Энхийн цагт цэргүүд нь оргоод л ...
Сэлэнгэ аймгийн хилийн манаанд гарч байсан хоёр ахлах байлдагч байрлалаа орхисон хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагийн 11:50 цагт “Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагчид манаанаас бууж ирээгүй.
Тэд тус бүртээ 25 ширхэг сумтай “АКМ” байлдааны галт зэвсэгтэй яваа” гэсэн мэдээлэл тус ангиас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт иржээ.
Мэдээлийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч, аймгийнхаа Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Хушаат болон Булган аймгийн Сайхан сум Атрын сангийн аж ахуйн чиглэлд эрэн сурважлах ажлыг зохион байгуулж, самналт хийсэн аж.

Ингээд эрлийн явцад Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Гэгээлэг” гэх газар сэжигтэй этгээдүүдийн явж байгааг мэдэж, цагдаагийн алба хаагчид зогсоох гэсэн боловч зугтжээ.

Тус газраас 25 км орчим явсны эцэст Шаамар сумын нутаг дэвсгэр “Бүрэн толгой” гэх газар тээврийн хэрэгслийг албадан зогсоож сэжигтэй этгээдүүдийг баривчлах ажиллагааг зохион байгуулжээ. Уг этгээдүүд нь оргож явах замдаа галт зэвсэг хэрэглэн Б, З нарыг айлган сүрдүүлж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэн зугтсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа юм.

Тэгвэл дээрх оргосон хоёр цэргийг хуулийнхан хэрхэн яаж баривчилсан талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү хэвлэлийнхэнд өгсөн юм.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн байгууллага, хилийн тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллаж, тус бүр 25 ширхэг сумтай АКМ байлдааны галт зэвсэгтэй оргосон хоёр байлдагчийг баривчилжээ. Өөрөөр хэлбэл, Шаамар сумын нутаг дэвсгэр “Бүүрэг толгой” гэх газарт өчигдөр 21.30 цагийн үед зугтаж явахдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэнээс дээрэмдсэн “Лого” маркийн автомашиныг дугуйг албадан хагалж, цагдаагийн машин, нутгийн иргэний “Портер” машинаар хашиж, зогсоосон аж. Оргосон цэргүүд цэнэглэсэн байлдааны буутай явж байсан учир ийнхүү хот суурин газраас холдуулж, хүнгүй тал газар хөөж, хашин баривчилж, галт зэвсгийг аюулгүй болгож хураан авсан байна. Гэхдээ байлдагчид галт зэвсэгтэй тул бууг аюулгүй болгохын тулд цаг гаруйн хугацаанд цагдаагийнхан оргосон цэргүүдтэй тохиролцож, ярилцсан байна. Ярилцах явцад цэргүүд цагдаа нараас тээврийн хэрэгсэл шаардсан гэж тайлбарлалаа. Хилийн манаанд гарах байсан хоёр байлдагч оргосон гэдгийг мэдмэгцээ хуулийнхны хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн сум суурин газар бүрт хяналтын цэг гаргаж ажиллажээ. Хяналтын нэг постод тэднийг зогсоох гэсэн боловч зугтсан байна. Гэхдээ удалгүй ийнхүү баригджээ.

Оргосон байлдагчийн нэг нь цочролд орж, бие нь муудсан тул цагдаагийн хамгаалалт дор эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэж эхэлжээ. Үлдсэн цэргийг саатуулан, байцаалт авч эхэлжээ. Тодруулбал тус хэрэгт Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйл буюу Цэргийн албанаас оргон зайлсан гэж буруутган эрүү үүсгэж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт, мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлсэн байна. Хэдийгээр яг ямар шалтгааны улмаас цэргийн албанаасаа оргосон бэ гэдэг нь одоо тодорхой болоогүй ч, зугтсан байлдагчид гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар саатуулагдах эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар хоригдох ял үүрнэ. Цэргүүд байцаалтын явцад алба хаах хугацаанд ангийн удирдлагуудаас ямар нэгэн дарамт ирээгүй гэдгээ онцолсон байна. Оргосон цэргүүд өнгөрсөн оны цэрэг татлагын нэгдүгээр ээлжээр Булган аймгийн Тэшиг сум, Булган аймгийн Сэлэнгэ сумаас татагдан ирж, Сэлэнгэ аймгийн хугацаат цэргийн ангид алба хааж байсан гэлээ.

Цэрэг оргосныг ХХЕГ-аас хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна

Харин Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн ажилтан дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Булган аймгийн Тэшиг сум, Булган аймгийн Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр татагдан Сэлэнгэ аймагт алба хааж байсан ахлах байлдагч Г, Б нар энэ сарын 06-ны өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаад байрлалаа орхин оргосон зөрчил гарлаа. Эл хоёр байлдагч энэ сарын 05-ны өдрийн 23:00 цагаас, 06-ны өдрийн 07:00 цаг хүртэл хилийн манаанд томилогдон үүрэг гүйцэтгэсэн боловч тогтсон хугацаандаа харуулын байрлалдаа ирээгүй бөгөөд байрлалаа орхин оргосон нь тогтоогдсон. Тухайн цэргийн алба хаагчид нь байлдагч хилийн манааны табелаар олгогдсон зэвсэг, морин уналга, холбооны хэрэглэлтэй явсан бөгөөд оргох замдааСэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж төрдөг хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байна. Хил хамгаалах байгууллага, хилийн тагнуулын алба, цагдаагийн байгууллага цаг алдалгүй нягт хамтран ажилласаны үр дүнд уг хугацаат цэргийн албан хаагчдыг Сэлэнгэ аймгийн Орхоны гүүрэн дээр саатуулсан. Тухайн хугацаат цэргийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Ямар шалтгааны улмаас хилийн манаагаа орхин оргох болсоныг тогтоохоор ХХЕГ-аас иж бүрэн тусгай бүлэг томилогдон хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэлээ. Юутай ч оргосон хоёр цэргийг аль ангийн хэн байсан бэ гэдгийг асуухад Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд цэргийн нууц хэмээн хэлэхээс цаараглаж байсан юм.

Эцэст нь хэлэхэд цэргүүд чухам ямар учраас зугтсан, яагаад зэвсэг машин хулгайлах болов, тэрхүү нөхцлийг хэн бүрдүүлэв гээд хэрэгт шаардлагатай мөрдөн байцаалтыг нарийвчлан тогтоох шалгалтыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.
Өглөөний сонин
Р.Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unshigch 2016-01-08 13:19:20
    Araichdee manai eh orniigmaani hamgaalj baigaa tsergvvd maani orgoj baina gej vv? araichdee
    103.10.22.47
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-08 04:42:40
    ARCHAAGUY ZALUUS , ! JILIIN ALBA KHAACHIKHAJI CHADAKHGUY>
    103.26.193.66
    Мэдэгдсэн Хариулах