Долоо хоногийн тойм
Өнгөрч буй энэ долоо хоног олон чухал үйл явдлын түүхэн өдрүүд болж өнгөрлөө. Хоёр он солигдож, хуучин он, шинэ оны зааг дээр хүмүүс баяраа тэмдэглэв. Мөн Үндэсний эрх чөлөөгөө мандуулсны 104 жилийн ойн баяр давхар тохиов. Мөн  2016 оноос олон шинэ хууль хэрэгжиж эхэлсэн гээд өнгөрөгч долоо хоног бол олон түүхэн явдал давхцсан өдрүүд байлаа. Ингээд энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
 
Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсан түүхт өдөр тохиов
 
Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн түүхэн өдөр 12 дугаар сарын 29-ний өдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Монгол Улс Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөсөн юм. Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон. Ёслолын үеэр Төрийн ордны хойд голын Соёмбот хаалганд Төрийн далбаа
мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал, хүндэтгэлийн марш эгшиглүүлсэн юм.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй юм. Энэ өдөр бол Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан өдөр юм.

Айлчилж ирсэн 2016 оноо угтав
 
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтав. Харьж буй 2015 оноо  амжилт бүтээлээр үдэж, ирж буй 2016 оноо инээд хөөрөөр угтан авлаа. Ийнхүү дэлхийн тоолол нэг жилээр урагшилж,  шинэ сар, шинэ он гарав. Он солигдох торгон мөчийг айл бүр гэртээ идээ будаагаа засан, оргилуун дарсаа буудуулан тэмдэглэхээс гадна зарим хүмүүс Чингисийн талбайд бүх нийтээрээ тэмдэглэсэн юм.
Тодруулбал, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүн болох "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээ 12 дугаар 31-нд  Чингисийн талбайд 21.00 цагаас эхэлсэн. Цэнгүүнд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, урлагийн тоглолт сонирхуулж, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглож, цугларсан олныг хөгжөөсөн билээ.

Шинэ хуулиуд хэрэгжиж эхэллээ
 
Өнгөрч буй энэ долоо хоногт буюу 2016 оны нэгдүгээр сарын нэгний баасан гарагаас эхлэн олон чухал хууль хэрэгжиж эхэллээ.
1.Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл санаачлан боловсруулсан билээ.
2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долдугаар сард баталсан. Мөн л 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. НӨАТ төлөгчийн арилжаа хийж байгаа бүх мэдээлэл нь татварын байгууллага, Сангийн яаман дээр цахим хэлбэрээр төвлөрөх юм.
3. Нийтийн сонсголын тухай хуулийг мөн энэ долоо хоногоос эхлэн дагаж мөрдөж эхлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хууль нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой.
4. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн утгаараа хэрэгжиж байна.  Хуульд зааснаар Монгол Улсын иргэн о бол та гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол Боловсролын яамнаас зохион байгуулж байгаа хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан байх ёстой.
5. Зөрчлийн оноог тооцож эхэллээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд жолооч нарт зөрчлийн оноо тооцох тухай заасан байдаг ч энэхүү оноог тооцох асуудал орхигдоод байсан. Тэгвэл энэхүү Зөрчлийн оноог ирэх сарын 1-нээс тооцож эхэллээ.

Төрийн дээд одон медальтнууд шинээр төрлөө
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол Төрийн ордонд боллоо. Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  104 жилийг ойг тохиолдуулан аж үйлдвэр, эрчим хүч, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн зөвлөх Ламжавын Дүгэрсүрэн, ДЦС-3 ТӨХК-ийн дунд даралтын зуухан цехийн ээлжийн дарга Долгорын Хишигмаа нарыг, Монгол Улсын Гавьяат багш цолоор СБД-ийн 8-р хорооны иргэн, ахмад багш Сангаширийн Дамдинсүрэн, Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш Сандагийн Жамъянхорол нарыг, тус тус шагналаа.
 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • n.ganzorig 2016-01-03 17:38:23
    Bayrla tvmend heregtei medee baina
    202.70.46.208
    Мэдэгдсэн Хариулах