Монгол Үндэстэн эрх чөлөөгөө олж авсны баярын мэнд хүргэе
Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал буюу Монгол Улс тусгаар тогтносны 104 жилийн ой 12 сарын 29-ний өдөр буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдөр улс орон даяар бүх нийтээрээ амарч буй.

1911 оны 12 сарын 29-нд ямар үйл явдал болсон юм бэ?
Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг  1911 оны энэ өдөр тавьжээ. Үүнийгээ Монголчууд Үндэсний эрх чөлөөний хувьсгал хэмээн нэрийдэж,  төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал болгов. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.Ялалттай болсон эрх чөлөөний тэмцлийг хувьсгал, амжилтгүй болсон бол хөдөлгөөн гэж нэрлэдэг.
Богд хааны ордон дахь энэ ёслолын хаалгыг тусгаар тогтнолоо тунхагласанд зориулж хийжээ

Өөрөөр хэлбэл, 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.

Сандо амбанг хөөв
Манжаас тусгаар болохын тулд эхлээд Хүрээнд байсан манжийн Сандо амбанг зайлуулах шаардлагатай болсон юм. Тиймээс халхын нутаг бүрээс сайн дурын цэрэг эрсийг цуглуулж, үүнээс зүрх алдан айсан Сандо зугтан оросын консулд хоргодон, 1911 оны 12 дугаар сарын 4-д орос цэргээр хамгаалуулан Хиагтаар дамжин Монгол нутгаас гарсан юм.

Анхны яамд байгуулагдав
Олноо Өргөгдсөн Монгол улсын яам нь 5 яамдаас бүрдэж байв. Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам Чин ван Ханддорж/Одоогийн гадаад хэргийн яам/, Цэргийн яам Эрдэнэ далай ван Гомбосүрэн/Одоогийн батлан хамгаалах яам/, Сангийн яам Түшээ гүнЧагдаржав/ Одоогийн сангийн яам/, Шүүх яам Эрдэнэ ван Намсрай, Дотоод явдлын яам Да лам Цэрэнчимэд /Одоогийн хууль зүй, дотоод хэргийн яам/ нарын сайдтайгаар байгуулагдав. Эдгээр сайд нарын эрх мэдлийн зөрчилдөөний улмаас тэдний дээр ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тавьжээ.

100 жилийн ойг тэмдэглэх санаачилгыг анх Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр санаачилж байжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай Зарлиг 2008 оны 12 дугаар сарын 28-нд гаргаж Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орон даяар тэмдэглэхээр болсон.

1911 оны 12 дугаар сарын 29-ны өдрийг түүх, эх сурвалжуудад хэрхэн тэмдэглэсэн байдаг вэ
Энэ талаар түүхч О.Батсайханы түүхийн сурвалж бүтээл дээр тулгуурлан тодотгохыг оролдов. Түүхийн ухааны доктор О.Батсайханы 2013 онд хэвлүүлсэн “Монголын түүхийн эх сурвалж (1911-1921)” бүтээлд дурдсан нь “1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ” гэжээ. Улмаар цааш бичсэнийг үзвэл: “Оросын эрдэмтэн И.И.Ломакина бичихдээ “Өглөөнөөс бүхнийг хамарсан өргөн цуглаан эхэлж, түүнд бүх л дээд лам нар, цэрэг, хоёр мянга орчим зэвсэглэсэн казакууд оролцож, жагсаалаар Богдын өвлийн ногоон ордоноос Хүрээ рүү хөдлөв. Богд болон түүний эхнэрийг хүүгийн хамтаар шар өнгөтэй, хаалттай сүйхэнд суулган өргөж, баяр ёслолд зориулан алтан болон шар өнгөөр бүрсэн асар том гэр хүрч, тэндээсээ Ордон руу шар өнгийн матералаар (сэрдан буюу шар дэвсгэр гэж нэрлэдэг) зассан замаар явав. Замын хоёр талаар ноёдууд жагссан байв. Гэрийн хойморт хос сэнтий зассан байв. Ийм байдалтайгаар цогчин дуган орж, товчхон мөргөл үйлдээд буцаад ордондоо заларсан. Баяр ёслолын байдалтай нам гүм байдалд, Хаан эзний сууринд залах тухай тунхагийг уншиж, Богд болон түүний эхнэрийн толгой дээр Да лам, Сайн ноён хан нар титэмийг өмсгөсан. Алтан очир нь Чингис хааны үр сад сэргэсэнийг илэрхийлж байв. Ийнхүү их бууны дуутай зэрэгцэн хаан суудалд залах ёслол болжээ. Үүний дараа бэлэг өргөн баяр хүргэх үйл явц эхлэв. Үүний дотор гол нь есөн цагааны бэлэг орж байв. Энэ өдөр есөн цагааны бэлэг ердийнхөөс 100 дахин илүү өргөж, бүгд цагаан хадаг барьсан байв. 900 цагаан тэмээний хүзүүн дээр булга, хар үнэг болон бусад зэрлэг үнэт амьтадын арьс өлгөөстэй байв. Өргөл бэлэг хошуу бүрээс, томоохон ноёд бүрээс, Хүрээний хятадуудаас өгч, заримдаа мөнгөн эдлэл, торгон хувцас бэлэглэж байжээ. Төрийн ёслолоос хоёр цагийн дараа хааны гэр бүл дахин мөргөл хийхээр нээлттэй сүйхэнд суун, Майдар сүм рүү явсан байна. Дагалдсан ноёд, лам нар бүхий л хугацаанд асаасан лаа барьж явав. Цуваа их бууны дуун дор явж байв. Мөргөл үйлдсний дараа буцаж, ордондоо залраад хшиг тарааснаар энэ өдрийн ёслол оройн 5 цагт өндөрлөв. Хаан эзэн, улсын эх дагины сууринд суусан Богд, түүний эхнэр тус тусдаа хаалттай сүйхэнд сууж, өөрийн ордондоо залрав” хэмэн бичжээ. Хааны ийнхүү явж байхад өнгө өнгийн туг дохиур барьсан түшмэлүүд дагалдаж, замын дагуу ард олон өвдөг сөхрөн мөргөж, өөрийн хаандаа хүндлэл илэрхийлж байсан. Хааны ногоон ордоны гадаа сүйхээс нь буухад их буу дахин буудаж байв. Ийнхүү Олноо өргөгдсний эзэрхийллийн үе эхлэв хэмээн мөн тэнд бичжээ.

