Сумын ЗДТГ-ын орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулжээ

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Дунд хугацааны стратеги батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахыг Аж үйлдвэрийн сайдад даалгаж,  стратегийн зорилт, арга хэмжээг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харьяа дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Тогтоолоор, дунд хугацааны стратеги боловсруулах болсон нийтлэг үндэслэл, стратегийн хамрах хүрээ, хэрэгжүүлэх хугацаа, баримтлах зарчмыг тогтоож өгсөн байна. Тухайлбал, стратеги нь уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад аж үйлдвэрийн салбарын хүрээнд үйлчлэх бөгөөд 2015-2020 онд хэрэгжүүлэх аж. Мөн тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн, ногоон технологид суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах юм байна.

Үүнээс гадна тогтоолоор, стратегийн зорилго, зорилтыг тодорхойлж, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасны зэрэгцээ стратегийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх, үр дүнг хэрхэн үнэлэх, дүгнэх шалгуур үзүүлэлт ямар байх зэргийг тогтоож өгсөн байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор,  сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулжээ.Үүгээр сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгжийн орон тоог тухайн сумын газар зүйн байршил, хүн амын тоо, тосгоны алслагдсан байдал, газар тариалан, мал аж ахуй эрхлэлтийн түвшинг харгалзан энэ тогтоолд заасан орон тооны дээд хязгаарт багтаан тогтоох ажээ.

Засгийн газрын тогтоолоор, “Санхүүгийн алба байгуулах тухай”  тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба хариуцан гүйцэтгэж байгаатай холбогдуулан аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг аймгийн Засаг дарга болон холбогдох төсвийн захирагч нарт үүрэг болгосон байна.

Эмхэтгэлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтлэв.

Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч,” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчилж Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн үндэслэлийн агуулгад нийцүүлсэн байгааг тогтоолдоо дурджээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.