Гол дайсандаа анхаарлаа хандуулахыг уриалав
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама  Турк болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдэд хандан Оросын байлдааны онгоцыг Туркийн тал сөнөөсөнтэй холбогдуулан үүсээд буй хурцадмал байдлыг эв зүйгээр зохицуулж, хамгийн гол дайсан болох “Лалын улс” бүлэглэл рүү анхаарлаа төвлөрүүлэх ёстойг уриалжээ. Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлийн эсрэг конвенцийн 21 дэх удаагийн бага хуралд 100 гаруй орны төрийн тэргүүнүүд оролцож байгаа билээ.
 
Бага хурлын үеэр буюу энэ сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдогантай уулзсан байна.  Харин уулзалтын дараа Б.Обама Турк, ОХУ хоёрын хооронд үүсээд буй хурцадмал байдлыг намжаах талаар өөрийн санал бодлоо солилцлоо хэмээн өгүүлсэн гэнэ. Тэрбээр “Би илэн далангүй байхын хүсч байна. Турк бол УАЦЭ-ийн бүрэлдэхүүнд багтдаг улс. АНУ Туркийн өөрийгөө батлан хамгаалах болон хил, нутаг орны бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрхийг нь дэмжих болно. Гэхдээ бидэнд нийтлэг нэг нь дайсан бий. Тэр нь Лалын улс бүлэглэл юм. Тэр дайсандаа л гол анхаарлаа хандуулмаар байна” гэжээ.  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Турк хэт даврагч лалын улс бүлэглэлээс газрын тос худалдан авдаг хэмээн илчилсэн ч, Эрдоган эл мэдэгдлийг эрс үгүйсгэсэн билээ. Эрдоганы хувьд хэрэв В.Путины хэлсэн үг үнэн байвал би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроё гэж эрс шулуун мэдэгдэн баталгаа шаардсан юм.

 ОХУ  Туркийн худалдааны томоохон түнш улсын нэг. Улмаар хоёр улсын удирдагчид ч нэгэн үе “найзууд” гэж тодорхойлогддог байсан бол эдүгээ Оросын байлдааны онгоцыг Туркийн тал сөнөөсөнтэй холбоотойгоор харилцаа нь муудсан юм. Б.Обаматай уулзалт хийснийхээ дараа Ресеп Тайип Эрдоган ч өөрийн гэсэн байр сууриа илэрхийлээд амжлаа. Тэрбээр “Бид дипломат байдлаар асуудалд хандаж байгаа. Хурцадмал байдал үүсэхээс болгоомжилж байна”  хэмээжээ.  Үүнээс өмнө Б.Обама ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай 30 минут орчим хугацаанд хоёр талт уулзалтыг хийсэн байсан юм. АНУ-ын төрийн тэргүүн Орос болон Туркийн харилцааг эргэн сэргээхэд Оросын талын хүчин чармайлт чухал хэмээж, В.Путиныг хурцдаад байгаа асуудлыг зөөллөхөд анхаарахыг хүссэний зэрэгцээ  “Су-24” онгоцыг сөнөөх үед Оросын нисгэгч амиа алдсанд харамсч байгаагаа илэрхийлсэн байдаг. Түүнчлэн Орос улс "Лалын  улс" бүлэглэлд л агаарын цохилт өгөх ёстойг сануулсан юм. 

Харин Башар аль-Ассадыг эсэргүүцэгч босогчид руу агаарын дайралт хийхээ зогсоох хэрэгтэй гэжээ. Ердөө 30 минут үргэлжилсэн уулзалтын үеэр талууд Сирийн хямралыг үтэр түргэн намжаахад анхаарахаар тохиролцсон байгаа юм. Ямартай, АНУ-ын Ерөнхийлөгч  хурцадмал байдалтай байгаа хоёр улсын төрийн тэргүүнүүдтэй Парист болж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралын дашрамд уулзалт хийж, санал бодлоо солилцлоо. Түүний хоёр улсын удирдагчдад тавьсан санал нь асуудлыг эвээр хэлэлцэж, гол дайсандаа цохилт өгөхийг уриалах явдал байлаа.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.