Д.Ганбаяр: Хүүхдүүдийн хохирлыг би барагдуулна

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн 16 оюутан сургалтын төлбөрөө олохоор БНХАУ-ын ӨМӨЗО-ын Шилийн гол аймагт жуулчны баазад бүжиглэхээр яваад цалин хөлсөө авч чадалгүй хохироод ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Сургалтын төлбөрөө төлөөгүйгээс шалгалтдаа орж чадахгүй байгаа цөөнгүй оюутан байгаа аж. Энэ асуудалд оюутнуудыг удирдаж явсан СУИС-ийн цэнгээнт бүжгийн багш Д.Ганбаярыг эцэг, эхчүүд буруутгаж буй юм. Сарын 800 мянган төгрөгөөр цалинжихаар гурван сарын гэрээ байгуулаад явсан оюутнууд цалингаа бүрэн авч чадаагүй төдийгүй хүний нутагт багагүй зүдэрснээ ярьж буй. Тэгвэл энэ асуудлаар оюутнуудыг удирдаж явсан багш Д.Ганбаяртай уулзаж ярилцлаа.

-Таны талаар таагүй мэдээллүүд гарсныг уншиж, харсан байх. Чухам юу болсон юм бэ?

-Өнгөрсөн тавдугаар сард Өвөрмонголын жуулчны баазаас надад санал ирсэн юм. Монголын талаас хүүхдүүд авч ирж бүжиглүүлээч гэж. Би оюутнууддаа санал тавьсан. Тэд ч зуны улиралд хийх ажилгүй, явъя гэцгээсэн. Ингэхдээ бид зургадугаар сарын 2-нд Монголоос гарч, 3-нд ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг дахь жуулчны баазад очсон. Анх зургадугаар сараас есдүгээр сар хүртэл гурван сарын гэрээ хийе гэж аман байдлаар тохироод очсон ч Хятадын талынхан зургадугаар сарын 15-наас цалинжуулахаар болсон. Энэ байдлыг хүүхдүүдэд хэлэхэд “Одоо нэгэнт ирснийх хийе. Яаж Монгол руу буцах вэ” гээд зөвшөөрсөн. Ингэхдээ нэг хүүхэд өдрийн 83 юань, сарын 2500 юанийн цалинтай ажиллахаар болсон.  Монгол мөнгөөр бол 800 мянган төгрөг. Ингээд ажлаа эхлүүлээд явж байхад Хятадын талынхан тэнд санхүүгийн асуудал хүнд байна, наймдугаар сарын 15-наас гэрээг цуцлахаа мэдэгдсэн. Энэ хугацаанд хүүхдүүдийн виз сунгуулахаар Монгол руу хоёр удаа гарч дөрвөн хоног алдсан. Нийтдээ 60 хоног л ажилласан. Тэнд зөвхөн монголчууд биш өвөрмонгол, хятад залуус ч ажилладаг байсан. Тухайн жуулчны бааз өөр газар бас шинэ салбар барьж байсан, түүндээ хамаг хөрөнгөө зарцуулснаас ажилчдынхаа цалинг наймдугаар сарын 15-нд бөөнөөр нь өгье гэсэн. Гэтэл өвөрмонгол ажилчид эсэргүүцээд жагсаал зохион байгуулсан. Үүнээс болж жуулчны баазын үйл ажиллагааг зогсоочихсон. Бид цалингаа нэхэхэд хүлээхийг хүссэн. Тэр үед хичээл орох цаг ойртсон учраас хүүхдүүдээ эхнээс нь буцаасан.

-Нийт хэчнээн оюутан явсан бэ. Ажиллах хугацаанд цалингаа авч байгаагүй хэрэг үү?

-10 эмэгтэй, зургаан эрэгтэй оюутан явсан. Асуудал хүндрээд цалин хөлсөө тавихгүй болохоор зургадугаар сарын 30-нд зургаан хүүхдийг буцаасан. Цалингийн хувьд бол хүүхэд бүр цувуулж 700-900 мянган төгрөг авсан. Хүүхдүүд мөнгө шаардлагатай байна гэх болгонд цааш уламжилж өөрсдийнх нь гараар тэмдэглэл хөтлүүлж авч байсан. Энэ хар даа /тэмдэглэл үзүүлэв/. Оюутан бүр эхлээд 1000, 500, 400 юань гэх мэтээр цувуулж авсан. Монголд ирснийхээ дараа ч хүүхдүүддээ гэрээр нь явж цалинг нь өгсөн.

-Гэхдээ оюутнуудын хэлж буйгаар бол анх амласан цалингаа авч чадаагүй гэж байгаа?

-60 хоног ажилласан гэж дээр хэлсэн шүү дээ. Хоёр сараар бодвол нэг оюутан 5000 юань авах байсан. Хүүхдүүдэд цалинг цувуулж өгсөөр одоо 600-700 мянган төгрөг оюутан тус бүрт өгөх тооцоо байгаа. Тэгэхээр нийт 10 гаруй сая төгрөг авах юм.