Энэ өдрийн талаар тухайн үеийн гадаад улс орны хэвлэлүүдэд бичиж байсан нь. Манжуурт Харбин хотноо хэвлэгдэж байсан “Харбинский вестник” сонин 1912 оны 1-р сарын 1-ний дугаартаа “Хутагт хаан ширээнд залран суух ёслол их олон хар шар монголчууд цугларч баяр баясгалантай байдлын дунд боллоо” хэмээн тэмдэглэжээ. Оросын Петербургийн “Речь” хэмээх сонинд “Өнөөдөр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон өргөмжилснөөр Манж Чин улсаас Монголын хараат байсан үе нэгэнт эцэс боллоо” гэж бичсэн бол “Санкт Петербургские ведомости” сонин “Хүрээний хутагт, шашны толгойологч үндсэнийхээ шашин төрийн тусгаар тогтнолын илэрхийлэгч нь боллоо” гэжээ.

Мөн Оросын “Новое время” сонин “Монголд газар сайгүй...их баяр ёслол болж байна. 12 сарын 16”-нд (12 сарын 29-О.Б) Монголын өнцөг булан бүхэнд даншиг өргөж ёслол хийхээр зарлав. Амьтан алахыг цаазлав. Ордны сайдууд ба бусад түшмэд монгол үндэсний дээл өмс гэж зарлиг буулгав” гэж нэгэн дугаартаа тэмдэглэжээ. Мөн “Русское знамя” сонин бичихдээ “Монголын тусгаар тогтнолын ач холбогдол бол их юм. Энэхүү тусгаар тогтнолд (монголын – О.Б) хамгийн их сонирхогч нь Орос орон болох бөгөөд түүний хувьд Монгол нь Хятадаас халхавч улс болох юм....Одоо цэргийн хүчээ Монголд илгээх хэрэгтэй. Энэ нь Монголын тусгаар тогтнолын гол баталгаа болно” хэмээн бичиж байжээ.

Английн “Таймс” сонин энэ үйл явдлын талаар бичихдээ “Ази тивд монгол улс шинээр төрж гарсан буюу бүр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо” хэмээн бичиж байжээ.

Францын “L Asie Francaise” сэтгүүл 1912 оны хоёрдугаар сарын дугаартаа “Шинэ Хятад Манжийн дарлалаас ангижирлаа. Энэ мэдээ тус орны өнцөг булан бүрт дөнгөж хүрмэгц Монгол, Төвд, Туркестан Хятадын ноёрхолоос чөлөөлөгдөхөөр хөдөлж эхэллээ. Хэрэв шинэ хятад зүй ёсных бол өөрөө тэр улс түмний эрмэлзлэлийг огоорох учиргүй. Монголын удирдагчид өөрийн орны засаг захиргааг гартаа авлаа” гээд “Гадаад монголын лам нар, хошуу ноёд хятадын хахалт хавчлага хараахан үгүйгээр зоригжин 12 дугаар сарын 29-нд Өргөөд суудаг, хязгаарлагдмал эрх мэдэлтэй байсан Хутугтыг эзэн хаанаар өргөмжлөв” хэмээн нэмэж бичжээ.

“Новое время” сонинд Монголд гарсан хувьсгалын талаар өгүүлэхдээ “Монголыг Манжийн эзэнт гүрэнтэй нэгтгэж байсан хэлхээ холбоо тасарсан агаад хөдөлгөөн гарч тус орныг тусгаарласан нь үндэсний сэтгэлгээний сэргэлт, хөгжил, бас Хятадын мужуудад хувьсгал гарахад хүргэсэн учир шалтгаантай холбогдоно” хэмээн бичсэнийг Францын Орос дахь элчин сайд Гадаад яамандаа илгээсэн мэдээлэлдээ өгүүлээд дээр нь нэмж “Монголчууд манж нар хийгээд хятадуудаас хэл, ёс заншилаараа өөр гэдгийг харах хэрэгтэй” хэмээн тэмдэглэсэн байна.

Ийнхүү Монгол Улс бол эзэн Чингисийн үед Эзэнт гүрний хэмжээнд байсан бөгөөд түр нэг бусдын эрхшээлд байх үе тохиогоод 1911 онд дэлхийд данстай туурга тусгаар улс болсон агаад 20-р зууны эхээр төрөн гарсан бие даасан анхны улсуудын нэгэн болсон нь бодит явдал байжээ.

Монгол улсын тусгаар тогтносон байдал хэзээ ямагт мандан бадраг.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2015-12-29 23:39:44
    Одоогийн улс төрчид л харин улс орноосоо урвах бодлого явуулаад байна
    77.82.180.249
    Мэдэгдсэн Хариулах