Буянт-Ухаа хороолол тухайн байршлын үнийг тогтоож байгаа гэж ойлгож болно
Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхантай ярилцлаа.
 
-Хот төлөвлөлтийн туршлагыг яагаад Сингапураас судлах болов гэдэг асуултаар яриагаа эхэлье?
 
-Сингапур загасны оромжийг богино хугацаанд дэлхийн шилдэг хотуудын нэг болгосон. Мөн амжилтад нөлөөлөхүйц зөөлөн дэд бүтцийг бий болгосон. Зөөлөн дэд бүтэц гэхээр эрх зүйн орчинг хэлээд байгаа юм. Эхлээд сайн засаглалыг бий болгосны дараа хатуу дэд бүтэц буюу барилга, инженерийн шугам сүлжээ гэх мэтийг хийх нь зүйтэй. Миний харж байгаагаар манай улс энэ хоёрыг зэрэг эхэлсэн юм шиг байгаа юм. Тиймээс Сингапурын туршлагыг монголын хөрсөнд буулгах үүднээс төлөөлөгчдийг урьж авчирсан юм.
 
-Тэгвэл манай улс эрхзүйн орчинг сайжруулах хэрэгтэй байх нь ээ?
 
-Шинэчлэлийн Засгийн газар зөөлөн дэд бүтцийн асуудлыг хурдтайгаар шинэчилж байна гэж ойлгож байгаа. Холбогдох хуульд маш хурдтай өөрчлөлт оруулж байна шүү дээ. Үүний хажуугаар иргэдэд хүрч байгаа үйлчилгээ хүнд сурталгүй байх ёстой юм. Энэ ч үүднээс төрийн хүнд суртал буюу бичиг цаасны ажлыг хөнгөвчилж байгаа нь таатай байна. Харин хатуу дэд бүтэц бол хөрөнгө оруулалтын л асуудал шүү дээ. Энэ тухайд ч манайхан бонд босгох гэх мэт олон чиглэлээр хөрөнгө шийдэж байгаа. Том бүтээн байгуулалт учраас өнөөдөр үр дүн нь харагдахгүй байгаа хэдий ч цаашдаа үр дүн нь гарч эхэлнэ. Хамгийн ойрын жишээ л гэхэд Буянт-Ухаа хороолол байна. Хямд үнэ, түүндээ таарсан чанартай орон сууцыг барьж байна.
 
-Сингапурын төлөөлөгчид Улаанбаатарын хот төлөвлөлтийн талаархи дүгнэлтээ хэлж байна уу?
 
-Ихэнх мэргэжлийн хүмүүс нь Монголд анх удаагаа ирж байгаа юм. Тиймээс дүгнэлтээ бидэнд хараахан танилцуулаагүй байна. Семинар болсон болон Сингапурын төлөөлөгчид буусан газрын хороондох тээврийн хэрэгслийн зорчиж байгаа газраас л анхны дүгнэлтээ хийсэн байх гэж бодож байна. Ер нь ойлгомжтой шүү дээ түгжрэл маш ихтэй. Энэ нь хот төлөвлөлттэй холбоотой. Сингапурчууд түгжрэлийн асуудлыг зураг төслийн хэмжээнд шийдэхээс гадна, хувийн машиныг хотод унах асуудлыг санхүүгийн хэлбэрээр шийдсэн байдаг. Тодруулбал, автомашин унах зөвшөөрөл авахын тулд 5-30 мянган ам.доллар төлдөг байх жишээтэй. Татвар гэх мэт нь тусдаа байдаг.
 
-Манайд ирсэн барилгын мэргэжилтнүүд барилга барихдаа тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг шийдэхгүй байна гэдэг шүү дээ?
 
-Улаанбаатар хот гудамжгүй хотуудын тоонд орчихсон. Өөрөөр хэлбэл, барилга дундуур зорчих болон гудамжийн харьцаа нь алдагдсан гэсэн үг. Тэгэхээр гудамжгүй гэдэг шууд утгаар ойлгож болохгүй. Уг нь бол барилга барихад блокоор нь хуваасан салбар зам, гудамж байх ёстой юм. Тэр нь манайд байдаггүй. 1990 оноос хойш шинээр бий болсон гудамж гэж бараг байхгүй. Хуучин замаа л засч, сайжруулж байсан. Мөн хороолол доторх зам, дөрвөн замын уулвар гэж байхгүй. Харин өнгөрсөн оноос эхлэн “Гудамж” төслийхөн уулзваруудыг шинээр хийж байгаа. Энэ бол үнэхээр сайшаалтай ажил юм.
 
-Бусад хотуудтай Улаанбаатар хотын төлөвлөлтийг жишиж харвал хөгжил нь ямар төвшинд байгаа бол?
 