-Анх та хүүхэд, эцэг эхчүүдтэй тохирохдоо СУИС-ийн нэрийг барьсан гэсэн. Харин гэрээ хийхдээ Бүжгийн спортын холбооны тамгаар хийсэн гэсэн үү?

-Нэг зүйлийг албан ёсоор хэлье. СУИС үүнд ямар ч холбоогүй, бас Бүжгийн спортын холбоо ч хамаагүй. Зөвхөн надтай л ярих асуудал.

-Гэхдээ та эцэг эхчүүдэд СУИС-ийг төлөөлж байгаа гэж ярьсан юм биш үү?

-Тийм асуудал яриагүй. Оюутнуудад анх санал тавихдаа хувь хүний зүгээс хэлсэн. “Багшид нь ийм санал ирсэн. Та нар явах уу” гэж санал асуусан.

-Оюутнуудыг тэнд тохилог орчинд байрлуулна гэсэн ч хоол унд, амьдрах орчин тааруу байсан гэсэн?

-Энэ талаар хүүхдүүдэд Монголд байхдаа хэлж байсан. “Бид жуулчид биш. Ажиллах учраас байр сав хүнд байх” гэж. Урд нь очиж байсан зарим оюутан үүнийг хүлээн зөвшөөрч байсан. Жуулчны бааз бол ууланд, хөдөө хээр байрладаг газар. Бидний очсон жуулчны бааз Хишигтэн хошуунаас гурван км, шинэ салбар нь 20 орчим км-т алслагдсан. Орчны хувьд Хятадын ажилчдын байранд байсан. Түүнээс биш нааран дээр унтуулаад зовоогоод байсан юм байхгүй. Хоол ундны хувьд ч тэр. Хятад, өвөрмонгол ажилчдын хамтаар хоолонд ордог байсан. Шөнийн 3:00 цаг хүртэл ажилласан то­хиол­дол байхгүй. Өдөрт гурван удаагийн 45 минутын тоглолттой байсан. Хүүхдүүд өдөр бүр ар гэртэйгээ ви чатаар холбогдож байсан шүү дээ. Би ч тэдэнтэй байнга холбоотой, ямар нэгэн асуу­дал гарах бүрт наашаа цаашаа ярьж, болж бүтэх талаас нь хөөцөлдөж байсан.

-Эцэг эхчүүд Д.Ганбаяр багш оюутнуудынхаа өмнөөс цалинг нь хувьдаа авсан юм биш биз гэсэн хардлагатай байна. Та өөрөө хэдэн төгрөгөөр цалинжиж байсан бэ?

-Би 3500 юаниар цалинжихаар тохирсон байсан. Гэтэл ийм асуудал босоод ирэхэд цалингаа авах битгий хэл хүүхдүүдийн минь цалинг өгөөч гэж хөөцөлдсөөр өөрөө хоосон хоцорсон. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээр өөрсдөөр нь мөнгийг нь хятадуудаас авхуулж байсан. Би нэг ч төгрөг тэднээс өөрийн гараар аваагүй. Ингээд хүүхдүүд мөнгөө авсан гарын үсэг энэ байна.

-Хятадын талынхан яагаад мөнгөө өгөхгүй байна?

-Жуулчны бааз нь ажлаа явуулж байгаад наймдугаар сарын 15-нд тэнд ажиллаж байсан өвөрмонгол залуусын цалинг тавихаа больсон юм билээ. Гэтэл өвөрмонгол залуус жагсаал хийсэн. яг тэр байдлаар өвөрмонголчууд нэг ч төгрөгийн цалин авч чадаагүй. Түүнээс болж Долооннуураас жуулчны баазын үйл ажиллагааг зогсоочихсон. Наймдугаар сарын 7-8-ны үед болсон асуудал. Хоёр сар ажилласан хүмүүс цалингаа авахыг бодно. Би ч гэсэн хүүхдүүдийнхээ цалинг авахыг бодно шүү дээ. Нийт 50 гаруй өвөрмонгол, хятад ажилтан байсан. жуулчны баазынхан цалингаа түр хүлээгээч гэхэд өвөрмонголчууд хаачихсан. Тиймээс тавьж чадаагүй.

-Та жуулчны бааз­тайгаа хэрхэн тохирсон юм бэ. Таны хэлснээр бол хулхидуулсан гэсэн үг үү?

-Анх Монголд аман гэрээ хийгээд, тэнд очингуут албан ёсоор гэрээ хийхээр тохирсон. Очоод гэрээ хийх гэтэл тохиролцсон хүнтэйгээ уулзаж чадахгүй цаг алдсан. Тэгж тэгж нэг гэрээ хийсэн. Тэр нь хятад хэл дээр. Орчуулж чадаагүй. Жагсаал цуг­лааны асуудал босч, үйл ажиллагаа нь хаагдсан учраас хүлээ гэсэн. Дээ­рээс нь хүүхдүүд мөнгөө бүрэн авч чадаагүй нэг шалтгаан нь оюутнуудын буруугаас болж байсан. Жуулчны бааз дээр мөрдөх ёстой дотоод журмыг мөр­дөөгүй, архидан согтуурч хоорондоо зодолдсон зэрэг зөрчил багагүй гарсан. Үүнийг Хятадын талынхан өлгөж аваад, цалин өгөхгүй гэсэн асуудал яригдаж байсан.

