Өмчийг эзэнгүйдүүлж, хувьчлалыг шууруулах нь
Он гapcaap ажлын өдрүүд эхэлж, 2016 оны Төсвийн тухай хуульд заасны дагуу зарим байгууллагыг нэгтгэж, нөгөө хэсгийг нь татан буулгах үйл явцыг өрнүүллээ. Тэдгээрийн нэгд Төрийн өмчийн хороог татан буулгах ажил зүй ёсоор орж, ажиллагсад нь алмайрч, хувьчлалд оролцохоор зэхэгсэд алгаа үрчиж эхлэв бололтой.
 
Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар нэгдүгээр сарын 15-ны  дотор Төрийн өмчийн хороог татан буулгах шийдвэрийг гаргаж энэ ажлыг ЗГХЭГ-ын дарга Ц.Баярцоггод даалгасан байна. Мөн тус хорооны дарга Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад амжжээ. Харин эрхэлж байсан чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлж, ТӨХ-ноос 15 ажилтанг сонгон ажиллуулахаар болсон. Төрийн өмчийн хороог татан буулгах тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсгийг Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо, Архивын ерөнхий газрын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар болжээ. Тус ажлын хэсэг Төрийн өмчийн хороог татан буулгаж, төрийн өмчийн хувьчлал, дуудлага худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, бүртгэл, тооллого зэргийг Сангийн яаманд шилжүүлэх гэнэ.
 
Ингээд үндсэндээ Монгол Улсын өмчид хамаарагддаг төрийн томоохон байгууллага, аж ахуйн нэгжийг нэгтгэн зангидаж, үйл ажиллагааг нь хянадаг газрыг үгүй хийж байгаа юм. Энэ асуудлыг хувь байсан бол “Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй” гээд орхичихож болохсанж. Харамсалтай нь энэ төртэй холбоотой учраас хэдэн хүн ажилгүй болох эсэх асуудлаас ч чухал үйл явцууд цаагуураа өрнөхөд бэлэн болж буйг учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ.
 
Татан буугдаж байгаа Төрийн өмчийн хороо уг нь 51 албан хаагчтай, бүх зардал нь жилдээ 800 гаруй сая төгрөг байдаг гэнэ. Гэхдээ энэ байгууллагын улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгөн дүн нь зардлаасаа хэд дахин их юм билээ. Жишээлбэл, 2014 онд нийт 35 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээснээс 52 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байдаг. Өнгөрсөн 2015 онд мөн л 50 гаруй тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулжээ. Мэдээж үүнд чиг үүргийнхээ дагуу компаниудын ногдол ашиг, концесс, түрээс, дуудлага худалдааны орлогууд багтдаг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлж, төрийн өмчит хуулийн этгээдийн илүүдэлтэй, ашиглалтгүй автомашинуудыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл улсын төсөвт 50 гаруй тэрбумыг төвлөрүүлдэг байгууллагаа татан буулгаж байгаа нь цаагуураа Төрийн өмчийг эзэнгүйдүүлэх эхний алхам гэж хардах нөхцөл бүрдээд байгаа юм.
 
Учир нь энэ 2015 оны долоодугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Ингэхдээ Засгийн газар хувьчлалаас 170 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байсан ч нийгмийн салбарын хувьчлал буюу нэгдсэн I, II, III эмнэлэг, их, дээд сургууль, мөн Монголын Хөрөнгийн бирж, "Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ" Төрийн өмчит компани зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгжийг хувьчлах асуудлыг тогтоолын төслөөс хассан байдаг.
 
Харин хувьчлалд эрчим хүч үйлдвэрлэгчид болон томоохон нүүрсний чиглэлийн Төрийн өмчит компаниудын эзэмшилд өөрчлөлт орохоор болсон юм.
 
Тухайлбал “Дулааны цахилгаан станц” 2, 3, 4 ТӨХК, “Дарханы дулаан цахилгаан станц” ТӨХК, "Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, "Шивээ овоо" ХК, “Багануур” ХК, Хөтөлийн Цемент Шохой, Монгол Шуудан, Монголын Цахилгаан Холбоо ХК- ийг тодорхой хэсгийг нь хувьчлахаар болсон.
 
Оргил рашаан сувилал, Кино Урлагийн дээд сургууль, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж ахуйн бирж, Авто Импэкс, Мэдээлэл Холбооны Сүлжээ зэрэг байгууллагыг бусад хэлбэрээр хувьчилна.
 
