Соёл урлагийн салбарын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна
Улиран одож буй 2015 он Монголын соёл урлагийн салбарт томоохон амжилтыг дагуулсан он жил боллоо.Үндэснийхээ соёл урлагийг дэлхий нийтэд гайхуулж, Хөсөгтөн хамтлагийнхан болоод гайхалтай уран нугараач, циркчид маань энэ онд  олон улсын томоохон наадмуудаас хэд хэдэн шагналыг хүртэв. Түүнчлэн сонгодог урлагийн олимп гэгддэг наадамд Э.Амартүвшин амжилттай оролцож, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн боллоо. Сонгодог урлагийнхны бас нэгэн том амжилт нь МУГЖ Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын наадмаас гран при шагнал хүртлээ. Энэ оны соёл урлагийн салбарын бас нэгэн онцлох үйл явдал нь Монгол жүжигчид  кино урлагийн оргил Холливудын кинонд дүр бүтээж эхэлсэн явдал байлаа. Ингээд  уншигч та бүхэндээ соёл урлагийн салбарын 2015 оны онцлох үйл явдлуудыг  тоймлон хүргэж байна. 
Сонгодог урлагийнхан босоо байлаа



Энэ оны долоодугаар сард ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотноо явагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн XV наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлсэн юм. Тус уралдаанд манай орноос 5 дуучин оролцсон бөгөөд нийт 39 орны 500 гаруй авьяастан өрсөлдсөн. Сүүлийн шалгаруулалтад МУГЖ Г.Ариунбаатар эцсийн шатанд "Трубадур" дуурийн Ди лунагийн ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулан Өмнөд Солонгос, Хятад, Орос, Армен зэрэг улсын дуучидтай өрсөлдөж ялагч болсон юм. Түүний амжилт үүгээр зогссонгүй ОХУ-ын Санкт-Петербург хотын Маринскийн театрт урилгаар дуулахаар болсон бөгөөд Буриад улсын төрийн шагнал хүртсэн. Тус уралдаанд түрүүлсэн уран бүтээлчдийг Буриадын Засгийн газраас шагнахаар болж дуучин Г.Ариунбаатар, түүний багш Буриадын ардын жүжигчин Дарима Линховоин нарт Буриад улсын төрийн шагнал хүртээсэн байна. Г.Ариунбаатар 12 сарын 19-ний өдөр өөрийн уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолт "Монгол сонгодог"-оо монгол түмэндээ толилуулсан билээ. Энэ үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж УИХ-ын дарга З.Энхболд гэрчилгээг гардуулан өгсөн билээ.

Мөн УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Их Британийн BBC агентлагаас зохион байгуулсан "Cardiff Singer of the World" наадмын шилдэг тавд шалгарч, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн онцгой жил байв. Түүний хувьд дуурийн урлагаар олон улсын шинжтэй уралдаан наадамд байнга оролцож, ганзага дүүрэн амжилттай ирж, эх орноо, элгэн саднаа дандаа баярлуулахаас гадна, Монголын нүүр царай, дуурийн урлагт брэнд болж яваа залуу дуучин юм.

Яруу найрагч Г.Мэнд-Ооёо Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэв



Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг энэ жил Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн урлаг, соёлын академийн хүндэт доктор, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод олголоо. Хүн бүхэнд өгөөд байдаггүй жилдээ ганцхан хүнд байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж олгодог энэхүү одонг түүнд олгохоор болсон нь Мэнд-Ооёо гуайг хэр зэрэг чансаатай найрагч вэ гэдгийг нь тодотгоно. Энэ Бичгийн их хүмүүний амжилт гавьяа хоёрыг дурдана гэвэл их цаг орно. Хамгийн сүүлд Дэлхийн Урлаг, соёлын академиас олгодог дэлхийн яруу найргийн хамгийн дээд шагнал болох “Поэт лаурэт” цол, алтан титэм. Румынд болсон Дэлхийн яруу найргийн наадмаас гранд буюу тэргүүн шагнал хүртсэн. Мөн Лондонд төвтэй олон улсын “Пэн” байгууллагын Урал-Алтай хэлтний “Пэн” төвөөс энэ оны эхээр Г.Мэнд-Ооёо гуайг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн. Энэ нь түүнийг монгол язгуур мэдлэг, ухаан, уламжлалт хэл соёл, сэтгэлгээний үнэт зүйлийг бүтээлдээ илэрхийлж чаддагийн нэг илрэл нь болсон юм. Агуу их найрагчдаа Нобелийн шагналыг эх орондоо авчран, монгол түмнийнхээ оюун санаааны гол түүчээ болон соён гэгээрүүлэх их үйлсэд хүчин зүтгэн Ганга нуур, Алтан- Овоо шигээ мөнхөд оршихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хөсөгтөн хамтлаг ардын урлагаа дэлхийд гайхуулж чадлаа



