Ойнд "зүүгдсэн" МАН-ын нэр хүнд
Энэ жил ойн дайрлагад өртөөгүй сум Монгол Улсад алга. Манай улсад 360 гаруй сум байдаг. Тэдний ихэнх нь ямар нэг ойтой. Ойн жилээ ёслол төгөлдөр тэмдэглэхийн тулд  орон нутгийнхаа хэмжээнд сүрхий бүжигнаж байгаа бололтой. Зөвхөн Өмнөговь аймгийн хэмжээнд гэхэд өнөө жил зургаан сум 90, гурван сум 60 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм гэнэ билээ. Зөвхөн нэг л аймгийн хэмжээнд 10 орчим сум ой тэмдэглэх гээд бужигнаж байна гээд бод доо. Цаана нь хэчнээн аймгийн, хэдэн сум түүхт гэсэн тодотголтой, тэгш гэсэн өргөлттэй ойн жилээ тэмдэглэх гээд шуугилдаж байгааг мэдэх юм алга. Тоолоод суух ч зав юусан билээ.

Мэдээж ой тэмдэглэж байгаа хойно багадаа л 200 сая төгрөг үрэх болно. Зөвхөн бөх барилдуулж, морь уралдуулаад, сур, шагай харвуулж, бай шагналыг өгөх. Мэр сэр урлагийн тоглолт, идээ ундаанд зарцуулах мөнгө нь энэ хавьцаа байгаа шүү дээ. 200-250 гэдэг жишиг үнэ. Зарим нэг сумдууд бол түүнээс ч илүү мөнгө үрэх нь мэдээж. Ингээд л ганц хоёрхон өдрийн дотор 200 сая төгрөгөөр наргичихна даа. Наадмын өмнө ой угтсан бүтээн байгуулалт гэж сум бүр хийж байгаа. Ихэнх сум наадам хийх цэнгэлдэх хурээлэнтэй болохоор зүтгэнэ. Эхнээсээ Увс аймгийн Тэс сумынхан 60 сая төгрөгийн хөрөнгө гаргаж, 90 жилийн ойгоо угтаад наадмын талбайгаа тохижуулсан байгаа юм. Нэг жижиг амбаар, 5, 6-хан хүн суух суудал тавиад гүйцээ. Нутгийн иргэд нь наадмын талбайн тохижилт гээд байгаа бүтээн байгуулалтыг нь баян айлын саравчнаас дор гээд шогширч байна гэсэн. Ойн бүтээн байгуулалт нэг иймэрхүү. Өмнөговь аймгийн Ханбогд сум Оюу толгойн хөрөнгөөр туйлж байгааг эс тооцвол бусад бүх сум улсын төсвийн хөрөнгө оруулалтаар наадмын талбай барих, шинэчлэх, засварлах ажил хийж байгаа.
 
Тэгш ой тохиож байгаа болохоор аятайхан наадмын талбайд наадах гэж л тэр шүү дээ. Гэтэл эхнээсээ малын саравчнаас дор юм хийчихээд л сууж байдаг. Түүнээс гадна ихэнх сум 90 жилийн ойгоо угтаад нэг нэг хөшөө барих байх. Зах зухаасаа хөшөө барьж байгаа, барихаар төлөвлөсөн сумдууд байна. Мэдээж улсын төсвийн хөрөнгөөр л барьж таарах байх. Арай ч Улаанбаатарт хөшөө барьдаг шиг тэрбумаар туйлахгүй болов уу. Гэхдээ овоо хэдэн төгрөг цааш нь харуулна. Сум, орон нутаг сайхан л болж байвал хэчнээн төгрөгөөр хөшөө барих нь хэнд хамаатай билээ дээ. Гол нь 60, 90 жил болно шүү дээ. За тэгээд 90 жилийн ой болно, баахан наадамлаад, сум хогондоо дарагдаад, явж явж ганц хөшөөтэй л үлдэнэ. Өөр хөгжсөн юм байхгүй. Ер нь ойн жил баахан бүтээн байгуулалт хийж, орон нутаг хөгжинө ч гэж юу байх вэ дээ. Бусад үед нь хийж болно шүү дээ.
 
Ингээд бодохоор, хийж байгаа ажлыг нь харахаар, үрж байгаа мөнгийг тооцохоор ой шиг хэрэггүй юм алга. Сум үүсэн байгуулагдсаны ой гээд тэмдэглээд байвал 90,91, 92 гээд л явж болно. 10 жилийн дараа 100 жилийн ой гээд л бүр ч илүү мөнгө цацна. Ганц үнэн юм нь хэчнээн ч жилийн ой тэмдэглэсэн орон нутаг бахь байдгаараа үлдээд байгаа юм. Тиймээс энэ мэтээр худлаа үнэн мөнгө үрдэг байдлаасаа салбал зүгээр юм биш үү. Ер нь ой гэдэг ч юусан билээ. Ердөө л нэр төдий зүйл. Жаахан хардвал социализмын үед, МАХН-ынх-ны ард иргэдийг хөөргөх гэж хийсэн зүйл шүү дээ. Ингээд хэлчихэд нэг их буруудсан болохгүй байх.
 
