Мөнгөн буйлны эзэд тэмээн сүргээ 520 толгойд хүргэжээ

Жавар тачигнасан өглөө баруун хязгаарыг зорьсон ч нар ээж, намрын өдөр шиг тогтуун Алтай нутагт дөрөө мултлав. Замд хааяа газрын цас хөдлөхөөс өөр саатах зүйл алга. Уг нь өвлийн эхэн сар шувтрах дөхсөн ид дүн өвлийн хүйтэн  цаг. Бидний зорьж очсон нутагт хүн, мал тайван тогтуун налгар өдрүүд үргэлжлэв.Эдгээр өдрүүдэд Засагт ханы гал голомт гэгддэг Алтай хотын төвд хөл хөдөлгөөн ихтэй, хаа сайгүй гоёмсог чамин хийцтэй хэрэглэлээр тоноглосон ганган тэмээ хөтөлсөн хүмүүс хөлхөлдөнө. Аргагүй тэмээн сүргийн өлгий нутаг Говь-Алтай аймаг тэмээгээр “гангарчээ”. Магадгүй жилдээ ганц болдог тэр хэрээрээ малчдын хүсэн хүлээдэг тэмээний баярын үеэр тэнгэр хангай ивээсэн нь энэ биз.

Дэлхий дээр 25 сая тэмээ байдгаас таван хошуу малын манлай эрдэнэд тооцогддог хоёр бөхт тэмээ 700 мянга бий. Тэрхүү 700 мянган тэмээний тал хувь нь Монгол Улсад байдаг гэхээр Монголчууд тэмээн эрдэнээрээ бахархаж, хайрлан хамгаалж, өсгөн үржүүлж байх учиртай. Энэ л утга учрыг илтгэж, тэмээчдийг нэгэн дор цуглуулж, тэмээн эрдэнийг цэнгүүлдэг баяр тогтоод уджээ. Энэ жил уламжлал ёсоороо арав дахь жилдээ арваннэгдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Алтай хотод “Их Говийн тэмээний баяр-2015” болов. Тэмээчдийн баярын үеэр  ганган тэмээтэй хос, хурдан ат, өхөөрдөм торомны уралдаан, шилмэл буур, ингэ шалгаруулах зэрэг олон буухиа тэмцээнийг  зохион байгуулдаг ч газар газрын тэмээчид туршлага солилцох, тэмээ наймаалцаж үүлдэр угсааг сайжруулж, цус сэлбэх зэрэг ач холбогдолтой олон төрлийн арга хэмжээ өрнөдгөөрөө онцлогтой. Түүнчлэн тэмээчдийн санал бодлыг сонсч тэмээнээс авдаг ашиг шимийг нэмэгдүүлж, үнэлэмжийг өндөрсгөх ажил бодитоор хэрэгжиж жил ирэх тусам үр өгөөжөө өгч, тэр хэрээр тэмээний тоо толгой өсч байгааг ч тэмээчид хэлж байлаа.

Их говийн тэмээний баярыг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж санаачлан арав дахь удаагаа зохион байгуулж байгаа. Энэ жил Хүнс хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулсан бол Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн, Хантайшир бөхийн дэвжээний дэд тэргүүн Ш.Раднаасэд ивээн тэтгэсэн юм. Тэмээний баяр өмнөх жилүүдэд Алтайн тэмээчдийн оролцож заншсан, хүсэн хүлээдэг баяр байсан бол энэ жил бүсийнх болон өргөжжээ. Өөрөөр хэлбэл, энэ жил Өмнөговь, Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгийн тэмээчид сүр хүч,хурдаа сорихоор тэмээн сүргийнхээ соруудыг авчирчээ.

