С.Эрдэнэбаяр: Бага насны хүүхдээ орон гэртээ цоожилж бүү үлдээ
Хүйтний улирал ирсэнтэй холбоотойгоор ахуйн холбогдолтой гал түймэр ихээр гарах болсон. Үүний улмаас бага насны хүүхдүүд галд өртөж амиа алдсан харамсалтай явдал ихээр гарах болсон билээ. Иймээс иргэддээ гал түймрийн аюулаас сэргийлэх, эд хөрөнгө, үр хүүхдээ хэрхэн авран хамгаалах вэ гэдэг талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын хошууч С.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Хүйтний улирал ирсэн болоод ч тэр үү ахуйн холбогдолтой гал түймрийн тоо тоо буурахгүй байна. Он гарсаар ахуйн холбогдолтой хэчнээн гал түймэр гарав?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 2014 онд объектын гал түймэр 3083 удаа, 2015 онд 3353 удаагийн гал түймэр тус тус гарч, гарсан гал түймрийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өссөн байна. Энэ онд гал түймрийн улмаас төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 4 тэрбум 729 сая төгрөгийн хохирол учирч, 32 хүн амь насаа алдаж, 27 хүн түлэгдэж гэмтсэн байна.

2015 онд гарсан объектын гал түймрийн  нийт дуудлагын 59.4 хувийг ил задгай хог, өнжмөл өвс, хогийн сувагт хог шатсан гал түймрийн дуудлага эзэлж байна, өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар  өссөн үзүүлэлт нь гал түймрийн дуудлага өсөхөд нөлөөлж байна .

Дээрх гарсан гал түймрийн дуудлагуудад нийслэлийн Онцгой байдлын газрын хүн, хүч хэрэгсэл ажиллаж, гарсан гал түймрийг байгаа хэмжээнд нь цаг алдалгүй түргэн шуурхай унтрааж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5 тэрбум 607 сая төгрөгийн эд хөрөнгө, 685 хүний амь насыг тус тус авран хамгаалсан байна.

-Ахуйн түймэр голдуу гэр хороололд гараад байх шиг санагддаг?

-2015 онд гарсан гал түймрийн нийт дуудлагын 46 хувийг гэр хороололд байрлах төвийн шугамд холбогдоогүй, галлагаатай байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламж болон иргэдийн гэр, орон сууцад гарсан гал түймэр эзэлж байна. Гэр хороололд гарсан гал түймэр өмнөх оноос 9.5 хувиар өссөн байна.  
Объектын гал түймрийн дуудлагыг дүүргээр нь харьцуулбал хүн амын нягтаршил ихтэй, гэр хороололжсон Баянзүрх дүүрэг 24 хувийг, Сонгонохайрхан дүүрэг 22 хувийг тус тус эзэлж байна.

-Голдуу ямар шалтгааны улмаас гал түймэр гарч байна. Иргэдийн хайхрамжгүй байдал нөлөөлж байна уу?

-Статистик судалгаанаас харахад нийт гарсан гал түймрийн дуудлагын  59.2 хувь нь ил задгай гал, асгасан үнс нурамнаас, 8.5 хувь нь пийшин зуух, яндангийн цонолтоос, 15.4 хувь нь цахилгаан ашиглалт, техникийн гэмтэл, угсралтын буруугаас, үлдсэн 16.9 хувь нь бусад шалтгаанаас тус тус гарсан байна. Дээрх гарсан гал түймрийн шалтгаан нөхцөлөөс үзвэл иргэдийн санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагаанаас ихэвчлэн гал түймэр гарч байна гэсэн үг.

-Мөн гал түймэрт хүүхэд эрсдэх явдал сүүлийн үед их байна. Хамгийн сүүлийн мэдээллээр бараг долоо хоногийн дотор нийслэлд  дөрвөн хүүхэд орон гэртэйгээ шатаж, амиа алдсан харамсалтай мэдээ байна. Энэ юутай холбоотой байна вэ, эцэг эхчүүдийн хараа хяналт сул байна уу?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт 2015 онд гарсан гал түймрийн улмаас нийт 7 хүүхэд нас барсан байна. Энэ оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Ногоочдын гудамжинд 5 ханатай гэр шатаж, гал түймэрт 2-16 насны гурван хүүхэд амь насаа алдсан байгаа, шалтгааныг нь тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Гарсан гал түймрийн улмаас бага насны хүүхэд амь насаа алдаж байгаа нь  эцэг эцэх, асран хамгаалагч нарын хараа хяналт сул, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэж  үзэж байна.

-Сая Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж, 10 хүртэл настай хүүхдүүд заавал 15 наснаас дээш хүний хараа хяналт дор замын хөдөлгөөнд оролцох ёстой гэсэн дүрэмтэй болсон.  Хэрэв үүнийг зөрчвөл эцэг эхчүүдэд нь хариуцлага үүрүүлдэг болсон. Тэгвэл эцэг эхийн хараа хяналт сулаас гэртээ үлдсэн хүүхдүүд галаас болж амиа алдсан тохиолдолд үүрүүлэх хариуцлага гэж бий юу?

-Монгол Улсын Их хурлаар 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр Галын аюулгүй байдлын тухай шинэ хууль батлагдсан байгаа, энэ хуулийн 16 дугаар зүйлд галын аюулгүй байдлыг хангах талаар иргэний эрх, үүргийг зүйлчлэн тусгасан.
Тухайлбал ахуйн галын аюулгүй байдлыг хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлж, гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэгтэй байгаа.  
Эцэг эхийн хараа хяналт сул, санамсар болгоомжгүй үйл ажиллагаанаас  гэр, орон сууцад гарсан гал түймрийн улмаас хүүхдүүд амиа алдсан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэх хариуцлагын талаар зүйл заалт одоогоор байхгүй, харин шинээр батлагдсан Монгол улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд тус хуулийн 25 дугаар зүйлд зааснаар иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж байгуулагад захиргааны арга  хэмжээ тооцон ажиллаж байна.

-Иргэд галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг муу байна уу, урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд галын аюулгүй байдлыг хангах талаар иргэний эрх, үүргийг зүйлчлэн тусгасан талаар дээр хэлсэн, тэгэхээр иргэд холбогдох хууль тогтоомжийг судлах, мөн, гэр орон сууцдаа ашиглаж, хэрэглэж буй цахилгаан тоног төхөөрөмж болон цахилгаан хэрэгслийн галын аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж, гэр орон сууцад шинээр цахилгааны монтажны утсыг тавихдаа мэргэжлийн хүнээр хийлгэх,  стандартын шаардлага хангасан цахилгааны утсыг ашиглах, эвдрэл гэмтэлтэй цахилгааны уртасгагч, бусад хэрэгслийг ашиглахгүй байх, үнс нурмаа зориулалтын төмөр тагтай  саванд хийх, хараа хяналтгүйгээр бага насны хүүхдийг гэр орон сууцдаа цоожилж орхихгүй байх тал дээр анхаарч ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.