Air France-ийн онгоцонд хуурамч тэсрэх бөмбөг байжээ

Францын Air France авиакомпанийн онгоцноос илэрсэн сэжиг бүхий зүйл нь дэлбэрэх төхөөрөмжийг дууриалган хийсэн хуурамч зүйл байсан, ямар нэг аюул учруулаагүй хэмээн мэдэгдэв. Маврики улсаас Парис руу нисч явсан Air France-ийн нисэх онгоцны бие засах өрөөнөөс сэжигтэй боодолтой зүйл илэрсний дараа тус онгоц Кений Мумбаса хотын нисэх буудалд яаралтай буулт хийсэн юм. Онгоцонд явсан зорчигч болон экипажийн гишүүдийг яаралтай гаргаж, мэргэжилтнүүд сэжигтэй зүйлийг онгоцноос гаргаж аюулгүй газар аваачжээ. Хэн нэгэн этгээд цаасан хайрцагтай боодолд цаг бэхэлж тавьсан байсан талаар Францын авиакомпанийн удирдлагаас мэдэгдлээ. Энэ хэрэг явдлыг “Хэт түрэмгий үйлдэл” хэмээн үзсэн юм.

Маврики улсаас хөөрсөн “Боинг 777” нисэх онгоцонд 459 зорчигч, нисэх багийн 14 гишүүн явж байсан бөгөөд Парисын Шарль де Голль нисэх буудалд хүртэл шууд нислэг гүйцэтгэж байсан аж. Нислэгийн үеэр бие засах өрөөнд орсон нэгэн зорчигч тэнд электрон цаг бэхэлж уясан сэжигтэй хайрцаг байна хэмээн нисэх багт мэдэгджээ. Үүний дараа нисэх багийнхан Кенийн нисэх буудалд яаралтай буух шийдвэр гаргасан байна. Кенийн цагдаа хэд хэдэн зорчигчоос байцаалт авчээ. Энэ хэрэг явдлыг мөрдөн шалгаж, буруутай этгээдийг хариуцлагад татна хэмээн Air France-ийн удирдлага мэдэгдлээ.

Маврики улс дахь аюулгүй байдлын хяналт, шалгалт сул байсан тухай яриа гарсан ч тус улсын эрх баригчид үүнийг няцаажээ. Тэсрэх бөмбөг шиг харагдсан зүйл нь тэсрэх бодис агуулаагүй байсан тул нислэгийн өмнөх аюулгүйн үзлэгээр юу ч илрээгүй хэмээн мэдэг­дэв. Францын авиа­компаниас дам­жуулж буйгаар, цаасан хайр­цагтай зүйлд гал тогоо­ны ахуйн электрон цаг бэхэлж нисэх онгоцны бие засах өрөөний жижиг шүүгээнд хийсэн байжээ. Хуурамч тэсрэх бөм­бөгийг хэзээ тийш нь оруулж тавьсан нь тодор­хойгүй байна. Нисэх онгоц хөөрөхөөс өмнө бие засах өрөөний шүү­гээг шалгасан, сэжигтэй юу ч байгаагүй хэмээн мэдээлж байна. Тиймээс нислэгийн үед хэн нэг нь айлган сүрдүүлэх зорил­гоор тэр зүйлийг тавьсан хэмээн үзэж байгаа аж. Тус нислэгээр зорчиж явсан нэгэн зорчигчийн баталж буйгаар, нисэх онгоц техникийн доголдлын улмаас Кенид газардахаар боллоо хэмээн дуулгасны дараа бүх зорчигчид тайван байдлаа хадгалж байсан аж. Энэтхэгийн далайд оршдог Маврики арал нь франц жуулчдын амрах дуртай газрын нэг юм.

Арваннэгдүгээр сарын 18-нд Лос-Анжелес болон Вашингтоноос Парис руу нисч байсан хоёр онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан мэдээлэл ирж, хоёулаа ослын буулт хийсэн ч нисэх онгоцноос ямар ч тэсрэх бөмбөг олдоогүй. Арван­нэг­дүгээр сарын 13-нд Парис хотод аймшигт цуврал халдлага болж 130 хүн амиа алдсаны дараа Франц улс онцгой сонор сэрэмжтэй байгаа билээ. Хэт даврагч “Исламын улс” бүлэг энэ хэр­гийн хариуцлагыг хүлээсэн юм. Мөн аравдугаар сарын 31-нд Оросын авиакомпанийн онгоц Египетэд сүйрч 224 хүн амь үрэгдсэн. Мөрдөн шалгалтаар тус онгоцонд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас онгоц сүйрсэн болох нь тогтоогджээ. Гэвч Египетийн эрх баригчид Оросын нисэх онгоцыг дэлбэлсэн гэх нотолгоо олдоогүй хэмээн мэдэг­дэж байгаа аж.


Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-12-22 09:57:46
    энэ бол тоглоом биш, бүх дэлхийг эрхшээлдээ байлгах гэсэн АНу тэргүүтэй том гүрнүүдийн түрэмгийлэлийн гай шүү дээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-22 02:38:19
    Онгоцонд тэсрэх бөмбөг оруулж тавьж болно гэдгийг харуулж нотолж байгаа юм. Урдчилсан шалгалт муу байгааг харуулж байна.Хэн ямар аргаар оруулав гэдгийг тогтоо.
    202.9.40.230
    Мэдэгдсэн Хариулах
  • wew 2015-12-22 02:02:17
    yag zov manai saaral ordond eniigee avaad ir.
    203.194.116.4
    Мэдэгдсэн Хариулах