Баярын эхний өдөр Их говийн тэмээний баярт оролцохоор ирсэн 400 гаруй тэмээчин 600 тэмээтэйгээ Алтай хотын төв талбайд парад алхсан юм. Энэ үеэр тэд говь нутгийн ахуй амьдрал, зан заншил хувцас хэрэглэл, тэмээний соёлыг илтгэн харуулахаас гадна домогт гардагчлан эвэртэй тэмээ, ачаатай тэмээн дээр арганд хүүхдээ хийж жингийн цуваанд оруулах зэргээр олон өвөрмөц зан үйлийг үзүүлсэн юм. Мөн тэмцээний гол хэсэг болох Сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах тэмцээнд 25 хос оролцож гоёл чимэглэл, дуу хуур, ерөөл магтаалаар өрсөлдсөнөөс Говь-Алтай аймгийн Чандмань сумын тэмээчин Д.Эрдэнэтуул, Д.Төгсбилэг нар шилдгээр шалгарсан юм. Харин их наадмын “Шилмэл буур” шалгаруулах тэмцээнд 22 буур оролцсоноос биеийн галбир, ноосны гарц, өнгө зэргээрээ Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын тэмээчин Н.Нямсүрэнгийн долоон настай улаан, хоёрдугаар байранд Төгрөг сумын В.Хадбаатарын зургаан настай хар буур шалгарав. Түүнчлэн үржлийн “Шилмэл ингэ” шалгаруулалтад Говь-Алтай аймгийн Цээл сумын тэмээчин С.Лхагваагийн 10 настай хөх ингэ алтан медаль хүртлээ. Ийнхүү сайхан ат, шилмэл ингэ буурыг сонжиж байх зуурт тэмээчдийн  ур чадвар, авхаалж  самбааг шаарддаг буйл зорох, бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээн болж наадамчин олныг баясгасан юм. Тэмээчин залуучууд буйл зорж, саальчин бүсгүйчүүд сурмаг гэгч нь бурантаг томох аж.

Мөнгөн буйлны эзнээр Говь-Алтай аймгийн Шарга сумын тэмээчин Аймгийн сайн малчин Б.Дашмягмар, С.Баадайхүү нарын гэр бүл тодорсон юм.

Мөн алс хязгаарын Өмнийн говь, олон ястны өлгий Ховд нутгаас баялаг бүтээгчид ирж “Алтайгаа хамтдаа хөгжүүлье” сэдэвт тэмээний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ толилуулж, аймаг бүрийн шилмэл урчууд ганган хэрэглэл, уран хийцээ наадамчин олонд дэлгэн үзүүлсэн юм.

Тэмээн сүргээ цэнгүүлсэн Их наадмын  сонирхолтой арга хэмжээний нэг нь яах аргагүй “Хурдан ат”, “Хурдан тором”-ны уралдаан байлаа. Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Өмнөговь аймгийн 124 ат 12 километр замд уралдаж, шилмэл хурдууд тодорсон юм. Хурдан атаар Өмнөговь аймгийн Сэврэй сумын тэмээчин Г.Орхончулууны хөх ат шалгарсан бол удаах байруудад мөн л өмнийн говийнхон орж байна. Наадмыг зорьж ирсэн хүмүүсийн харааг булаасан өхөөрдөм торомнуудын уралдаан гурван өдөр үргэлжилсэн Их говийн тэмээний баярын хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй нь байлаа. Хурдан торомны уралдаанд  Говь-Алтай аймгийн Шарга сумын Т.Тайвангийн хар түрүүлж, Чандмань сумын Д.Гүнчингийн улаан, Есөнбулаг сумын М.Чинбатын хар тором удаалсан.

Ийнхүү дөрвөн аймгийн тэмээчид тэмээнийхээ сүр хүч, урчуудынхаа уран хийцээр өрсөлдсөн тэмээний баярын хүсэн хүлээсэн торгон мөч болох “Шилдгийн шилдэг тэмээчин” буюу арван лангийн мөнгө буйлын эзнээр тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөн 520 толгойд хүргэсэн, түүний ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин туршлагаа малчид, хойч үедээ сурган өвлүүлж чадсан Говь-Алтай аймгийн Шарга сумын тэмээчин Аймгийн сайн малчин Б.Дашмягмар, С.Баадайхүү нарын гэр бүл тодорсон юм. Тэдний гэр бүл өнгөрсөн жил Алтан ботгоны эзнээр тодорч байжээ.

“Их говийн тэмээний баяр-2015” Баруун бүсийн тэмээчдийн Их наадмын 12 төрлийн уралдаанд нийт дөрвөн аймгийн 24 сумын 400 гаруй тэмээчин оролцсоноос багийн дүнгээр Говь-Алтай аймгийн Шарга сум тэргүүлж, шилдгээр шалгарав. Тэмээний баярыг санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Дашдорж “Тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид, тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочид, жуулчдын сонирхлыг Говь-Алтай аймгийн тэмээнд суурилсан аялал жуулчлалд татах зорилготой энэхүү баярыг анх санаачилсан. Зорилго маань ч биелж байна. Энэ жилийн 10 дахь удаагийн “Их говийн тэмээний баяр ”-ыг ХХААЯ хамтран баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулснаараа өргөн цар хүрээтэй, ач холбогдол өндөртэй болж чадлаа” гэсэн юм. Мөн энэ үеэр Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрай агсны  хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. 
 

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.