Замтайсан бол...
Аялал жуулчлалын салбар Монголд хөгжих боломжтой, боломжгүй хэмээн өөр хоорондоо мэтгэлцсээр бид олон жилийг үджээ. Жуулчид ирэхэд нүүдэлчдийн амьдрал, Улаанбаатарын хэдхэн объект, хөдөөгийн өнгө төрх, байгалийн үзэсгэлэнт газраас өөр үзүүлж, сонирхуулах зүйлгүй хэмээн шүүмжилсээр ирсэн. Гэвч үнэндээ Монголд аялал, жуулчлалын  салбарыг нэг алхам түлхэхэд л аяндаа хөгжих боломж харагдаж байгаа юм.
 
Монгол Улсын эдийн засаг одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат байгаа нь хөдлөшгүй үнэн. Тэгвэл Монгол Улсын эдийн засаг зөвхөн алт, нүүрс, газрын тосноос “горьдож” суух биш аялал жуулчлал, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбараас ч мөн мөнгө “горилох” шаардлагатай. Үүний тулд дээр нэр дурьдсан салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх учиртай. Монгол Улсын төсөвт мөнгө төвлөрүүлснээрээ аялал жуулчлал, уул уурхайн салбартай уралдаж болохгүй зүйлгүй. Харамсалтай нь тусдаа салбарын яамтай болсон ч аялал жуулчлалын салбарт дорвитой өөрчлөлт гарсангүй. Үүнд хэд, хэдэн шалтгаан бий. Үүний нэгээхэн хэсэг нь зам, дэд бүтэц, харилцаа холбооны асуудал.
 
Монголд гадны жуулчдын нүдийг хужирлах зүйл байхгүй гэвэл түүн шиг эндүүрэл байхгүй. Гадны жуулчид хүн амын төвлөрөл, стресс, дуу чимээнээс холдож, эзгүй талд хонох гэж, зөвхөн Тэрэлжийн гэр буудалд үдийн зоогоо барих гэж Монгол Улсыг зорьж байна. Тэд зөвхөн нүүдэлчдийн соёлыг харж, монголын үзэсгэлэнт байгалиар нүдээ хужирлах гэж, ердөө хэдхэн хоноод буцахын төлөө мөнгө төлж байгааг аяллын компаниудын ажилчид бидэнд хуучилсан юм. Энэ бүхнээс харахад гадны жуулчдыг соронзон мэт татах боломж монголчууд бидэнд байна.

Гагцхүү энэ салбарыг хэрхэн цогцоор нь урагшлуулж, нэг алхам түлхэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Ганцхан жишээ дурьдахад Дорнод аймгийн нутагт гэхэд л үзэж харах зүйл нэгээр тогтохгүй. Дорнод аймгийн нутагт томилолтоор ажиллах тав хоногийн хугацаанд ядаж энэ аймгийг хатуу хучилттай замаар Улаанбаатар хоттой бушуухан холбоод өгчихөөсэй гэж бодсоноо нуух юун. Буйр нуур, алдарт Мэнэнгийн тал, цагаан зээрийн сүрэг, Халхгол, Бурхантын хөндий гээд гадаадын бүү хэл дотоодын жуулчдыг соронзон мэт татах  байгалийн үзэгсгэлэнт түүх дурсгалын газрууд байх аж. Харамсалтай нь Дорнод аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар өнөөдрийг хүртэл холбоогүйгээс болж хүмүүс 2000 гаруй км шороон замыг автобусанд сэгсчүүлж туулахаас зүрхшээдэг тухай орон нутгийн төдийгүй бидэнтэй хамт явсан хүмүүс ч ярьж байсан юм. Чойбалсангаас цааш аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутгийн дэд бүтцийг шийдэх, цаашилбал боомт хүртэлх замыг шийдвэрлэчихвэл толгой өвдөх асуудалгүй болохоор байна. Зөвхөн Дорнод гэлтгүй зэргэлдээх Сүхбаатар аймагт ч гэсэн жуулчдын нүдийг хужирлах зүйлс хангалттай. Харамсалтай нь мөн л зам, дэд бүтцийн асуудал үнэхээр хүндрэлтэй гэдгийг өнгөрсөн зун явахдаа мэдэрсэн юм. Үзэж, харах зүйлгүй шахам битүү далайгаар хүрээлэгдсэн улс, орнууд эрвээхэйний хатаамал, ямааны циркийг жуулчдад мөнгөөр үзүүлж байна.

Гэтэл үүний хажууд Дорнын талд нар хэрхэн манддагийг, Халх голд цагтаа ямар дайн тулаан болж байсныг, Хөвсгөл, Увсын байгалийн гайхамшгийг, нүүдэлчдийн соёл, уламжлалыг мөнгө төлж үзсэндээ гадны жуулчид харамсахгүй. Гагцхүү саадгүй замаар, хурдан зорчих боломжийг олгож, үйлчилгээгээ олон улсын стандартад нийцүүлж, харилцаа холбоо, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан тохиолдолд өвөл биш юмаа гэхэд ядаж зун, намрын улиралд гадны жуулчдыг нүүр улайх зүйлгүйгээр угтаж авахсан. Аялал жуулчлалын салбар жилдээ хэчнээн тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлснийгээ ярьж, хэлэх цаг удахгүй ирнэ гэдэгт найдаж байна.
 
Гагцхүү үүний тулд зам, тээвэр, дэд бүтэц, харилцаа, холбоо бусад салбарын үйлчилгээг сайжруулж, аюулгүй байддыг найдвартай хангах ёстой. Замгүй, дэд бүтэцгүй гэх шалтгаанаар улсын хөгжлийг хойш уях нь шударга бус. Тиймээс ч нэн тэргүүнд зам, дэд бүтцийнхээ асуудлыг шийдчихвэл аяндаа бусад асуудал нь дагаад цэгцрэх биз ээ.
Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-19 05:58:06
    Ядаж дорнодын халх голыг солонгосуудад өгөхөөс өмнө үзэх юмсан.
  • Жирийн аялагч 2014-06-19 03:03:36
    Үнэхээр манай замын дагуу бохир, заваан цайны газрууд, хог новш болсон жижиг буудлууд, нүх сүв болсон зам зэрэг их саад болж байна даа. Бүх нийтээр ариун цэвэр сахиулах засаг, захиргааны байнгын хяналт үгүйдэгдэж байна.