2015 онд спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна
Улиран одож буй 2015 он спортын салбарын хувьд ололт, амжилтаар дүүрэн байлаа. Тэр дундаа олимпийн өмнөх жил гэдэг утгаараа баг тамирчид олимпийн эрхийн оноо цуглуулах  томоохон тэмцээнүүдэд ээлж  дараалан амжилттай оролцлоо. Монголын жүдочид олимпийн өмнөх жил ДАШТ-нд амжилт муутайхан оролцдог байсан бол энэ жил энэхүү хар цувралаа дуусгаж ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртлээ.

Түүнчлэн чөлөөтийнхний 40  жил хүлээсэн амжилт энэ онд биелж, дэлхийн хошой аварга З.Ойдовын амжилтыг 40 жилийн дараа С.Батцэцэг давтаж, С.Цэрэнчимэд дэлхийн аварга цолоо мөнгөн медалиар ижилсүүлж, дэлхийн аваргын гурван хүрэл медальтан О.Насанбурмаа Рио зорих тийзээ захиалсан.

Харин улиран одож буй 2015 он манай ширэн бээлийтнүүдэд нэлээд хатуурхсан жил байлаа. Оны эхэнд МУ-ын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт сонирхогчийн боксыг орхиж, мэргэжлийн бокст хүч үзэх болсноо дуулгаж элэг нэгтнүүдээ гонсойлгосон. Түүнийг Монголын ард түмэн ирэх жил “Рио”-гийн олимпоос медаль хүртэнэ хэмээн хүлээж суусан нь ийнхүү талаар болсон юм.  Шилдэг тамирчин нь мэргэжлийн бокс руу урвасан шигшээ багийнхан энэ онд төдийлөн өндөр амжилт гаргасангүй. Катарын нийслэл Дохад 2015 оны аравдугаар сарын 5-нд боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ болж  73 орны 260 боксчин медаль цаашлаад олимпийн эрхийн төлөө тулалдсан. АЙБА буюу сонирхогчийн боксын холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулснаар ААШТ-ий амжилтаар ДАШТ ордог болсон. Үүний дагуу ААШТ-ээс Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Э.Идэрхүү, Б.Түвшинбат нар Дохагийн рингэд тулалдсан. Тэд  олимпийн эрхийн оноо авч чадаагүй юм. Манай ширэн бээлийтнүүдийн хувьд он гараад болох хоёр тэмцээн л хамгийн чухал болоод байна. Энэ мэт спортын салбар олон сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байлаа. Ингээд та уншигч та бүхэндээ онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 
 
 
“Рио-2016” олимпийн эрхийг 11 тамирчин хүртлээ
 


 
Хүн төрөлхтний спортын их баяр наадам  Бразилийн олимп эхлэхэд 221 хоног үлдээд байгаа.Монгол Улсын шигшээ баг 11 эрх хүртсэн амжилтаар 2015 оноо үдэж байна. БНСУ-ын Чанвон хотноо болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд түрүүлж Отрядын Гүндэгмаа гавьяат 2016 оны олимпийн анхны эрхийг эх орондоо  авчирсан.2008 оны Бээжингийн олимпийн анхны эрхийг эх орондоо авчирч байсан бол найман жилийн дараа ийнхүү дахин салхийг хагалсан.2016 оны олимпийн эрх хүртсэн тамирчдыг танилцуулбал буудлага О.Гүндэгмаа, Г.Нандинзаяа, Ц.Мөнхзул, байт харваа Ж.Гантөгс, чөлөөт бөх Г.Мандахнаран, Ж. Чулуунбат, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Э.Бэхбаяр, П.Өнөрбат, хөнгөн атлетик Б.Сэр-Од нар хүртсэн билээ.

МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксчин боллоо
 

Олимп, дэлхийн мөнгөн медальт, 2016 оны олимпийн гол найдвар хэмээн нэрлэгдэж байсан Н.Төгсцогт гэнэтхэн мэргэжлийн бокст хөл тавьснаа өнгөрсөн нэгдүгээр сард албан ёсоор зарласан.Өдгөө АНУ-ын Лос-Анжелес хотод суурьшиж  бэлтгэл сургуулилтаа базааж буй тэрбээр мэргэжлийн бокст “King Tug” нэрээр алдаршиж эхэлсэн.Он гарснаас хойш манай тамирчин дөрвөн тулаан хийж, гурвыг нь хүнд цохилтоор, бүх өрөлдөгчөө ийнхүү ялаад байна.
 
ОУХМ Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдаж, гурван медаль хүртлээ


 
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын шилдэг бөх Монгол Улсын шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын  нэрийн өмнөөс барилдах сонголтыг хийсэн юм.48 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй М.Уранцэцэг, есдүгээрт эрэмбэлэгдэж байсан Г.Отгонцэцэг нарын нэг нь л 2016 оны олимпийг зорино. Яг л энэ цаг үед Казахстан улсын жүдо бөхийн холбооноос албан ёсоор гэрээ хийж Г.Отгонцэцэгийг легионер тамирчин болгох хүсэлтээ тавьсан.Үүний дагуу Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг  зурснаар манай шилдэг залуу тамирчин Казахстаны нэрийн өмнөөс барилдах болсон юм. Тэрбээр энэ онд Ташкентийн Гранпри, Чиндаогийн Гранпри тэмцээнд хүрэл медаль хүртэж хамгийн сүүлд Чёжүгийн Гранприд түрүүлсэн билээ.

М.Даваажаргал 1700 жилийн түүхтэй сумо бөхийн дээд амжилтыг шинэчлэв
 

 
2015 оны нэгдүгээр сарын Хацү башёд 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.Японы ард түмний домогт их аварга Тайхогийн 32 удаа эзэн хааны цом хүртсэн амжилтыг Ёкозүна Хакүхо 33 болгосон. Тэнгэрийн оронд залрахын өмнө Тайхо аварга М.Даваажаргалд өөрийнх нь амжилтыг ахиулахыг захисан бол Хакүхо аварга ийнхүү амлалтыг нь биелүүлсэн.

Өмнөдэлгэр сумаас 16 жилийн дараа наадмын түрүү бөх тодорлоо

 
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд 22 насандаа түрүүлж арслан цолны болзол хангасан. Төрийн их баяр наадамд хамгийн олон буюу 11 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын халааг залгамжсан Өмнөдэлгэр сумаас 16 жилийн дараа ийнхүү түрүү бөх тодорсон.  Увс  аймгийн Давст сумын харьяат улсын арслан П. Бүрэнтөгс үзүүрлэж цолоо баталсан.
 
Чөлөөтийнхөн амжилтаа ахиулсаар байна
 


 
Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй нийт 16 жингийн дөрөвт нь финалдаж, дөрөвт нь хүрэл медалийн төлөө зодоглолоо.Дэндүү бахдам амжилт байлаа. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Лас Вегаст болж байна хэмээн чөлөөт бөхийн баг тамирчдаараа бөхийн хорхойтнууд бахархаж омогшив.Дэлхийн хошой аварга З.Ойдовын амжилтыг 40 жилийн дараа С.Батцэцэг давтаж, С.Цэрэнчимэд дэлхийн аварга цолоо мөнгөн медалиар ижилсүүлж, дэлхийн аваргын гурван хүрэл медальтан О.Насанбурмаа Рио зорих тийзээ захиалсан.Чөлөөтийн алтан үеийн давтамж болон төрөн гарч ирж буй эрэгтэйчүүдийн шигшээ багийн дэлхийд хамтдаа финалдсан П.Өнөрбат, Б.Номин аман хүзүүдэж, Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж Г.Мандахнаран, Ж.Чулуунбат нар олимпийн эрхээ баталгаажуулсан билээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-12-30 03:55:52
    Бүгдээрээ олимпийн медальтнууд болоорой
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах