Хуульзүйн байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.01.05/ хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн төрийн алба хаах насныдээд хязгаарын талаар гишүүд нэлээд ярилцсан бөгөөд хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүдийн гаргасан саналыг хуулийн төсөлд тусгасан хэмээн танилцуулсан.

Тэрбээр, Төрийн албаны тухай хуулийн 24.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” хэмээн заасныг ишлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн төрийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоохоор төсөлд тусгасан гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Н.Номтойбаяр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Ингээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Батзандан нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Арбитрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ
Үүний дараа Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа 2006 онд нэмэлт, өөрчлөлт орсон Загвар хуульд үндэслэн, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг хадгалан, Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцийн дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг үргэлжлүүлэн бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж, улмаар Монгол Улс НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуулийг нутагшуулсан улс орон болох нөхцөлийг бүрдүүлэх гол зорилтыг удирдлага болгосон гэлээ.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болно гэж тооцоолжээ.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой юм. Түүнчлэн, арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулах аж.

Мөн уг төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын ОУХЭК-ийн Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагаагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Тэмүүжин нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа.

Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганаар захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй 250 гаруй салбар хуулиудын нийтлэг асуудлуудыг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 61 дүгээр тогтоолыг баталсан юм.

Энэхүү тогтоолын 1.1-д “Захиргааны ерөнхий хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх болон давхардал, зөрчлийг арилгах, уялдуулах үүднээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулан 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу, Хууль зүйн яамнаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулсан хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан бөгөөд хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн хэлэлцлээ.

Хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм. Улсын Их Хурлаас төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой тодорхойлж санхүүжүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, цомхон бүтэцтэй байлгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, зардал хэмнэх зарчим баримтлан 2016 оны төсвийн тухай хуулийг баталсан.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулиар 2016 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс Үндэсний статистикийн хороог татан буулгаж чиг үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэгтгэхээр шийдвэрлэсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Статистикийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах шаардлагатай болсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Ийнхүү өөрчлөн зохицуулсантай холбогдуулж Статистикийн тухай, Авлигын эсрэг хууль, Барилгын тухай, Гаалийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Өрийн удирдлагын тухай, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай , Төрийн албаны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Хүн амын орон сууцны улсын тооллогын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын 2014 оны 14 дүгээр тогтоол, 2009 оны 6 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт, 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Нямдорж нар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийн тухай байв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцсэн юм.

Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа этгээдийн бүх шатны шүүхэд асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг хязгаарлаж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчсөн байна гэж үзжээ.

Энэхүү заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. …”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг зөрчсөн байна гэж үзэж, 16 дугаар дүгнэлтээ гарган хуулийн дээрх заалтуудыг 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.