Хүүхэд насны "хулгайч"
“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...” хэмээн томчууд бид дуулдаг. Хүүхэд нас минь хэчнээн гэрэл, гэгээтэй, гоё сайхан байсан тухайгаа ам уралдан ярьцгаадаг. Гэтэл бид өөрсдөө хүүхдүүдийнхээ хүүхэд наснаас нь хумсалж байгаагаа ухаарахгүй яваа нь харамсалтай. Учир нь томчууд бид хүүхдүүдийг гэмт хэрэг, харанхуй ертөнц рүү түлхэж, тэдний нуруунд амьдралын хүнд ачааг үүрүүлж, болж бүтэхгүй байгаа бүхнээ тэдэн рүү чихэж, хүүхэд насыг нь хязгаарлан, хайрцаглаж байна. Үүний нэгээхэн жишээ нь хүүхдүүд гэмт хэрэгг холбогдох ихэссэн явдал. Хүүхдүүд ихэвчлэн хулгай, дээрмийн хэрэгт холбогддог. Харин сүүлийн үед хүн амь, хар тамхи, хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдож байна. Мэдээж шалтгаан нь харилцан адилгүй. Зах дээр тэрэг түрж, үеийн жаалуудтай хөгжилдөж суух насандаа амьдралын бэрхэд нухлуулж, ажилгүй эх, архичин эцэг, алгын  чинээ дүү нараа хоолтой хонуулахын тулд тэд хүсээгүй бүхнээ хийж байгаа нь нууц биш.
 
Хүнд хөдөлмөр эрхэлж, бусдад уруу татагдаж, хулгай, дээрэм хийж байна. Одоо бүр гудамжинд зөрж өнгөрсөн нэгний аминд хүрдэг болж. Өнгөц харахад буруу хүмүүжилтэй нэгний хийсэн үйлдэл мэт боловч хэн тэднийг өсгөж, хүмүүжүүлэх үүргийг хүлээсэн юм, томчууд бид шүү дээ. Шалтгааныг нь өөрсдөөсөө түлхэж, холдуулах хэрэггүй. Та бидний буруутай үйлдэл, амиа хичээсэн үзэл, хариуцлагагүй алхмаас болж хүүхдүүд хохирох учиргүй. Хамгийн сүүлийн жишээ дурьдахад, ЕБС-ийн арваннэгдүгээр ангийн хүүхэд хүний амь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, сэжигтэн Т нь 1996 онд төрсөн, ЕБС-ийн 11 дүгээр ангид суралцдаг аж. Тухайн үед дөрвөн найзтайгаа гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо маргалдаж байсан байна. Гэтэл тэдний хажуугаар өнгөрч явсан хохирогч Б-г сэжигтэн Т хоолойг нь боож улмаар халаасанд нь байсан гар утас, түрийвч зэргийг нь дээрэмдэж, амийг нь хөнөөжээ. ЕБС-ийн сурагч яагаад гэмт хэрэг үйлдэх болов. Гэр бүл, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчид нь юу хийж байв. Гэмт хэрэгтнүүдийн нас улам бүр залуужиж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Нарийн тоо баримт дурьдаж, албан мэдээлэл бичихээс энэ удаад түр татгалзая.
 
Асуудлын гол нь насанд хүрээгүй иргэд гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгаа явдал юм. Мэдээж цагдаагаас эхлээд хууль хяналтын байгууллагын зүгээс энэ талаар удаа дараа судалгаа явуулж, хүүхдийг гэмт хэрэгт холбогдох, золиос болохоос урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч ажилласаар иржээ. Харин миний ширээн дээрх судалгаанаас харахад, хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нь томчууд бидний ярьдаг шиг архи, согтууруулах ундаатай төдийлөн холбоогүй гэдэг нь ажиглагдаж байна. Тухайлбал, судалгаанд оролцсон хүүхдүүдийн 60 хувь нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи болон согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэж хариулжээ. Дээр дурьдсан арваннэгдүгээр ангийн сурагчийн тохиолдолд тэд гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан байсан. Гэхдээ энэ бол цөөн хувьд эзлэх асуудал. Харин судалгааны үр дүнгээс харахад, арай өөр дүр зураг харагдаж байгаа юм.
 
