75-р тогтоолыг эсэргүүцэгчид төр засгаас  хариугаа хүлээсээр...
Халх гол сумын нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол бол маш олон эсэргүүцэлтэй тулгарсан ч оршин тогтносоор байна.

Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “энэхүү тогтоол нь  Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, эдийн засгийг солонгоруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх , өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх , улмаар Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод туссан зорилтын хүрээнд батлагдсан. Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой энэхүү чөлөөт бүсийг байгуулах хэрэгцээ шаардлага бий” хэмээн мэдэгдээд байгаа бол нутгийн иргэдээс эхлэн улс төрийн намууд, бие даагчид, зарим улс төрийн томоохон хүчнүүд эл тогтоолыг эсэргүүцээд байгаа юм. Гэсэн өнөөдрийг хүртэл эл эсэргүүцэл амжилт олоогүй байна. Учир нь УИХ гаргасан шийдвэрээсээ буцах сонирхол байхгүй байгаа бололтой.

Учир нь улс төрийн сөрөг хүчин МАН-ын бүлэг Халх голыг чөлөөт бүс болгох УИХ-ын 75 тоот тогтоолыг эргэж харах нь зүйтэй хэмээн үзэж, энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Халх гол чөлөөт бүсийн асуудал орж ирсэн. Харамсалтай нь чөлөөт бүс байгуулах тогтоолоо түрүүлж хэлэлцээд бодлогын баримт бичгээ батлалгүй үлдээсэн. Уг нь бодлогодоо нийцүүлж Халх гол чөлөөт бүсийн асуудлыг ярих ёстой байсан. Тийм болохоор бодлогын баримт бичгээ эхэлж баталъя. Шаардлагатай бол Халх гол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг ярих нь зөв” хэмээх саналыг гаргасан ч одоог хүртэл тэдний энэ санал эрх баригчдын шийдвэрт нөлөөлж чадаагүй байна.


Мөн олон эсэргүүцэлтэй тулгарч байсан Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал ахиц гарсан уу, эсвэл тогтоолыг хүчингүй болгох асуудал тавигдах уу гэдэгт одоогоор ямар ч ахиц харагдахгүй байгаа юм. Иймээс уг асуудал юу болсон талаар эх сурвалжуудаас тодрууллаа.

Д.Үүрцайх: 75-р тогтоолоо цуцлахыг шаардсан ч нэг ч хариу ирээгүй байна
Хөдөлмөрийн үндэсний нам бол эл тогтоолыг хамгийн ихээр эсэргүүцэж, Чингисийн талбайд бүр жагсаал хүртэл хийсэн. Мөн уг тогтоолоо хүчингүй болгох шаардлагыг эрх баригчдад тавьж, уг тогтоолыг ямар учраас эсэргүүцэх болсон тухайгаа жагсаан хүргүүлж байсан.  Тус намаас уг тогтоол нь чөлөөт бүс нэрийн дор ямар ч ашиг тусгүй, татвар, газрын төлбөр авахгүйгээр барахгүй үржил шимт, түүхт нутгаа гаднынханд мөлжүүлж дуусах аюултай хэмээн үзсэн юм.
Тэгвэл тэдний тавьсан шаардлагад эрх баригчдаас ямар нэгэн хариу ирсэн эсэх талаар ХҮН-ын ЕНБД-ын зөвлөх хуульч Д.Үүрцайхаас тодруулахад, “Бид 75 дугаар тогтоолыг цуцлахыг шаардсан шаардлагаа УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сай сайд Ч.Сайханбилэг нарт хаяглан явуулсан ч одоог хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл бид дараа дараагийн арга хэмжээг авч, тэмцлийн бүхий л хэлбэрээр шаардлагаа тавьсаар байх болно” хэмээх хариултыг өглөө.

500 мянган га-д хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэгчид 3900-д хүрсэн
Тэгвэл дорнод аймгийн нутгийн зөвлөл УИХ-ын 75 дугаар тогтоолын асуудлаар иргэдээс санал авч мөн л эрх баригчдад шаардлага хүргүүлж байсан. Журмын дагуу өргөдлөө УИХ-ын байнгын хороонд хүргүүлж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Халх голын 500 мянган га талбайд хөдөө аж ахуйн бүс байгуулахыг эсэргүүцсэн иргэдийн гарын үсэг бүхий гомдол 3900-д хүрснийг эх сурвалж хэлж байна. Гэсэн ч УИХ-аас эл тогтоолыг эргэж харах эсэх дээр ямар ч арга хэмжээ аваагүй байгаа гэнэ.
Энэ талаар Нутгийн зөвлөлийн төлөөллөөс тодруулахад “Дорнод аймгийн нутгийн зөвлөлөөс уг тогтоолыг эсэргүүцсэн иргэдийн гарын үсэг бүхий өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Энэ асуудал одоогоор юу ч болсон юмгүй байна. Бидэнд тоймтой хариу өгөөгүй. Гэхдээ бүх талын төлөөллийг байлцуулсан хэлэлцүүлгийг байнгын хороон дээр зохион байгуулсан. Тэр үеэр Р.Бурмаа сайд  сайд Чөлөөт бүс байгуулах тухай мэдээлэл хийсэн. Тэгэхэд  УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг тогтоолыг цуцалсан нь дээр гэж байсан” гэсэн юм.

