Марин Ле Пен: Европын холбоо нь Украины асуудлыг зохицуулагч бус өдөөгч болж байна
Францын “Үндэсний фронт” намын лидер Марин Ле Пен өөрийн улстөрийн карьер, Украины хямрал, Европын холбооны талаар ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагч Иван Батырев, Дмитрий Горохов нартай ярилцсаныг хүргэж байна.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сая­хан Нормандад болсон ёслолын арга хэм­жээнд оролцсон нь хоёр улсын харилцаанд шинэ ханд­лага бий бол­гож чад­сан уу?

-Тийм ээ, тэгж найдаж байна. Ер нь Франц, Оросын геополитик, стратеги, соёлын харилцаа жил ирэх тусам сайжирч байгаа гэж боддог. Түүхэн найрамдалт харилцаагаа бодсон ч бид харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Франц улс нь хүйтэн дайны үеийн үзэл баримтлалыг да­гах ёсгүй бөгөөд бүх сал­барт харилцаагаа бэх­жүүлэх хэрэгтэй. ОХУ-ын удирдагчдыг яагаад суд­лах болсон гэхээр Орос нь олон жилийн өмнөөс Ев­ропын холбоонд эрчим хүч нийлүүлэх санал тавьж байсан.

-ОХУ-д нисдэг тэрэг тээвэрлэгч “Мистраль” хөлөг онгоц нийлүүлэх гэ­рээтэй холбоотойгоор АНУ-ын зүгээс Франц улсад дарамт үзүүлж байгаа талаар юу хэлэх вэ?

-Би энэ тухай тодорхой зүйл хэлж чадахгүй ч “Мистраль” хөлөг ний­лүүлэх гэрээг цуцалсныг алдаа гэж үзэж байна. Энэхүү шийдвэр нь хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг найдваргүй болгосон. Хам­­гийн гол нь ОХУ “Мист­раль” хөлөг импортлох гэрээний төлбөрийн тэн хагасыг төлсөн. Франц нь эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс байх хэрэгтэй. Вашингтон, Берлиний зүгээс хэлсэн ямар нэгэн тушаалыг биелүүлэх ёсгүй. Гэхдээ би АНУ-д болон өөр хэн нэгэнд дайн зарлаж байгаа юм биш. Харин бид ашиг сонирхлоо эрх чөлөөтэйгөөр хамгаалах хэрэгтэй гэж хэлэхийг хүсч байна. Тиймээс дээрх гэрээг биелүүлсэн нь дээр байсан юм.

-Киевийн шинэ засаг захиргаа Украины зүүн хотуудад цэргийн тусгай ажиллагаа явуулж бай­гаагаас энгийн номхон иргэд амиа алдаж байна. Дэлхийн нийгэмлэгүүд энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгааг та юу гэж үзэх вэ?

-Украины зүүн нутагт иргэд амиа алдаж байхад дэлхийн нийгэмлэгүүд чимээгүй байгаад би гайхаж байна. Ер нь дэлхийн нийгэмлэгүүд олон улсын асуудлын талаар алдаа гаргаж байсан бөгөөд дахиад алдаа гаргасан гэж дүгнэж байна. Ливи, Сирид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр гаргасан алдаагаа Украины хувьд давтлаа.

Хамгийн гол нь хүмүүс амиа алдаж байгааг мартаж болохгүй. Миний бодлоор дэлхийн нийгэмлэгүүд Киевт дарамт үзүүлж байгаа. Киев нь Украины “Зүүн сектор” зэрэг салан тусгаарлах зэвсэгт бүлгүүдтэй тэмцэж эхэлсэн. Ер нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санал болгосноор Украин нь холбооны улс болж яагаад болохгүй юм бэ. Энэ тохиолдолд Украин нэгдмэл улс байж чадна гэж бодож байна.

-Европын холбоо Кие­вийн гарга­сан шийд­вэрүү­дийг дэмжиж, Оросыг буулт хийхийг шаардаж байгаа...

-Тийм ээ, хөндлөнгөөс харахад хачирхалтай санагддаг. Европын холбоо АНУ-ын ашиг сонирхлыг дэмжиж байгаа нь илт. Хэрвээ Франц улс дипломат харилцааны хувьд хараат биш байсан бол нөхцөл байдлыг тэнцвэртэй болгож болох ч одоо ямар нэгэн зүйлийн төлөө дуугарч ча­дахгүй нь харамсалтай. Европын холбоо нь Украины асуудлыг зохицуулагч бус өдөөгч болж байна. Яг л “гал асаагч” шиг. Украиныг дэмжихийн тулд Оросоос харилцаагаа таслах ёстой гэсэн шантааж тавьсан. АНУ-ын талыг баримтлан Оросыг бүх зүйлд буруутгаж байна. Миний бодлоор удаан хугацаанд энэ тоглоом үргэлжлэхгүй, байдал өөрчлөгдөнө шүү дээ.