Тэгэхээр дээрх байгууллагуудын хувьчлалыг зохион байгуулах учиртай Төрийн өмчийн хороо татан буугдчихаар дараагийн асуудлуудыг хэрхэн зохицуулах бол гэдэг нь олны анхаарлыг татах нь гарцаагүй. Мэдээж Сангийн яаманд тус хорооны ажлыг шилжүүлж тодорхой ажлын хэсэг байгуулахаар болсон ч одоогийн байдлаар яам дуудлага худалдаа зохион байгуулдаг субьект бол биш. Тиймээс дээрх байгууллагуудын дуудлага худалдаа хэрхэн явагдах бол гэдгийг хэнбугай нь хянах болж байна вэ.
 
Үнэн хэрэгтээ он гарснаас хойш буюу энэ сарын 15-ныг хүртэл Төрийн өмчийг татан буулгах ажлыг хэрэгжүүлж байх явцад Төрийн өмчит байгууллагуудын өмч хөрөнгөтэй холбоотой асуудал хариуцах эзэнгүй шахам болоод байна. Жишээ нь Төрийн өмчийн хорооны хамаардаг байсан аж ахуйн аль нэг нэгж хэт өндөр үнэтэй машин, техник авах, шаардлагагүй үрэлгэн зардал гаргасан тохиолдолд дараа нь хариуцлагыг нь хэн үүрэх вэ гэдэг асуудал урган гарна. Энэ бол эхний хийгээд жижигхэн алдаа болох биз. Харин том нь гэвэл хувьчлагдах жагсаалтад орчихсон байгаа эзэнгүй шахам болчихсон аж ахуйн нэгжүүдийн дуудлага худалдааг хэн, хэрхэн, хэдэн төгрөгнөөс дуудаж эхлүүлэх вэ гэдгээс асуудал үүсэх биз.
 
Учир нь өнөөгийн Засгийн эрхийг барьж байгаа АН-ынхан өмнө нь буюу 1990-ээд оны эхээр өмч хувьчлалын их аяныг өрнүүлж, монголчууд бид учрыг нь сайн ухаж ойлголгүйгээр баахан цэнхэр, ягаан тасалбартай болчихсон үе. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс гарж амжаагүй шахам зах зээлийн талаарх ойлголтгүй үед нь гэнэт өмч хувьчлал гээчийг “зарлан тунхагласан” учраас олсноосоо илүү алдсан хүн их байдаг. Тиймдээ ч тухайн үед буюу төрийн өмчийн 470 том үйлдвэр, аж ахуйн нэгж, тэдгээрийн газар, барилга байгууламжийг хувьчилж, өнөөдөр монголын эдийн засаг цөөхөн гэр бүлийн гарт эргэлдэх хэмжээний л болсон. Дараагийн буюу 1996-2003 оны өмч хувьчлалаар төрийн өмчийн 236 үйлдвэр, аж ахуйн нэгж хувьд шилжсэн байдаг. Түүгээр ч гэсэн ялгаагүй тухайн цаг үед хэн хамгийн овжноор төрийн өмчийг үнэгүй шахам өөрийн болгож аваад өдгөө баян цатгалан, бизнесмэн болчихоод, улстөрд маадгар алхаж буйг хүн бүр бэлхнээ мэднэ.
 
Тиймээс энэ удаа мөн л ялгаагүй АН-ын ах нар хувьчлал нэрийдлээр халхавч хийн төрийн өмчийг үнэгүйдүүлэн авах гэж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Үнэн хэрэгтээ өмч хувьчлалаар олсон мөнгөө хүндэрсэн эдийн засгийг сэргээхэд нэмэрлэнэ гэж байгаа. Харамсалтай нь Төрийн өмчийн хороогоо татан буулгачихаад өмчөө өөрмсгөөр хувьчилж, төрд ашиг өгнө гэдэг нь үлгэр л болох гээд байгаа хэрэг.
 
Харин тэрнийхээ оронд халаас нэгтэй намын нөхөддөө хямд үнээр өгчихвөл дараа нь өөрсдөд нь ашигтай гэдгийг өдгөө хүн бүр тооцоолчихсон л байгаа биз. Тиймдээ сонгуулиас өмнө хамаг ажлаа амжуулж, ашгаа хүртэхийн тулд он гарангуут ханцуй шамлан орж буй нь энэ бололтой.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.