ирүүлээгүй байна. 

-Танай нэвтрүүлгийг Х.Баттулга гишүүнтэй холбоотой гэж хардаад байдаг. Энэ үнэхээр үнэн юм уу? Х.Баттулга гишүүнтэй ямар холбоотой юм бэ?
-Х.Баттулга гишүүн бид хоёрын хувьд хоёулаа зураач мэргэжилтэй уран бүтээлийн хамтрагчид, мөн ах дүүсийн  холбоотой. Өөрөөр холбоогүй. 

-Танай нэвтрүүлгийн сул дүрс  хадгалагдаж байгаа гэдгийг хэр олон хүн мэддэг байсан юм бэ? Тухайлбал Н.Энхбаярын гэргий Цолмонгийн тухайд олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа ийм дүрс байсан гэдгийг мэдэж байсан уу? 
-Бид нэг удаагийн нэвтрүүлэг хийх гэж 20-30 цагийн бичлэг хийж байж тухайн хүний дотоод сэтгэлийг хөндөж гаргаж ирдэг. Уран сайхны тавилтат нэвтрүүлэг учир маш их сул дүрс авдаг л даа. Би нууцаар хүний бичлэгийг хийсэн ч зүйл байхгүй. Тухайн үед бичлэг хийгдэж байсан эсэхийг хэн ч мэдэхгүй. 

-Бараг жилийн өмнөх нэвтрүүлгийн дүрс алдагдсан байна л даа. Энэ хугацаанд сул дүрсийг засаж, янзалж амжаагүй гэж үү?
-Дээр хэлсэн нэг нэвтрүүлэгт маш олон сул дүрс авдаг учир маш их цаг хугацаа орно. Бид эхнээс нь дүрснүүдээ цэгцлээд явж байсан ч харамсалтай нь ийм хэрэг гарлаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine