"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 48 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Мөн дугаарт нийтлэгдсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар, “Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй тухайн хуулийн этгээдийн зорилтын саналын талаар жил бүрийн 03 дугаар сарын 25-ны дотор тохиролцоно”, “Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчилсан тухай бүр хувьчлалыг эрхлэн явуулсан этгээд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. Тайлан бичих загварыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж зарим хэсгийг өөрчлөн найруулжээ. Эмхэтгэлд,  Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиас гадна Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтлэв. Түүнд “Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу импортын бараанд гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэглэнэ” гэсэн хэсэг нэмж, “Импортын барааны гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно” гэж холбогдох хэсгийг өөрчлөн найруулсан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Тогтоолд, тухайлбал, төсвийн зардлыг бүх шатанд хэмнэж, бууруулахтай холбогдуулан 2016 оны төсвийн жилд өр авлага үүсгэхгүй байх, төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах зорилгоор батлагдсан урсгал зардлыг төсвийн ангилал хооронд хуульд зааснаар зохицуулалт хийж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрсөн байна. Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын Их Хурлын тогтоолоор, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байв. Эмхэтгэлд, “Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон “Гадаадаас 2016 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.

Энэ тогтоолын хавсралтад заагаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар Засгийн газар тогтоосон байна. Харин аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо нь  энэхүү тогтоолын хавсралтаар баталсан хувиас илүү гарсан нөхцөлд 50 хүртэлх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах бол салбарын сайдын хүрээнд, 50-иас дээш бол Засгийн газарт асуудлыг тавьж шийдвэрлүүлж байхаар тогтоожээ.

Түүнээс гадна энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний  нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлан ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон байна. Эмхэтгэлд,  “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.