Р.Бурмаа сайд өөрийн ярилцлагатай СD-гээ нутгийн иргэдэд тарааж байна
Мөн Халх голын иргэд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэн жагсаал хийх үеэр Р.Бурмаа сайд тэдэнтэй уулзахаар очсон билээ. Гэтэл нутгийн иргэд түүнийг хүлээн авч уулзаагүй. Харин түүнийг хөөсөн. Энэ асуудалд, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү дарга “Р.Бурмаа сайдтай уудзадгүй нутгийн иргэд хөөсөн нь төр засгийн эсрэг гэмт хэрэг. Иймээс ийм үйлдэл гаргасан иргэдийг шалгах хэрэгтэй гэсэн саналыг тэрхүү хэлэлцүүлгийн үеэр гаргасныг эх сурвалж мөн хэлж байна.

Харин нутгийн иргэдээс Халхголын 500 мянган га газарт чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байсан асуудал юу олсон тухай лавлахад “Халх гол сум одоогоор тайван байгаа гэнэ. Эл асуудал хаашаа эргэхийг таашгүй. Юутай ч Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа иргэдийн санаа бодолд нөлөөлөх гэсэн оролдлогоо хийсээр байгаа гэнэ. Тэрээр өөрийн яриатай СD-гээ нутгийн иргэдэд тарааж байгаа талаар нутгийн иргэд ярьж байна.

Сумын ИТХ-ын дарга гүрийсээр
Тэгвэл халх голд чөлөөт бүс байгуулах асуудалтай зэрэгцэн гарч ирсэн бас нэг асуудал бол нутгийн удирдлагуудыг газрын хууль бус наймаатай холбосон явдал  юм.  Хэрэв тус хэрэгт нутгийн удирдлагууд орооцолдсон нь тогтоогдвол мэдээж, одоогийн албан тушаалтайгаа үлдэхгүй.  
Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван “газрын асуудал бол намайг Засаг даргаар ирэхээс өмнөх асуудал учир надад хамаагүй гэх байр суурийг илэрхийлсэн. Харин сумын ИТХ-ын дарга Сүхбаатар газрын асуудалд гүн гүнзгийгээр холбогдсныг Р.Бурмаа сайд тухайн үед хэлж байсан.
Иймээс сумын ИТХ-аар түүнийг огцруулах шийдвэр гаргасан ч Сүхбаатар дарга ажлаа өгөх тун дургүй байгаа бөгөөд сандал ширээтэйгээ зууралдсаар байгаа гэнэ. Гэхдээ энэ сарын 18-нд сумын ИТХ ээлжит хурдаа хийх бөгөөд энэ үеэр нутгийн удирдлагуудынхаа асуудлыг авя хэлэлцэх байх гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Халх гол чөлөөт бүсийн хил хязгаарыг 500 мянган га-аар тогтоож цаашид түүнийг хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ хэмээж буй. Мөн Засгийн газрын шийдвэрээр Халх гол чөлөөт бүсийг хөгжүүлэх хэд хэдэн чиглэлийг тодорхойлж өгсөн байдаг. Эдгээр баримт бичгүүдэд дурдсанаар Халх гол чөлөөт бүсэд тариалан хийхдээ тэг технологийг мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус чөлөөт бүсийн талбайн 14.4 хувь буюу 72 мянган га-г эргэлтийн талбай болгох юм.

Халх голын 500 мянган га-д чөлөөт бүс байгуулах гэж буй. Үүнийг тоон утгаар харьцуулбал, уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа нийт эдэлбэр газраас 25 дахин том, НҮБ-д бүртгэлтэй нийт улсын дөрөвний нэгийнх нь газар нутгийн хэмжээнээс багагүй буюу Монгол Улсын 7.1 сая иргэнд өмчлүүлэхүйц хэмжээний том газар юм.

Юутай ч энэхүү чөлөөт бүсийн асуудал энэ байдлаар үргэлжилбэл эсэргүүцэгчид амжилт олохгүй бололтой. Гэхдээ ард иргэдээ хүндэтгэн үзэж байгаа л бол эрх баригчид ард түмэндээ эл асуудлаар ямар нэгэн хариуг өгөх биз ээ.
 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sss 2015-12-10 15:20:27
    Tend gadaadiihand ugluu geh yum ugnu gesen togtool bichig n haana bna. Uheree shahaad eruuljuuleed targaluulaad zarahaar tuluvluud baigaa yum bishuu HUN namiiha...
    59.153.115.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Bodol 2015-12-10 12:32:22
    ХҮНам яагаад хөгжил, шийдэл ярьдаггүй юм бэ? Байнга л ямар нэг юм эсэргүүцэж гацаах гэж оролдож байдаг. Гацаа Ганбаа-ийн арга барил мөнөөс мөн.
    103.229.122.96
    Мэдэгдсэн Хариулах
  • mongoliin tuluu tsoxilox zyrx 2015-12-10 03:34:12
    Zaaval gadadiin xymyst ter tusma xytadud gazra ugux ged bdag n yamar uchir bnaa.Mongolchud bid bas gazar deeree taria nogoo tarij amidarlaa deeshlyylmerl bn shy...
    122.201.24.6
    Мэдэгдсэн Хариулах