Ипотекийн зээлийг бууруулах нөхцөл бүрдсэн ч хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байна
Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан өнгөрсөн оны судалгаанаас үзэхэд нийслэл хотод 27 мянга гаруй өрхийг орон сууцжуулах шаардлагатай байгаа аж. Одоогоор зах зээлд 32.6 мянган айлын орон сууц бэлэн байгаа бөгөөд ашиглалтад орсон атлаа эзэндээ осоогүй барилгын тоо 13.7 мянгад хүрээд байна. Харин орон сууцны үнэ нийслэлд ам метр нь 2.2 сая төгрөг, хөдөө орон нутагт үүнээс хоёр дахин хямд үнэтэй байгаа нь жилийн өмнөхөөс даруй 3.8 хувиар буурчээ.
 
Үүнээс гадна “Эс Ай Си Эй" байгууллагаас хийсэн судалгаагаар өнгөрсөн онд 42.9 мянган иргэн орон сууцтай болох хүсэлтэй байгаагийн 28.4 мянга нь бодит эрэлт гэж гарчээ. Гэхдээ тэд өнөө жил бодит эрэлт буюу худалдан авах чадвартай иргэдийн тоо огцом буурах хандлагатай байгаа талаар сануулахаа ч мартсангүй. Өөрөөр хэлбэл, судлаачдын үзэж буйгаар энэ онд орон сууцны эрэлт 20 хувийн өсөлттэй байх хэдий ч худалдан авагчдын 90 хувь нь м.кв-ын үнэ 1.5 сая төгрөгөөс доош бол худалдаж авах боломжтой бөгөөд орон сууцтай болохоор сонирхож буй хоёр хүн тутмын нэг нь зээлээр авах хүсэлтэй байгаагаа судалгаа хийсэн нөхдөөс нуугаагүй байна.
 
Харамсалтай нь, төр засгийн удирдлагууд ипотекийн найман хувийн зээлийг оны өмнөхөн зогсоох шийдвэр гаргасан билээ. Үүнээс болж “Сая нэг юм байртай болох нь” гэж бодож байсан олон мянган иргэнийн хүсэл мөрөөдөл төрийн шийдвэртэй хамт зогсож, битүүхэн хүлээлт бий болгосон. Харин шинэ оны босгон дээр УИХ-ын дарга З.Энхболд ТОСК-ийн захиалгаар барьж буй “Буянт- Ухаа 2” хорооллын нээлтэд оролцохдоо “Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг одоогийнхоос ч багасгах боломжтой” хэмээн мэдэгдсэн төдийгүй УИХ-аас зээлийн асуудлыг удахгүй шийдэхээ амласан юм.
 
УИХ-ын даргын хэлсэн дээрх үг байранд орж чадах эсэхдээ эргэлзэж байсан олон хүнд таатай мэдээ байв. Учир нь, ипотекийн зээлтэй холбоотой Цэцийн шийдвэрээс болж банкууд зээлээ зогсоосон нь асар их хор хөнөөлтэй байгаа нь ойлгомжтой. Тиймээс дахиж Цэц хуулийг хэлэлцэхдээ Үндсэн хуульд нийцүүлнэ гэхээсээ иргэдийнхээ аж амьдралтай нь хэрхэн холбох, ямар хор хөнөөл, ашиг тус байгааг эн тэргүүнд харах шаардлагатайг нийгэм маань харуулж байна гэхэд болно.

Харин ипотекийн найман хувийн зээл хэдээр буурах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч УИХ-ын дарга З.Энхболд “Яагаад бид зээлийн хүүг бууруулж чадахгүй 25 жил явав. Учир нь, инфляци гэдэг зүйл үргэлж хоёр оронтой тоонд байсан. Энэ жил анх удаа 3.5, гурван хувь руу орж байна. Тэгэхээр бид Монголбанкны бодлогын хүүг хоёр оронтой биш, нэг оронтой тоонд оруулж болж байна. Мэдээж үүнийгээ дагаад хадгаламжийн хүү буурна. Зээлийн хүү буурахын нөгөө талд үргэлж хадгаламжийн хүүгийн бууралт явна. Хэдийгээр найман хувийн зээл эхлэх үед инфляци 14 хувьтай байсан ч инфляциас доогуур хувьтай зээлийн хүү бодлогоор гаргаж, Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хоёр дахь зах зээлээс моргейжийн бондыг худалдаж авсан. Гэхдээ зориуд бага хүүгээр авсан. Тэрний хүчинд найман хувийн хүүтэй зээл эхэлсэн. Ажлын эхлэл маш сайн байгаа” хэмээн хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурьджээ.
 
Тэгвэл орон сууцны зээл хүсэгчид буюу иргэдэд ямар боломж бүрдэх вэ. Орон сууцны зээл хүсэгчид одоогийнхоос ч өснө гэсэн таамгыг банкныхан тавьж байна. Зээлийн хүү уруудах тутам сард төлөх мөнгөний хэмжээ нь багасна. 70 сая төгрөгийг 20 жилийн хугацаатай найман хувийн хүүтэй зээлэхэд сард 550 орчим мянган төгрөг төлнө. Энэ хүү буурч зургаан хувь боллоо гэж үзвэл сард төлөх мөнгө нь 30-40 мянгаар буурах юм. Тэр хэрээр зээлийн шалгуур, босго нам болно гэсэн үг. Өдгөө ийм хэмжээний мөнгө зээлэх бол 1.5 сая төгрөгийн орлоготой байх шаардлагыг банк тавьж байгаа. Тэгвэл зээлийн хүү буурвал орлогын босго нэг сая төгрөг болж дагаж буурах нь тодорхой. Үүнээс харахад орон сууцны зээлийн хүү буурах бүх боломж бүрджээ. Эдийн засагт, банкны салбарт, барилгынханд,  иргэдэд ипотекийн зээл бага хүүтэй үргэлжлэх нь хамгийн зөв төдийгүй, ашигтай гарц болж байна. Одоо зөвхөн хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна.
 
Өглөөний сонин
Б.Бат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.