-Ихэнх орнууд ерөнхий төлөвлөгөөгөө хуульчилсан байдаг. Тэгэхээр хэн ч зөрчих боломжгүй болж байгаа юм. Гэтэл манайд хэн дуртай нь янз бүрийн хэлбэрийн барилга барьж байгаа нь асуудал болоод байна. Бүр явган хүний зам дээр барилга барьдаг. Үүнийг хариуцсан байгууллага нь газар олгох асуудлаасаа эхлээд л засч явах ёстой. Газрыг яг архетиктур төлөвлөлтийн дагуу л олгох ёстой юм. 90 га газар олгосон хэрнээ нэг ч сургууль, цэцэрлэгийн газар олгоогүй тохиолдол гарсан шүү дээ. Цаашлаад нөгөө олгосон газраасаа сургуулийн газрыг төр нь буцаан гуйж, худалдаж авах болдог. Ингэхлээр л хот төлөвлөлтийн бодлого алдагдсан байна гэсэн үг.
 
-Энэ асуудлыг цэгцлэх зорилгоор барилгын үйл ажиллагаа болон газрын харилцааг зохицуулах журам баталсан байгаа?
 
-Ер нь төр нь төр шиг байвал янз бүрийн журам гаргах шаардлагагүй юм. Төр төмөр нүүртэй гэдэг шүү дээ. Шаардах юмаа шаардаад, зогсоох аҗлыг зогсоож зөв үйлчилгээг үзүүлэх л асуудал юм. Тэгэхгүй бол замбараагүй барилгажсан асуудал
эргээд хөрөнгө, стресс гэх мэт олон асуудал дагуулдаг. Мөн байрнуудын I давхрын өргөтгөлүүд байна. Дэлхийд ч ийм асуудал байхгүй. Удахгүй хуучин барилгыг дахин төлөвлөх гэхээр төр тэр улсуудад мөнгө төлөх болчихоод байгаа юм. Анх хувьчлагдсан талбайн хэмжээгээр л нөхөн олговор юм уу, дүйцүүлсэн талбай өгөх ёстой. Тиймээс энэ асуудалд төр төр шиг л байх ёстой.
 
-Барилгын салбарын асуудлаар ярилцъя. Компаниудын оруулж ирсэн техникийн дэвшил ямар төвшинд байгаа талаархи байрь суурийг тань сонирхмоор байна?
 
-Техникийн хувьд түргэн хөгжиж байгаа нь үнэн. Гэхдээ аливаа техникийн цаана боловсон хүчний асуудал байдаг. Гэтэл энэ тал дээр дутуу анхаараад байгаа юм болов уу гэж боддог. Ер нь хэдий сайн техник байлаа гээд түүнийгээ ашиглаж чадахгүй бол үр дүнгүй шүү дээ.
 
-Жилд барилгын салбарын 5000 гаруй мэргэжилтэн төгсдөг тухай судалгаа бий?
 
-Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг ийм тооны хүмүүс төгсч байгаа байх. Гэхдээ үүний хэд нь барилгын салбарт ажиллаж байна вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм. Зарим нь өөр хөнгөн ажил хийхийг хүсдэг. Мөн барилгын компаниуд үйлдвэрлэл-сургалт гэсэн хосолмол хэлбэр рүү орж, сургангаа дадлагажуулж боловсон хүчнээ бодлогоор бэлддэггүй. Түүнчлэн барилгын салбар жилийн дөрвөн улирлын турш ажилтай байдаггүй гэх мэт шалтгаан нөлөөлж байгаа. Харин энэ асуудал дээр Засгийн газрын зүгээс угсармал барилгын үйлдвэрлэлийг сэргээхээр ажиллаж байгаа нь зүйтэй юм. Үүнээс гадна барилгын компаниуд бүх төрлийн ажлыг хийх гэж оролддог. Энэ нь учир дутагдалтай. Яагаад гэвэл компаниуд чиглэл, чиглэлээр мэргэшиж үйл ажиллагаагаа явуулах ёстой юм. Гэтэл барилгаа барина, цахилгаанаа холбоно гэх мэтээр өөрсдөдөө ачаалал үүсгэдэг.
-Барилгын чанарын асуудал анхаарал татсан сэдэв байдаг шүү дээ. Энэ талаар?
-Чанарын асуудал зайлшгүй байх асуудал. Хөөсөрсөн үнэтэй барилгууд үнэдээ таарсан чанартай байх ёстой. Энэ нь бид өргөн хэрэглээний бараа авахдаа үнэд нь таарсан чанартай бараа авахыг боддогтой л адил. Гэхдээ тухайн өрх жил бүр орон сууц судалж авдаггүй, харин сайжруулдаг. Гэвч их хэмжээний хөрөнгөөр, түүндээ тохироогүй бүтээгдэхүүн авах нь харамсалтай. Тиймээс аль аль талдаа л хариуцлагатай байх ёстой. Иргэд өмчлөөд авчихсан гээд төр энэ асуудлыг орхилгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.
 
-Буянт-Ухаа хороолол хямд үнэтэй, түүндээ таарсан чанартай барилга барьж болдог гэдгийг харууллаа шүү дээ. Гэтэл зарим газарт м.кв-ын үнэ харьцангуй өндөр байна. Үүнд газрын байрлал хамаарах байх л даа?
 