-Энэ асуудлаар ямар нэгэн газарт хандсан уу?

-Тэнд Эрээний консул руу ярьж үзсэн. Эрээнд байсан монголчуудтай холбогдож, тусламж хүртэл хүссэн. Тэд надад Эрээний Консулын дугаар өгсөн. Консултай ярихад “Арга хэмжээ авах боломжгүй. Энэ асуудал 10 гаруй жил яригдаж байгаа. Монголчууд өөрсдөө хөдөлмөрийн гэрээ хийж, ямар орчинд байгааг анхнаас нь судалж үзээгүйгээс болж хохирдог” гэсэн. Би ч бас бодож байна. Энэ талаар дутуу ойлголттой явж, анхнаас нь буруу хөдөлсөн. Хүүхдүүдээ эвгүй байдалд оруулчихлаа гэдгээ мэдэж байгаа. Одоо бол Хятадын талтай холбогдож хохирлоо барагдуулах ямар ч найдваргүй бол­сон. Анхнаас нь би өөрөө удирдсан боло­хоор хохирлыг өөрөө барагдуулна.

-Та эцэг, эхчүүдтэй уулзахгүй, хохирлыг бараг­дуулах боломжгүй гэсэн тайлбар өгч байгаа гэсэн?

-Мэдээж олон хүүхдийн цалин дутуу байгаа учраас анх уулзахад эвгүй байсан. Гэхдээ хэд, хэд уулзаж эцэг эхчүүдэд бодит байдлаа хэлсэн. Урлагийн хүн учраас шинэ жилийн арга хэмжээнд оролцож мөнгийг нь гүйцээж өгье гэж ярилцаж байсан ч энэ жилийн хувьд албан байгууллагуудын эдийн засгийн байдал тийм ч таатай байхгүй байгаа бололтой. Санаснаар болохгүй байна. Тиймээс саяхан уулзахдаа эцэг эхчүүдэд хэлсэн. Гуравдугаар сарын 1 хүртэл хугацаа өгөөч гэсэн. Урьдаас эхлүүлсэн нэг ажил байсан. Ашгаас нь хохирлоо барагдуулах санаатай байсан ч хамтран ажиллахаар болсон хүмүүс энэ асуудлаас болж эхнээсээ зогсч байх шиг байна. Намайг 16 хүүхдийн төлбөрийг төл гэсэн. Өнөөдөр нэг айл хүүхдийнхээ төлбөрийг төлж чадахгүй байхад би 16 хүүхдийн төлбөрийг яаж төлөх вэ дээ. Нэг талдаа бодууштай асуудал.

-СУИС-ийн зүгээс энэ асуудлаар таны эсрэг гомдол гаргах саналтай байгаа юм билээ?

-СУИС-ийнхнаас уучлалт гуйж байна. Би Монголын бүжгийн спортын хөгжилд нэ­лээд том амжилтуудыг эх орондоо авч ирж байсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө бэлтгэсэн хамтлагийг явуулж Монголын хамгийн өндөр амжилтыг гаргаж байсан. Хоёр, гурван удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүүхдүүдээ авч явж байсан. Би хүүхдүүдийн төлөө явж ирсэн болохоор энэ удаа ч Хятад руу ийм сэтгэлээр л явсан. Тэртэй тэргүй гурван сарын турш хүүхдүүд хийх ажилгүй, би ч бас сард 3500 юань авчих юмсан гэж бодсондоо явсан. Гэтэл хүүхдүүд маань үүнийг харж, бодит байдлыг хамт л туулж ирчихээд ингэж хэлж байгаад гайхаж байна. Бид нэгнээ түшээд явсан. Урлагийн амьдрал бол эрсдэлтэй. Карьерын хувьд хүн бүр янз бүрээр хүлээж авах байх. Гэтэл ийм мэдээллээс болж хамтарч ажиллах хүмүүс маань цааргалж эхэлж байна. Юу ч гэмээр юм бэ дээ. Хэцүү байна. Гэхдээ үүнийг цаг хугацаа харуулах байх.
 

Зууны мэдээ
Б.Заяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2015-12-26 08:51:12
    ynen bol ene hyn cn hecyy um biczyy,manaihan genen um,ooroo cz hohirood,oiutnyyd bas eh ecegni ui bodoj yawuuldag baina,hyatad helgyi bol hyatadad hecyyszdee
    88.156.27.108
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2015-12-24 11:28:26
    Ene N O V SH-g saatuulaach!!!
    103.57.92.135
    Мэдэгдсэн Хариулах