Цахимаар нийгмийн даатгалаа төлж болно
Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/ нь Төрийн банктай хамтарч гадаадад оршин суугаа Монголчуудаа нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахим хэлбэрээр хамруулах үйлчилгээг нэвтрүүлжээ.  Энэ талаар Нийгмийн даатгалын улсын Ерөнхий байцаагч Ц.Уртнасангаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчууд Нийгмийн даатгалаа цахимаар төлөх боломжтой болж байна. Энэ талаар тодруулаач?

-Өнөөдөр дэлхийн 38 улсад амьдарч байгаа 160 мянга гаруй монголчууд маань энэхүү даатгалд хамрагдах боломжтой боллоо. Бид нийгмийн даатгалын хамралтын хүрээг тэлэх, улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр хийгдээгүй улсад оршин суугаа иргэдийнхээ асуудлыг шийдэх зорилгоор Төрийн банктай хамтарч энэхүү шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Манай үйлчилгээний онцлог гэвэл тухайн улсынхаа банкаар даатгалынхаа мөнгийг шилжүүлэх биш нийгмийн даатгалын цахим хаягаар Төрийн банкны серверт холбогдож онлайнаар төлөх юм. Хэрвээ бид эдгээр иргэдээ нийгмийн даатгалд хамруулж чадвал 10 сая долларыг нийгмийн даатгалын санд хуримтлуулж чадна.

-Иргэн  цахимаар даатгуулах үйлчилгээнд хэрхэн хамрагдах вэ?

-Юун түрүүнд  Нийгмийн даатгалын ерөнхий газрын https://app.ndaatgal.mn/sdforeign гэсэн цахим хуудаст хандан хэрэглэгчээр бүртгүүлсний дараа нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулах боломж бүрдэх юм. Ингэхдээ регистрийн дугаараа үнэн зөв оруулах хэрэгтэй.  Регистрийн дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлтэй цахимаар шалгагдаж мэдээлэл таарч байвал таны мэдээлэл шууд гарч ирнэ. Харин Таны мэдээлэл байхгүй бол монгол үсгийн гарын драйвер ашиглан өөрийн регистрийн дугаар, ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, бусад мэдээллийг үнэн зөв бөглөж, зөвхөн өөрийн гадаад паспортын зураг, нэртэй хэсгийг хавсарган илгээх хэрэгтэй. Хэрэв эдгээр мэдээлэл буруу, өөр хүний паспорт хавсаргасан зэрэг зөрүүтэй бол гэрээ байгуулах ажил хойшлогдох магадлалтайг анхаараарай гэж зөвлөх байна.

-Нийгмийн даатгалын дэвтрээ хаанаас авах вэ?

-Монголдоо ирээд дэвтэр болон холбогдох бичиг баримтаа Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын байранд ирж авч болно. Мэдээж сайн дурынх учир хувь хүн хамрагдах үгүйгээ өөрөө шийдэх эрхтэй.

-Энэ  үйлчилгээ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Энэ сарын 6-наас эхлээд энэ үйлчилгээнд цахим хэлбэрээр хамрагдах боломжтой.

-Нийгмийн даатгалын сайн дурын төрөлд ямар иргэд хамрагдах боломжтой вэ?

-Хувиараа бизнес эрхлэгч, гадаадын төслийн нэгжид ажилладаг иргэн, жолооч (такси, зорчигч болон ачаа, хот хоорондын тээврийн жолооч), бичил уурхай эрхлэгч, газар тариалан эрхлэгч (ногоочин), малчин, оюутан (бакалавр, магистр, докторант, бусад) ажлаасаа захиргааны цалингүй чөлөө түр хугацаанд авсан иргэн, гадаад улс оронд оршин суугч иргэн, ажилгүй иргэн тус тус хамрагдах боломжтой.

-Цахимаар энэ үйлчилгээнд хамрагдахад банкинд шимтгэл төлөх үү?

-Даатгалаа төлөхөд Төрийн банканд шимтгэл төлөхгүй.

-Төрийн банкинд дансгүй бол яах вэ. Яагаад  Төрийн банкийг сонгосон юм бэ?

-Төрийн банк  нийт 2.7 сая харилцагчтай. Насанд хүрсэн иргэн бүр Төрийн банкны данстай байдаг.  Жишээ нь, хүний хөгжлийн мөнгө авч байсан данс ч байж болно шүү дээ. Хэрэв дансгүй бол Төрийн банкны онлайн дансыг нээлгэх эсвэл тус банкны лавлах 1800-1881 утсаар холбогдож тусламж аваарай.

-Төрийн банкны данснаас хэрхэн төлбөр төлөх вэ?

Нийгмийн даатгалаа цахимаар төлөх үйлчилгээ нь иргэдийг  сайн дурын даатгалын гэрээг цахимаар  байгуулсаны дараа, Төрийн банк дахь тухайн иргэний  данснаас төлбөр төлөх зориулалттай үйлчилгээ. Тиймээс гэрээ байгуулсаны дараа, хуваарийн дагуу төлбөр төлөх бүртээ дансандаа хүрэлцэхүйц хэмжээний үлдэгдэлийг байршуулсан байх хэрэгтэйг анхаараарай.  Банкны олон улсын төлбөр тооцооны хэрэгсэл болох S.W.I.F.T-ийг ашиглан өөрийн дансанд мөнгө шилжүүлсний дараа энэ данснаас шимтгэлээ төлөх боломжтой. Энэ тохиолдолд гадаад гуйвуулгын шимтгэл, хураамжийн зардлыг хэмнэх үүднээс шимтгэл төлөх хэмжээний мөнгөн дүнгээр, нэг удаа шилжүүлж байхыг зөвлөе. Мөн  Монгол Улсад суугаа өөрийн эцэг, эх, ах, дүү, хамаатан, найз нөхдөөр дамжуулан өөрийн дансандаа мөнгө хийж, улмаар шимтгэлээ төлөх боломж бас бий.
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.