Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс, эх оронд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна. 

Ерөнхийлөгч  Төрийн одон медалийг цэгцэлнэ гэв
 
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.  Энэ хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд танилцуулж, асуултад хариуллаа.  Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцуулав. Хуулийн төсөл нь 7 бүлэг 40 зүйлтэй. Түүнд Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах, төрийн дээд шагналын нэр төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын үндсэн хууль, үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлжээ. Ингэхдээ зарим шагналыг байхгүй болгосон аж. Тухайлбал, Ардын жүжигчин, гавьяат, Сүхбаатарын одон зэрэг шагналыг байхгүй болгожээ. Гэхдээ шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилго дор шалгуурыг өндөрсгөсний зэрэгцээ зарим гавьяа шагналыг таван жилд нэг удаа, нэгээс ихгүй хүнд олгох зэргээр тогтоож өгчээ.
 
Түүний зэрэгцээ гавьяа шагналыг хэн, хэн гардуулах вэ гэдгийг ч хуульчилж өгсөн аж. Тухайлбал, Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна. Мөн Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс дараах эрх бүхий этгээд гардуулж болно.  Үүнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга гардуулахаар тус тус зааж өгсөн байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НӨАТ-ын хуулийг өөрийн биеэр сурталчлав
 

Монгол улсын  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр худалдааны төвөд зочилж, талх,сүү , өндөг худалдан авав. Тэрбээр энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийг сурталчлахын тулд ийн явсан юм. Тэгвэл НӨАТ гэдэг нь нэмүү өртөг шингэсэн аливаа бараа үйлчилгээн дээр  арван хувийн татвар нэмж авна. Энэ татварын 20 хувийг иргэдэд буцааж олгоно. Иргэд энэ хувиа авахын тулд бараа үйлчилгээнийхээ төлбөрийг баталгаажуулах учиртай. Ерөнхий сайд энэ үеэрээ “Иргэн бүр худалдан авалтынхаа баримтыг үйлчилгээний байгууллагаас шаардан авах хэрэгтэй. Худалдан авалтын баримтыг авснаар татварын хөнгөлөлт эдлэхээс гадна татварын 1800 байцаагч бус Монгол Улсын гурван сая иргэн бүгд татварын хяналт тавих боломжтой болж байна. Иргэдийнхээ оролцоотой эдийн засгийг ил тод болгож буйгаараа давуу талтай. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарч далд бүртгэлгүй байсан эд хөрөнгө бүртгэлтэй болж байна. Үүний араас Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа нь бүртгэлгүй байсан зүйлүүд ил тод болж байна. Иргэд үйлчлүүлж байгаа газраасаа татварын баримт авъя. Би худалдан авалтынхаа хоёр хувийг авч, сугалаанд оролцоно гэж нэхэж авах хэрэгтэй” хэмээлээ.Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэд НӨАТ төлдөг байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болж байна гэсэн үг юм.
 
Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгохоор болов

 
 
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Улмаар өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн юм. Журам энэ сараас хэрэгжиж эхэлсэн. 

Олон нийтийн зүгээс ч энэхүү асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдүүдийг ялгаварлахгүйгээр хүүхдийн мөнгө олгохоор болсон талаар мэдээлэв. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан  “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм”  хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн юм.

Хагас жил цалингаа авч чадаагүй “Алтайн Хүдэр” ХХК-ийн ажилчид жагслаа
 
 
“Алтайн Хүдэр” ХХК-ийн ажилчид  баасан гарагт компанийнхаа төв байрны үүдэнд  жагслаа. Уг жагсаалд сүүлийн зургаан сарынхаа цалинг авч чадаагүй 80 гаруй ажилчид оролцсон юм.Тодруулбал “Алтайн хүдэр” ХХК нь 2015 оны зургаадугаар сараас хойш ажилчдадаа цалин өгөөгүй бөгөөд 2013, 2014 оны ээлжийн амралтын мөнгийг нь ч олгоогүй байна. Тус компанид нийт 1200 гаруй ажилтан ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 800 орчим ажилтан ийнхүү олон сарын цалингаа авч чадалгүй хохирч үлдээд байгаа аж. Эдгээр 800 ажилтан нь бүгд уурхайд буюу хамгийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс юм байна. Харин цалин авсан хүмүүсийн тухайд  тээвэрлэлтийн  жолооч нар болон оффисийн ажилчид  аж. 

Жагсаалд оролцсон ажилчдын хэлж буйгаар  цалин аваагүй хүмүүсийн дундаж нь 3-4 сая төгрөг хамгийн дээд тал нь 10 гаруй сая төгрөгийн цалин авах хүмүүс байгаа юм байна. Тэд оны өмнө мөн цуглаж компанийн удирдлагууддаа шаардлага хүргүүлэхэд  он гарахаас өмнө шийдвэрлэж өгнө гэсэн боловч одоо хэр нь шийдэж өгөөгүй байна. “Алтайн хүдэр” компанийнхан ажилчдынхаа цалинг өгөхгүй байгаагаа эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж хөрөнгө мөнгөгүй, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өртөг дэлхийн зах зээл дээр унаж байгаагаас үүдэлтэй гэх тайлбарыг өгдөг байна. Тус компани  сүүлийн  хоёр жил байнгын алдагдалтай ажиллаж байгаа хэмээн мэдэгджээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.