-НАТО хүрээгээ тэлж, хуучин ЗХУ-ын бүрэл­дэхүүнд байсан орнууд нэг­дэж байна. Энэ нь Францын сонирхолд нийцэх үү?

-НАТО бол АНУ-д цэр­гийн төдийгүй улс­төрийн харилцааны хувьд хамаа­ралтай болгох хэрэгсэл. Жишээ нь, Францад пуужингаас хамгаалах сис­тем тавих асуудлыг ярих үед нэгэн улстөрч “Хэнээс хамгаалахын тулд систем хэрэгтэй вэ” гэж асуусан. Ха­риуд нь “Хятадаас” гэж хэлснийг санаж байна. НАТО-гийн эдгээр үйлдэл дайсагнасан байдал бий болгодог. НАТО-гийн хэлэлцээнд Францад сай­наар нөлөөлөх ямар ч зүйл байхгүй. Манай улс өөрийгөө аюулд оруулж болох үүрэг хариуцлагыг хүлээж байна. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, нийг­мийн салбарт аюултай гэрээ гэж би боддог. Миний бодлоор НАТО нь Европын холбоог АНУ-д нийцүүлэх гэсэн л холбоо.

АНУ ямар нэгэн дай­саг­нал илэрхийлэхгүйгээр юу хийж байна вэ гэдгийг ойл­гож болно. Дэлхийн хү­чирхэг гүрэн өөрийн ашиг сонирхлыг тулгадаг. АНУ америкчуудын ашиг сонирхлыг хамгаалдаг. Ха­рин Франц иргэдээ хам­гаална. Энэ хоёр сонирхол хоо­рондоо нийцэхгүй.

-Европарламентын сон­гуульд “Үндэсний фронт” нам том амжилт гаргаж чадсан. Та 2017 онд болох Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Ирэх арваннэгдүгээр сард болох намын их хур­лаар Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвших эсэх асуудлыг ярилцана. Хэрвээ намын гишүүд намайг нэр дэвшүүлэхээр сонгох юм бол би татгалзахгүй. Нэр дэвших юм бол ялах зорилготойгоор өрсөлдөнө. Би ““Үндэсний фронт” нам ойрын 10 жилд Францын засаг захиргаанд очно” гэж хоёр жилийн өмнө хэлж байсан. “Үндэсний фронт” нам ямар намтай эвсдэг, олон улсын асуудлаар геополитикийн ямар бодлого баримталдаг, ямар байр суурьтай гэдгээ иргэдээс нууцалдаггүй. Бид эдийн засгийн төслөө ч ил тод гаргадаг. Гурван жи­лийн дараа биш гэхэд 2022 оны сонгуульд ялалт байгуулна гэж бодож байна. Бид францчуудыг дахиад эрх чөлөөтэй ард түмэн болгохыг ятгах болно.

-Та Европарламентад фракциа бүр­дүүлж байгаа. Танай фракцийн тавих гол шаардлага юу байх вэ?

-Европарламентын сон­гуулийн үеэр би байр сууриа тодорхой илэрхийлсэн. Миний гол зорилго бол Европ тивийг өөрчилж, Европын холбоог шинэчлэх явдал юм. Европын холбоог яаж сайжруулах вэ гэдэг нь хамгийн гол асуудал. Улс орнуудад тусгаар тогтнолыг буцаан олгосны дараа энэ холбоо оршин тогтнох уу. Еврогоос татгалзаж, улсуудын хилийг зааглаж чадах уу. Би хувьдаа Европт нэг мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийн эсрэг байдаг. Учир нь олон улс ганц мөнгөн тэмдэгттэй байх нь найдвартай биш. Тиймээс бид үргэлж л еврог “аварч” байдаг. Франц улс еврогийн эсрэг зогсож эхэлсэн төдийгүй Герман, Италид энэ хөдөлгөөн өрнөж эхэлсэн нь сайны тэмдэг гэж бодож байна.

Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-21 12:36:34
    маш ухаантай эмэгтэй байна. энэ хүчирхийлэгч нарт эмэгтэй хүний хэмжээний ч эрүүл ухаан үгүй болжээ.зөвхөн газар нутаг эд баялгаа булаацалдаж нүдээ зоосоор тагласан хагас үхдэлүүд болжээ.