Австрали, Испанийн шигшээ багууд ДАШТ-нийг хамгийн түрүүнд орхилоо
Өнгөрсөн шөнө ДАШТ-ний хэсгийн хоёр дахь тоглолтууд болж Австрали, Испанийн шигшээ багуудын хувьд энэ удаагийн ДАШТ өндөрлөлөө. Хөлбөмбөг сонирхогчид дэлхийн аваргын цомыг хамгаалагч Испанийн шигшээ багийг хэсгийн шатнаас гутамшигтайгаа хасагдана гэж тааварлаагүй. Нээлтийн тоглолтондоо Нидерландын шигшээ  багт 5:1-ээр бут ниргүүлснийх нь дараа ч тэднийг эргэн ирж тэмцээнийг үргэлжлүүлнэ хэмээн итгэж байсан нь өнгөрсөн шөнө эсрэгээрээ эргэлээ. Тэд энэ ДАШТ-нд тун сайн форумтай оролцож байгаа Чилиийн шигшээ багт 2:0-ээр хожигдлоо. Сүүлийн жилүүдэд европ, дэлхийн тавцанд босоо байсан “Ялагдашгүй Армада”-чууд ийнхүү ДАШТ-нд хоёр тоглолтонд оролцохдоо торгуулийн цохилтоор ганц гоол оруулж, хаалгандаа долоон гоол алдсан гэх муу үзүүлэлтээр энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүллээ. Тэдний энэхүү хожигдлын дараа дэлхий даяар Испанийн шигшээ багийн тики-така тактикийг амжилт олохоо больсон гэдгийг ярьцгааж байна.

Харин энэ хэсгийн дараагийн тоглолт бол Нидерланд болон Австралийн шигшээ багуудын тоглолт байлаа. ДАШТ-нийг гайхалтай эхлүүлсэн Нидерландчууд энэ удаад Австралийн шигшээ багийг 3:2-ийн харьцаатай ялж хэсгээ Чилийн хамт тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин Австралийн шигшээ багийн хувьд ДАШТ өндөрлөлөө. Гэхдээ Испанин шигшээг бодвол тэднийг хэсгээсээ гарна гэж тааварлаж байсан хүн тун цөөхөн байсан юм. Энэ тоглолтонд Нидерландын багаас Аррен Роббен болон Робин Ван Перси нар тус бүр нэг гоол хийж нийт гурван гоолтой болсноор Германы шигшээ багийн довтлогч Т.Мюллерын хамт мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Чилийн эсрэг хийх бөгөөд энэ хоёр багийн аль хожсон нь хэсгээ тэргүүлэх бөгөөд А хэсгээс хоёроор гарсан багтай тулна. Харин энэ тоглолтонд хоёроор гарсан баг нь А хэсгийн нэгээр гарсан багтай хасагдах шатанд тулна. А хэсгээс Бразил нэгээр гарах магадлал өндөр байгаа учир дэлхийн таван удаагийн аварга, зохион байгуулагч оронтой таарахыг аль аль нь хүсэхгүй мэдээж хэрэг. Тэгэхээр В хэсгийн сүүлийн тоглолт тун сонирхолтой болох дүр зураг харагдаж байна.

Дашрамд дуулгахад Нидерландын багийн супер довтлогч Робин Ван Перси Чилийн эсрэг хийх сүүлийн тоглолтонд хуудасны улмаас өнжих юм. Тэрбээр хэсгийн хоёр тоглолтонд дараалан шар хуудас авсан тул Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрмээр дараагийн нэг тоглолтыг өнжих юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.