Дэлхийд ардын урлагаа сурталчлахаас  гадна, авьяасаа гайхуулж яваа, “үндэсний” гэх тодотголтой “Хөсөгтөн” хамтлагийн хөөмийч, хөгжимчид эх орныхоо нэрийг өндөрт өргөж явдаг нь маргахгүй үнэн билээ. Улиран одож буй 2015 онд тус хамтлагийнхан уран бүтээлийн олз омог арвинтай байж, Азид зохион байгуулагдсан том шоуны хоёрдугаар байрт шалгарч үлдсэн амжилттай. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард "Asia”s Got Talent" /Азийн авьяастнууд/ шоу нэвтрүүлэгт “Хөсөгтөн” хамтлаг эх орноо төлөөлөн оролцож шилдэг есөн оролцогчийн нэгээр шалгарсан эцсийн шалгаруулалтад хоёрдугаар байрт тунасан юм. Хэдий тус шоунд тэмцээний ялагч болж чадаагүй ч тэд Азичуудыг алмайруулж, авьяастай гэдгээ харуулж чадсан нь бахдам сайхан юм.

ЮНЕСКО-д Ингэ хөөслөх зан үйл, Бурхан халдунаа бүртгүүллээ



Намибын Виндхук хотноо энэ сарын эхээр болсон ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн  Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаанаар монгол малчин түмний ингэ хөөслөх зан үйлийг /The Coaxing Ritual for Baby Camels/ ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ. Ийнхүү манай улсын 13 дахь өв ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдэв. Мөн БНФУ-ын нийслэл Парис хотноо 11 дүгээр сарын 30-нд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова гардуулав. Монгол Улс 1962 оны арваннэгдүгээр сарын 1-нд ЮНЕСКО-гийн 108 дахь гишүүнээр элссэн юм. Түүнээс хойш 10 конвенцид нэгдэн орж, өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монгол Улсын 25 өв бүртгэгдсэн байдаг.

Цөөн үгээр:

-Жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” кино энэ оны хоёрдугаар сард дэлхий дахинд нээлтээ хийсэн бөгөөд тус киноны найруулагч Францын нэрт кино найруулагч, зохиолч Жан Жак Анно манай улсад ирж, уран бүтээлчид болон салбарын сайдтай уулзсан юм.

-Монголын кино урлагийг шинэ түвшинд авчирсан бүтээл хэмээн зүй ёсоор тооцогддог “Бодлын Хулгайч” киноны гол дүрийн жүжигчин Б.Амарсайхан Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан “Asian World Film Festival”-д Монгол улсаа төлөөлөн оролцлоо.

-Соёл урлагийн салбарт 60 гаруй  жил  зүтгэхдээ сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсныг нь үнэлж Ардын Жүжигчин Б.Зангадад Хөдөлмөрийн баатар цол олголоо.

-Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж, хүн төрөлхтний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашнямд 2015 оны Төрийн соёрхлыг хүртээв.

-Дизайнер Д.Отгонжаргал БНСУ-д болсон “Asia Festival-2015” наадмаас Монголоос анх удаа шилдэг дизайнерийн шагнал хүртлээ.
-Монголын Дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг“Гоёл-2016” наадмын топ моделиор Х.Уянга, Гранпри шагналыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Д.Өнөболор тодорчээ.

-Монгол HD телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд 2015” шоуны анхны ялагчаар “Эгшиглэнт чимээ”  хамтлаг тодорч, 100 сая төгрөгийн шагналын эзэд боллоо.

-Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Mongolian academy awards 2015” наадмын Гранпри шагналыг “Аав” уран сайхны кино хүртлээ. Жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан тус бүтээлд жүжигчин Ц.Цэрэнболд ганц бие аавын дүрийг бүтээж, оны шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • очир төв дамбаочироо 2015-12-28 16:48:12
    Очир төв/зам ажилчдыхаа 11,12 сарын цалинг өгөөгүйгээс баяр болж байхад ажилчид нь.түлэх түлээгүй, идэх хоолгүй, хүүхдүүддээ бэлэггүй банкинд.өртэй байна
    103.57.93.63
    Мэдэгдсэн Хариулах
  • mon. 2015-12-28 08:50:41
    ard tumnii dund gaihamshigtai saihan humuus olon bii shuu.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах