Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Нийтийн тээврийнхэнд  өдөр бүр гэнэтийн шалгалт хийж байхаар болов



Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”  албан даалгаврыг энэ сарын 05-ны өдөр гаргасан. Уг даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг үүрэг болгосон юм. Энэхүү ажлын хүрээнд 12 сарын 10-ны өдрийн 06:40 цагаас 22:40 цаг хүртэл  Ч:17А ”Баруун 4 зам - Их тойруу - Нарны зам”, Ч.17Б “Баруун 4 зам - Нарны зам - Их тойруу”, Ч:18А “3-4 хороолол - Ард кино театр - Тэц-4” чиглэлийн 19 автобусанд нийслэлийн Тээврийн газрын 65 мэргэжилтэн өдрийн турш хяналт тавин ажиллаа. Хяналт тавих хугацаанд “Ээлжийн жолоочгүй, хий хөлдсөн, машинтай шүргэлцсэн, LED хаяг ажиллаагүй, камерын харах өнцгийг өөрчилсөн” зэрэг зөрчлүүд илрэв. Илэрсэн зөрчлийг цаг тухайд нь “Хяналтын деспичер алба”-тай холбогдон арилгуулж ажиллалаа. Дээрх гэнэтийн хяналтын ажлыг энэ оныг дуустал өдөр бүр хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.

Чингисийн талбайг хуучнаар нь нэрлэх шүүхийн шийдвэр гарав



1921 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, Ардын журамт цэргийн жанжин Д. Сүхбаатарыг 1923 онд таалал төгссөний дараагаар Нийслэл Улаанбаатар хотын төв талбайг түүний нэрэмжит талбай болгох тухай шийдвэрийг гаргаж байсан түүхтэй. Туурга тусгаар Монгол улсыг зарлан тунхаглахад үнэтэй хувь нэмэр оруулсан энэ хүний нэрээр нэрлэгдсэн төв талбайн нэрийг өөрчилж, Их Монгол улсыг Үндэслэгч Их эзэн Чингис хааны нэрээр нэрлэх тухай тогтоолыг 2013 оны 7-р сарын 15-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар  гаргасан юм. Харин МАН-ынхан  энэ тогтоолыг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайн нэрийг сэргээхээр  шүүхэд хандаад байсан юм. 2 жилийн туршид Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн талбайн нэрийг хуучнаар нь сэргээж Сүхбаатарын талбай болгон нэрлэх ёстой  гэсэн шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан байна.  

Хар машиныг шатаав


УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам МАН-н уриалгаар Тусгаар тогтнолын талбайд нэгдсэн жагсаал хийлээ. Жагсагчид “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” уриан дор жагссан бөгөөд сонгуулийн саналыг гараар давхар тоолохыг уриалсан лоозон барьсан байсан юм.Шинэ он гарахаас урьтаж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа бөгөөд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой. Ингэж байж өнгөрсөн хугацаанд гарсан эргэлзээг тайлна гэсэн байр суурьтай байгаа юм.Жагсагчид сонгуулийн санал тоолох хар хайрцгийг Тусгаар тогтнолын талбайд шатаасан бөгөөд дээрх шаардлагаа УИХ болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ.

Н.Энхбаяр шадар сайдад нэр дэвшив 



Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Шадар сайд болох нь гэсэн яриа долоо хоногийн сүүлийн хоёр өдрийн ярианы гол сэдэв байлаа. Тэгвэл лхагва гарагийн 21.00 цаг өнгөрч байхад МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан өөрийн твиттер хуудаснаа "МАХН-ын нарийн бичгийн дарга нар хуралдаад АН-ын санал, эвслийн ЗГ-ийн гэрээний зарчмыг үндэслэн Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэв" гэж бичсэн.Уг үйл явдал үнэн болохыг баталж пүрэв гарагт УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Ерөнхий сайдад өргөх бичиг хүргүүлсэн юм. Үүнд Монгол Улсын Шадар сайдаар Н.Энхбаяр, Эрүүл мэнд спортын сайдад Ц.Оюунбаатар нарыг томилуулахаар нэрийг нь өргөн барьсан юм.

Цэц мэдээлэл хийв



Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Наранчимэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж , цэцийн 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр ээлжит Их суудлын хуралдаанаараа шийдвэрлэсэн Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосон асуудалд тайлбар хийлээ. Үндсэн хуулийн цэц орон сууцны ипотекийн зээлийн хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа гэх шүүмжлэл өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн. Мөн цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа гэх хардлага бий болоод байсан юм. 

Ингээд өнөөдөр дээрх асуудлуудад цэц хариулт өгсөн юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг мэдээллийнхээ эхэнд цэц ард түмнийхээ талд шийдвэр гаргасан гэдгээ хэллээ. Тэрбээр цааш үргэлжлүүлэхдээ “Үндсэн хуулийн цэцэд иргэн А.Базар гомдол гаргасны дагуу шийдвэр гаргасан байсан. Энэ шийдвэрийг УИХ хүлээж авахгүй гэж үзсэн бөгөөд энэ сарын 9-ний өдөр Их суудлын хуралдаан болж, Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосон. Мөн Цэцийн 15 дугаар дүгнэлтээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг хууль зөрчсөн гэж үзсэн байгаа. Энэ талаарх гомдлыг иргэн Б.Энхбаяр, Янжинлхам нар ирүүлсэн. Цэц хэн нэгнийг аль намын гишүүн бэ гэдгийг асуух ямар ч эрхгүй. Монгол Улсын иргэн гэдэг үүднээс л хандана” гэсэн юм.
 
Дээрх шийдвэрүүдийг гаргаснаар орон сууцны зээлийн хүү 8 хувиас нэмэгдэж, 20 хувьд хүрэх нь гэх болгоомжлол бий болоод болсон. Гэвч Цэцийн зүгээс зээлийн хүү ямар байхтай холбоотой ямар ч шийдвэр гаргаагүй гэдгээ ийн мэдэгдлээ.
Б. Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • olloo 2015-12-13 13:53:58
    Тийм үү
    202.9.41.239
    Мэдэгдсэн Хариулах