Манайхаас өөр улсад ой тэмдэглэж, түүндээ ач холбогдол өгөөд, баярлах найрлахдаа ахиухан мөнгө цацах гээд сууж байдаггүй л байх. Ерөөс Ардын хувьсгалын тэд, сумын 90 жилийн ой гэж тэмдэглэж байгаа бол нэг намын үзэл суртал шахуу юм. Ардын хувьсгалыг одоогийн МАН бөөрөндөө наадаг. Ардчилсан нам Чингис хааныг өмчлөх гэж үздэгтэй ойролцоо юм даа. 2012 оны сонгуулиар МАН сөрөг хүчин болсон. Одоо УИХ- ын чуулган дээр хэдэн гишүүн нь хий бухимдахаас өөр зүйл хийж чадахгүй байна. Ард түмэн ч сөрөг хүчин муу ажиллаж байна гэж дүгнээд байгаа. Ийм үед МАН-ын мартагдахгүй байх, Ардын хувьсгал гэдгийг өөртөө нялзаах, наах нэг арга нь ой. Тиймдээ ч Монгол Улс даяар бүх сумд 60, 90 жилийн ой тэмдэглэх гэж хийж байна.
 
Нэг ёсондоо МАН-ын нэр хүндээ сэргээх, мартагдахгүй байх нэг арга нь ч байж болох. Зөвхөн Зэвсэгт хүчин байгуулагдсаны ойг аваад үзье л дээ. Бас л дээр үеийн МАХН-ынхны л хийсэн зүйл. Өнөөдөр бид Зэвсэгт хү­чин байгуулагдсаны 90 хэдэн жилийн ой гээд л тэмдэглэж байна. Түүхээ мэддэггүй сармагчингууд уу, эсвэл тархиа угаалгасан харалган уу гэдгээ ч мэдэхгүй л явна шүү дээ. Гэтэл хаа байсан 800 гаруй жилийн өмнө Чингис хаан байнгын зэвсэгт хүчин байгуулаад, “Хишигтэн цэрэг” гэж нэрлээд, дайн байлдаанд оролцож, дэлхийн талыг эзэлж явсан. Бүр Хүннүгийн үед ч зэвсэгт хүчин байгуулагдсан гэж зарим эрдэмтэд үздэг. Тэр агуу түүхийг хааш нь “чихчихээд” бид Зэвсэгт хүчний 93 жил гэж тэмдэглээд, баярлаад яваа юм.
 
Монгол Улс ямар 1921 оны хувьсгалын дараа л бий болсон биш, агуу түүхтэй их гүрэн. Тийм байтал бүхий л зүйлсийг 100 хүрэхгүй жил дотор “хорьчихоод”, ой тэмдэглэж давхиад байгаа нь инээдэмтэй хэрэг бишүү. Энэ онд 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа сумдууд өмнө нь аль ямар нэг гүний хошуу гэсэн нэртэй явсан. Түүнээс ч өмнөх түүхүүд бий. Түүнийгээ хааш нь хийчихээд социализмын үеийг дурсаж, 60, 90 жилийн ой тэмдэглэх гээд байгааг ч бас ойлгохгүй байна. Одоо бид ганц хоёрхон намын өмчлөлөөс улс орноо гаргах цаг болсон юм биш үү. Ойн жил гэж эдийн засаг хүндрэлтэй үед хамаг мөнгөө найр наадамд үрэх хэрэг байна уу. Ой тэмдэглэж байгаа сумдууд улсын төсвөөс хуулийн хүрээнд наадам хийх мөнгө хөрөнгөө гаргуулж авна. Дээрээс нь бүтээн байгуулалт нэртэй баахан мөнгө үрэн таран хийнэ. Түүнээс гадна аймгийн төсвийн мөнгө гэж ирнэ. Иргэдээс, нутгийн зөвлөлөөс мөнгө татна. Зарим орон нутгийн удирдлагууд сумынхаа иргэдээс хандив нэртэй мөнгө хурааж ч байгаа.
 
Эцэстээ сумын иргэд юу ч үгүй үлдээд хэдэн бөхчүүд, уяачид бай шагналыг хамж аваад л явчихна. Наадмын дараа хогоо цэвэрлэх гэж орон нутгийн төсвөөс мөнгө төгрөг гаргана. 90 жилийн ой нэг иймэрхүү л болох байх. Уг нь ой тэмдэглэхгүйгээр сумандаа наадчихаад, харин бүтээн бай­гуулалт хийх санаачилга өрнүүлж, хандив цуглуулдаг бол хэчнээн аятай. Энэ жилдээ тэгж чадахгүйгээс хойш ойдоод л байж дээ, бүгдээрээ.

Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.