-Үл хөдлөх хөрөнгийн үнэд байршил бас дахин байршил гэдэг зарчим байдаг л даа. Тиймээс хотын төвийн байшин өөр үнэтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үнэдээ таарсан чанартай байх ёстой. Барууны хөгжсөн орнуудын төрийн байгууллага аливаа байршилд оффисын барилга барьж түрээслүүлээд, тухайн байршилд оффис түрээслэх үнийг тогтоож өгдөг. Тэгэхгүй бол хувийн байгууллага хэт өндөр үнэ хэлдэг. Тиймээс Буянт-Ухааг тухайн байршлын үнийг тодорхойлж байна гэж хараад байгаа юм. Мөн энэ асуудлыг татварын зохицуулалтаар зохицуулж болно.
 
-Барилгын салбарт Евро стандартыг нэвтрүүлнэ гээд байгаа. Гэтэл иргэд үнийн хөөрөгдөл үүсэх вий гэсэн айдастай байгаа тухайгаа хэлж байсан?
 
-Германы консул хатагтай А.Меркелээс нэг сурвалжлагч “Эдийн засгийн хямралын үед танайх яаж тогтвортой байдлаа хадгалж чадаж байна вэ” гэж асуухад “Та нар МСҮТ-ээ манайх шиг болгочих” гэж хариулсан байдаг юм. Энэ нь аливаа хөрөнгө оруулалтын цаана чанар, үр дүн байх ёстой гэсэн үг. Тодруулбал,
стандартын дагуу материалаа сонго, стандартын дагуу бүтээ гэж ойлгож болно. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийг өндөр төвшинд бэлтгээд, сайн материалаар стандартын дагуу барихад үр дүнгээ өгөх юм. Евро стандартаар барилга барихад тухайн барилгын насжилт, урсгал зардал багасна. Энгийн жишээ дурдая л даа. Бид тодорхой автозам дээр жилд хэдэн удаа нөхөөс хийдэг билээ. Энэ нь шаардлагад нийцсэн зам барихаас илүү зардал гаргадаг. Дээрээс нь иргэдийг эд хөрөнгө, стрессээр хохироодог. Тухайн нүхийг тойрч гарахын тулд аваар гаргаж, хүний амь эрсдэж байна. Чанартай материал, өндөр цалинтай чадварлаг ажилтнаар барилгыг бариулж урсгал зардал багатайгаар ашиглаж байна гэдэг евро стандартын онцлог. Шилжихэд өртөг нь өсөх байх. Гэхдээ айхтар биш.
 
-Шилжих ажлын бэлтгэл ямар хэмжээнд байна?
 
-Шууд шилжих боломжгүй, Тиймээс үе шаттайгаар шилжинэ.
Эхлээд энэ стандартаас зайлшгүй шаардлагатайг нь орчуулж, монголын үндэсний стандарт MNS болгох ажлаа эхлүүлж байна. Хойд хөрш болох ОХУ энэ стандарт руу шилжиж эхэлсэн учраас энэ стандартыг нутагшуулах боломжтой. Гэхдээ үүнд таарсан мэргэжлийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Гэвч тодорхой хугацаа шаардах байх л даа.
 
-Канад технологийг бас нэвтрүүлж байгаа?
 
-Манай улс Канад улстай цаг уурын хувьд ижил учраас модон барилгынх нь стандартыг үндэсний стандарт болгон явж байгаа. Түүнээс биш бүх стандартыг нь нутагшуулна гэсэн үг биш. Төвөгтэй асуудлууд бий. Тухайлбал, тоон хэмжээсийг хэмжих нэгж гэх мэт нь өөр байдаг.
 
-Барилгын хөгжлийн төвөөр сонин юутай байна вэ?
 
-Засгийн газрын тогтоолын дагуу барилга захиалагчийн албадуудыг нэгтгэн манай дээр байруулсан. Үүнтэй холбоотой хөдөө орон нутгаар явж бүх барилга, байгууламжийг шалгаж байгаа.
 
-Чанарын талаар?
 
-Онцлогоос хамаарад асуудлууд байдаг. Алслагдмал учраас боловсон хүчний хомсдол байна. Мөн тендерт шалгараад гүйцэтгэж байгаа компаниудын чадварын асуудал ч бий. Хамгийн хямд үнэ санал болгосон компаниуд шалгарч, чадамжийг нь дутуу судалснаас ажил орхигдсон гэх мэт олон асуудал байдаг.
 
Нийслэ таймс
Г.Баярцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • UNEN 2014-06-20 08:28:22
    Засгийн Газрын хамгийн түрүүнд хийх ажил бол байрны үнийн хөөсийг арилгах хэрэгтэй. Үнийн хөөсрөлийг буулгах маш олон аргыг хэрэгжүүлэх боломжтой. Нэгдүгээрт хотын төвийн хуучин барилгуудыг буулгаж оронд нь 9-16 давхар чанартай хямд барилга барих. Үүнийг