 Нийт гэмт хэрэг үйлдэгсдийн 62 хувь нь PC тоглоомонд донтогсод байжээ. Гэхдээ тэд тоглоом болон кино бусад зүйлээс гэмт хэргийн сэдэл аваагүй гэсэн байна. Мэдээж тоглоом гэмт хэрэг үйлдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Харин хүүхдүүдийг гэмт хэрэг үйлдэхэд чухам юу нөлөөлөөд байна, хэн тэднийг харанхуй руу түлхээд байна вэ хэмээн судалсан Хууль зүйн хүрээлэнгийн судалгааг харж байхад томчууд бид л тэднээс хүүхэд насыг нь хулгайлж байгаа нь ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, бага насны хүүхдүүд хулгайн хэрэгт холбогдох нь элбэг. Тэдний гэр бүл болон сэтгэлзүйн байдлыг нь судлаад үзэхээр ихэвчлэн өрх толгойлсон эцэг, эхтэй байх буюу санхүүгийн хувьд чадамжгүй айлын хүүхдүүд байх нь элбэг аж. Улмаар эцэг, эхчүүд нь хүүхдээ буруу замаар явж байгааг нь мэддэг ч мэдээгүй юм шиг царайлдаг, зарим нь өөрсдийнхөө буруу үйлдлээр тэдэнд үлгэрлэж байгаа нь судалгааны явцад тогтоогджээ.
 
Амьдралын боломжтой айлын хүүхдүүд ихэвчлэн хар тамхи, хүчингийн гэмт хэрэгт холбогдож байгаа бол дунджаас доогуур орлоготой айлын хүүхдүүд хулгайн хэрэгт нэр холбогдох нь түгээмэл байдаг гэнэ. Үүнээс гадна хүүхдүүдийн хувьд бусдад уруу татагдах замаар өөрсдөө гэмт хэргийн золиос ч болох нь нэмэгджээ. Нөгөөтэйгүүр гэр бүлийн өрөөсгөл байдал хүүхдүүдийг алдахад хамгийн их нөлөөлж байгааг ч судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Өнөөдөр таны хэрэггүй гээд орхиод явсан хүү чинь, гудамжинд төөрүүлсэн охин чинь ирээдүйд хэн болж өсч, өндийхийг таашгүй. Үүнээс гадна эцэг, эхчүүд хүүхдүүдээ багаас нь хэт шахаж, шаардаж, ирээдүйг нь зааж, хичэал, сургалтаар дарж байгаа нь ч тэднийг стресс, сэтгэл гутралд оруулж, эргээд гэмт хэрэг үйлдэх үндэслэл болдог ажээ. Хүүхэд насандаа тоглох завгүй өнгөрсөн гэх яриаг бишгүй л сонссон биз. Хүүхэд юм чинь хүүхэд шиг л өсөг. Дунд сургуулийн сурагч хэрнээ УИХ-ын дарга шиг бодож, сэтгэх шаардлагагүй. Алгын чинээ дүү нараа хоолтой хонуулах үүргийг 13-тай хүү биш эцэг, эх нь хүлээсэн байлтай. Буруу зам руу хөл алдан гишгэхэд нь болохгүй шүү хэмээн сэрэмжлүүлэн, сэхээрүүлэх үүргийг томчууд бид хүлээсэн шүү дээ. Хүүхдийн хүмүүжилд, сэтгэл зүйд гэр бүлийн зан харилцаа, төлөвшил хамгийн чухал байдгийг сэтгэл зүйчид хэлж байна. Тиймээс томчууд бидэнд тэднээс хүүхэд насыг нь хумслах эрх байхгүй. Амьдралын хүнд бэрхэд нухлуулж, эсвэл хэн нэгний хязгаарлагдмал үзэл санаагаар ирээдүйгээ баллуурдах учиргүй.
Монголын мэдээ
Х.Өнөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.