Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт  улс оронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна

МИ8 онгоц осолдож, нэг хүн амиа алдав



Зэвсэгт хүчний жанжин штабаас хэвлэлийн бага хурал зарлаж, МИ-8 онгоцны ослын талаар мэдээлэл өглөө. Энэ ослын улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн хүнд болон хүндэвтэр гэмтэл аваад байна. Шөнийн сургалт дадлагын нислэг үйлдэж байсан онгоц ямар шалтгаанаас болж осолдсоныг тодруулахаар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна.

Осолдсон онгоцонд нийт 11 албан хаагч үүрэг гүйцэтгэж явсан. Ослын улмаас Зэвсэгт хүчний салбарт 17 жил ажилласан, 37 настай онгоцны багийн гишүүн, ахмад М.Батбаяр амиа алдсан. Шөнийн сургалт дадлагыг сард 2-3 удаа зохион байгуулдаг. Байнга хийдэг сургалт дадлагын үеэр ямар осол гарсныг тодруулахаар ажиллаж байна. Ослын дүгнэлт гараагүй учир дэлгэрэгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын Иргэн, цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан хэллээ.

Сонгуулийн тухай хуулийг батлав



УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан саналтай гишүүд байсангүй. Ингэснээр зарчмын зөрүүтэй долоон саналаар санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 86.7 хувийн саналаар дэмжсэнээр Сонгуулийн тухай хууль батлагдлаа.Энэ хууль батлагдсантай холбогдуулан сонгуулийн холбогдолтой бусад хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг батлахыг дэмжлээ.
 
Зөвшөөрөгдөөгүй газар машинаа байршуулбал торгоно

 
 Нийслэлийн ИТХ-аас хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор  08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож  бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэжээ. Улмаар хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 163 гудамж байдгаас 77 гудамжийг энэхүү тогтоолд оруулжээ. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээюрийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтсон юм.

Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны  нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000,  суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000 төгрөг, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000 төгрөг, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байх юм. Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 километр дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг  2000 метрквадратаас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар тогтсон юм. Журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Малын тоо толгой  55957.6 мянгад хүрсэн гэж мэдээлэв
 
 
Үндэсний статистикийн хорооноос энэ оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. 2015 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 55957.6 мянган толгойд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 7.6 хувь буюу 3975.0 мянгаар өссөн дүн юм. Адуун сүргийн тоо толгой 3294.6 мянга, үхэр 3779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24933.4 мянга, ямаа 23582.2 мянгад хүрч, 2014 оныхоос адуу 298.8 мянга, үхэр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 1718.6 мянга, ямаа 1573.3 мянган толгойгоор өсчээ.

Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.8 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.6 хувь, ямаа 42.1 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.2 пункт, хониных 0.1 пунктээр буурч, адууных 0.1 пункт, үхрийнх 0.2 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна.

Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3.5-36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор өсчээ. Хэнтий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймагт малын тоо хамгийн их буюу 280.7-399.5 мянгаар өсөв. Харин Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймаг, Улаанбаатар хот малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.