Хяналтын тухай хуулийг батлан хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан илтгэлдээ, төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг нэрлэн тусгаж, салбарын хуулийн дагуу шинээр хяналтын чиглэл бий болгодог байдлыг зогсоохын зэрэгцээ төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг хяналтын үйл ажиллагаанд оролцуулахаар төсөлд тусгаж өгсөн. Түүнчлэн улсын байцаагчийн сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, тодорхой болгох, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шалгуулагч этгээдийн эрхийг хамгаалах хүрээнд улсын байцаагчийн ёс зүйтэй холбоотой заалтуудыг нарийвчлан тусгалаа. Иргэн, хуулийн этгээд нь өөрийн ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дотоод хяналтын журам тогтоож ажиллах, эрсдлийн үнэлгээ хийх, байнгын хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, мэдээллийн сан бүрдүүлэхээр зааж өгсөн. Энэ хуулиар хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлэхээр зохицуулсан. Хуулийн төслийг боловсруулах хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг хэллээ. Хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлан хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй юм байна.

  Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Су.Батболд нарын асуултад хуулийн төсөл санаачлагчдыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл нар хариулт өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Ж.Батзандан, Г.Уянга нар үг хэлж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

 П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.