Хориотой ан хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болъё
Монгол Улс зөвхөн газрын тос, алт зэс, нүүрс, жоншноос гадна байгалийн асар их баялагтай орон. Эдгээрт ховор ан, амьтад зүй ёсоор тооцогддог. Харамсалтай нь бид байгалийн баялаг, ховор ан амьтдаа хамгаалах талаар ямар нэгэн дорвитой алхам хийхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Эрт цагаас анчин, гөрөөчин гэж байсан. Харин өнөөгийн хууль бус анчид, зэрлэг алуурчдын асуудал өдөр, шөнө шиг ялгаатай. Зэр зэвсгийн хүч, машины хурдаар амьтны амь хөнөөж байгаа хүмүүсийг анчид гэхгүй. Харин тэднийг алуурчид гэвэл таарах биз.
 
Тэдний увайгүй, явуургүй үйлдлээс болж ховор гэлтгүй ан амьтан хорогдож, үзэгдэж, харагдахаа больсон тухай хөдөөгийнхөн ярьж байна. Ганцхан жишээ дурьдахад одоогоос хэдхэн жилийн өмнө Дорнод Монголын тал чоно, цагаан зээрийн нутаг байжээ. Усны давалгаа шиг үелзэж харагддаг байсан цагаан зээрийн сүрэг эдүгээ бараг харагдахаа больсон тухай нутгийн иргэд ярьж байна. “100-200-аараа сүрэглэн яваа зээрийн сүрэгтэй таарвал ховор, сонин зүйл олж харлаа гэж бод” хэмээн нутгийн өвгөд хэлэх аж. Үүнээс гадна Дорнодын талд чоно ихээр сүрэглэн явдаг байжээ. Мэдээж нэг хэсэг чонын тоо толгойг бууруулах үүднээс чоно авлахыг зөвшөөрсөн байсан ч эдүгээ бараг харагдахаа больсон тул буцаагаад хориглосон байна.
 
Дорнодын талд чоныг жийпээр хөөж, буудахад хамгийн тохиромжтой учраас хориотой анчид энэ нутгийг олон жилийн өмнөөс зорих болжээ. Үүний үр дүнд эдүгээ Дорнод монголын талд чоно, зээрийн аль аль нь бараг харагдахаа больсон аж. Тиймээс ч чоно авлахыг хуулиар хориглосон байна. Харин зээрийн тухайд цөөн хувь нь хилийн зурваст хүрч, төмөр торонд орооцолдож амиа алддаг бөгөөд хил давж, тоо толгой нь ч хорогддог байна.

Тодруулбал, хойд хил давахад Оросууд хилээ хааж, зээрийг агнадаг тухай яриа ч чихний гадуур өнгөрсөнгүй. Дорнодын тухайд ийм. Үүнээс гадна манайд хүдэр гэх амьтны тоо толгой эрс ховорджээ. Заарнаасаа болж эр хүдрийн тоо толгой эрс багассан тухай мэргэжилтнүүд ярьж байна. Эр хүдэрт л зөвхөн заар  байдаг учраас анчид агнаж, хууль бусаар хил давуулдаг аж. Үүнээс болж байгаль дахь эр, эм хүдрийн харьцаа алдагдаж, улмаар өсөлтөд нь сөргөөр нөлөөлжээ. Одоогоос хэдхэн жилийн өмнө хэдэн зуугаараа тоологдож байсан хүдэр гэгч амьтан эдүгээ 100 хүрэхгүй Монголд үлдсэн тухай байгаль хамгаалагчид хэлж байна. Энэ мэтчилэн ховордсон ан амьтдыг агнах нь буурахгүй байгаа аж. Гэвч хууль бус хориотой анг зогсоох талаар хууль, хяналтын байгууллагын зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь энэ бизнес цэцэглэх үндэс нь болжээ. Харин цагдаагийн байгууллагаас агнасан ан, амьтныхаа зургийг сошиал ертөнцөд тавихыг хориглосон.
 
Агнаснаараа биш, амьдаар нь бахархах уриатай эхлүүлсэн энэ ажил үр дүнгээ өгч, зэрлэг балмад этгээдүүд агнасан амьтныхаа цусыг гоожуулсан зургаа иитернэт орчинд тавихаа больсон. Гэвч зургийг нь тавихаа больсноор хориотой ан зогсчихсон гэсэн үг биш. Хэрэв экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, ирээдүй хойч үедээ Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан ан, амьтдыг чихмэлээр биш биетээр үзүүлэхийг, тэдэндээ үлдээхийг хүсч байгаа бол хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох цаг нь болжээ.
 
 Урд хөршид гэхэд хориотой ан хийснийх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн тогтолцоо байдаг юм байна. Тэгвэл Монгол Улс ч гэсэн энэ маягаар хууль бус анчидтай яагаад тэмцэж болохгүй гэж. Хэрэв энэ байдлаараа хууль бус анчдын толгойг илсээр суувал монголын тал нутагт амьд амьтан үлдэхгүй нь. Ганцхан жишээ дурьдахад саяхан 400 кг бугын эвэр, 126 шуудай зээрийн мах, мөн тооны хөлдөөсөн чоно хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан аж. Энэ тохиолдолд түүнийг нь хурааж аваад, анчдад мөнгөн торгууль ногдуулаад л өнгөрнө. Ингэж нэг нь хохирсон болж, нөгөө нь арга хэмжээ авсан болоод л өнгөрдөг байна. Хил дээр бараагаа хураалгасан хууль бус анчид дахиад л анд гарна. Энэ удаад хэдэн шуудайг агнахыг хэн ч мэдэхгүй. Урд хөрш болон гадаад зах зээлд эрэлт байна. Тэдэнд нийлүүлэхийн тулд ан, амьтдыг хууль бусаар агнаж буй. Үүнд цэг тавихгүй бол ан амьтад ч гэсэн тоо хэмжээтэй зүйл.
Монголын мэдээ
Х.Жаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.