Санхүүгийн түрээсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна
Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа. 

УИХ-аас 2006 онд батлан гаргасан Санхүүгийн түрээсийн тухай хууль нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын хамтаар Монгол Улсад санхүүгийн түрээсийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Уг хуулиар санхүүгийн түрээсийн тодорхойлолт, түрээсийн зүйл байж болох эд хөрөнгө, түрээслэгч, түрээслүүлэгч болон гуравдагч этгээдийн эрх, үүрэг зэрэг онцлог зохицуулалтыг нэвтрүүлсэн боловч санхүүгийн түрээсийн зах зээлийн өсөлт, хөгжилд төдийлөн нэмэр болж чадахгүй байна. Иймд  Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, түрээсийн харилцаанд оролцогч талуудын ашиг сонирхолд нийцүүлэх, улмаар санхүүгийн түрээсийн харилцааг бүрэн гүйцэд, зүй зохистой зохицуулах шаардлагын үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Нэмэлт, өөрчлөлтөөр санхүүгийн түрээсийн харилцаа болон санхүүгийн түрээсийн гэрээний тодорхойлолтыг салгаж, ойлгомжтойгоор тодорхойлох, хуульд байх шаардлагагүй, тусгайлан харилцаа зохицуулаагүй, салаа утгатай зүйл заалтыг хасах, санхүүгийн түрээсийн гэрээг барьцаалах болон талууд эрх, үүргээ бусдад шилжүүлэх харилцааг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтыг оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар санхүүгийн түрээсийн эрх зүйн зохицуулалт илүү уян хатан болж, үйлчилгээний хүрээ, хүртээмж, хэмжээ нэмэгдэхэд түлхэц болно. Хөдөө аж ахуйн болон улирлын шинж чанартай аж ахуйн бусад салбарын онцлогийг харгалзсан бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрэх боломж нэмэгдэнэ. Санхүүгийн түрээсийн зах зээлийн хөгжил түргэссэнээр эдийн засаг дахь санхүүжилтийн хүртээмж нэмэгдэж, аж ахуйн нэгж, иргэдийн орлого, ажил эрхлэлтийн өсөлтөд дэмжлэг болно гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.