Монголбанкны бодлого, байр суурийг заавал авч үзэх шаардлагатай гэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх хуралдаанаар   Засгийн газраас өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулав.
Танилцуулгад дурдагсанаар, Монгол Улсын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл дээр бонд гаргаж санхүүгийн шинэ эх үүсвэр бүрдүүлэхэд татварын дарамт үүсгэж, бонд гаргагчийн ашигтай ажиллах хууль эрх зүйн орчныг муутгаж байгаа тул арилжааны банкнаас гаргах бондын хүүг аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх саналыг ирүүлжээ.
Саналыг судлан үзсэний дагуу зээлийн хүүгийн орлогыг татвараас чөлөөлөх нь “нимгэн капиталжуулалт”-ыг бий болгож, ашгаа зээлийн хүү нэрээр татваргүйгээр гадагш шилжүүлэх эрсдэл бий болохоор байна. Иймд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор гадаад, дотоод гэж ялгалгүй хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах нь татварын тэгш шударга байх зарчмыг хангаж байна. Харин Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар оршин суугч болон оршин суугч бус этгээд нь зээлийн хүүгийн орлогод10 хувиар албан татвар ногдуулж байх тул хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Саналыг судлан үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага зээл төлүүлэх зорилгоор түр эзэмшиж, худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг дэмжих боломжтой байна. Харин бусад татварыг чөлөөлөх нь цаашид банк, банк бус санхүүгийн байгууллага үл хөдлөхэд хөрөнгө зуучлан борлуулдаг аж ахуйн нэгж болох эрсдэлтэй тул саналыг хүлээн авах боломжгүй байна гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс хуульд хамрагдах хүрээг тооцоо судалгаатай батлах хэрэгтэйг хэлж байсан юм. Мөн цаашид Монгол Улсад зээлийн хүүг бууруулахын тулд бодлогын ямар баримт бичиг батлах ёстойг давхар авч үзэх ёстой. Арилжааны банкуудын бодлогыг дэмжих гэж байгаа бол Монголбанкны бодлого, байр суурийг заавал авч үзэх шаардлагатай. Сүүлийн олон жилд арилжааны банкуудын үйл ажиллагаа сайжирч тэдний орлого маш ихээр нэмэгдсэн. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжид олгож байгаа зээлийн хүү буурахгүй байгаа талаар тэд байнга ярьдаг. Иймд энэ хууль батлагдсанаар зээлийн хүүгийн дарамтыг бууруулахад тодорхой үр дүнгээ өгөх нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм. Ингээд Байнгын хорооны  хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж гишүүдийн 67,2 хувь нь дэмжлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.