А.Цэгмид: Энэ он амьдралд маань эерэгээр эхэлсэнд их баярлаж байгаа
Жүжигчин А. Цэгмэдтэй ярилцлаа.  Тэрбээр “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй” тэргүүтэй дал наяад оны уран сайхны кинонууд, “Ану хатан”, “Улаан дөрвөлжин", “Оюутны нууц амраг", “Хунгийн сүүлчийн дуу”зэрэг сүүлийн үеийн кинонууд,  Хүүхэд, залуучуудын театрын “Манай сургуулийнхан”, “Хулчаахай”, “Навсай Дамба”, “Хайр " гэхчилэн олон арван тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд өөрийн өвөрмөц содон орон зайгаа бүтээсэн жүжигчин юм.
 
-Таныг “Өндөр ээж” киноны Сүрэнгийн дүрээр үзэгчид хайрладаг. Харин театрт анх хэрхэн хөл тавьж байв?
 
-Миний тайзны анхны бүтээл бол Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн ядуу навсгар хүү. Үггүй дүр л дээ. Дараа нь “Гарын таван хуруу" жүжгийн бага дүү Идэрт тоглосон. Кинонд бол “Өндөр ээж” киноны Сүрэн хэмээх бага эмчийн дүр анхных юм. Театрт анх жүжигчин болж орж байхдаа би арван зургаатай байлаа. Кинонд, Сүрэнд тоглохдоо арван наймтай байсан. Ямар ч урлагийн сургууль төгсөөгүй хүүхэд шүү дээ. Эмээ ээж хоёр маань намайг зөв хүн болгож төлөвшүүлсэн болохоор тэр кинонд их зөв талаас нь, найруулагчийн үүрэг даалгаврыг биелүүлж тоглосон байх. Тухайн үедээ кинонд тоглож байна гэж би ер бодоогүй. Зүгээр кинондоо амьдарсан л юм юм шиг байна лээ.
 
Ер нь тэгээд хүүхэд насаа хөдөө хонь хариулж өнгөрөөсөн болохоор одоогийнх шиг янз бүрийн спорт урлагийн дугуйланд явж байсангүй. Зүгээр л амьдрал дээрээс урлагийн талаар битүүхэн ойлголт авч байжээ. Би багаасаа, дөрөв таван настайгаасаа л нүүрэмгий хүүхэд байв. Энэ зан араншин маань урлагт хөл тавихад их нөлөөлсөн болов уу. Дараа нь хөдөө нэгдүгээр ангид ороод, удалгүй Улаанбаатарт 1958 онд ирж гуравдугаар арван жилийн сургуульд орлоо. Тэр үед гуравдугаар сургууль одоогийн Хуримын ордон байгаагийн тэнд дүнзэн байшинд байсан юм. Гуравдугаар сургуульд байхад ардын жүжигчин Сувд, Улс төрийн товчооны гишүүн н.Лувсанравдан сайдын охин н.Сүрэнжав бид хэд Пионерийн ордон анх нээгдэхэд бүжгийн дугуйланд орж байв. Бүжгийн дугуйланд хувцас хунараас нь эхлээд бэрхшээлтэй болоод ирэнгүүт больчихсон.
 
Дараа нь Сталины номын сан дээр утга зохиолын дугуйланд явлаа. Шүлэг яаж бичих дөр олж аваад байтал ээж, хойд аав хоёр маань Налайхад амьдрах болж, дугуйлангаа ч орхисон. Налайхад байхдаа шүлэг уншиж, шинэ хуучин он болж тоглолт хийх мэтээр хүүхэд насныхаа өөрт байгаа жаахан авьяасаа хөгжүүлэх дөр олсон юм болов уу даа. Налайхад нэг жил сураад хотын 14 дүгээр сургуульд ирсэн юм. Энд ирээд Монголын гимнастикийн гал тогоонд хөл тавьсан. Улс, хувьсгалын дөчин жилийн ой болох гэж байлаа. Орос мэргэжилтнүүд ирж стадионд гимнастикийн хөтөлбөр тавилаа. Тэнд би гимнастикийн дасгал хийж багш нарын нүдэнд өртсөн юм. Тэндээс эхлээд 1968 оны Мексикийн олимпод бэлтгэх хүртэлх хугацаанд спортын гимнастикийн улсын анхны шигшээ багийн долоон тамирчны нэг болсон юм.
 
-Хүүхэд, залуучуудын театрт их гоё театр байсан юм билээ. Жүжгүүдийнхээ талаар эргээд дурсахгүй юу?
 
-Хүүхдийн театрын урын сангийн жүжгүүдээс одоо Олон нийтийн радио телевизийн фондод бараг байдаггүй. Тэр үед бичлэг тун ховор байж. Жишээ нь, “Хайрыг хайрла” гэдэг жүжгийг намайг Польш руу гараад явчихсан хойгуур жүжигчин Ааяа (Алтанцэцэг) миний оронд тоглосон байсан. Жүжгийг нөхөж авах гэсэн алхам радио, телевиз хийж байсан юм байна лээ. Гэхдээ л эрэгтэй хүүхдэд тоглож байсан “Хулчаахай’’, “Зодын чулуу”, “Сүүлчийн үдэлт”, “Улаан бүч”, “Дээвэр дээр суусан Карлсон", “Алгебрийн дэвтэр” гэхчлэн миний уран бүтээлийн ихэнх нь хадгалагдаж үлдээгүй.
 
 А.Очирбат гуайн “Тэнгэртэй хүн” гэж их сайхан жүжигт эвлэлийн үүрийн дарга эрэгтэй хүүхдийн дүрд хүртэл тоглосон. Халх голын байлдаанд явж байсан партизаны нэр төрийг өгүүлсэн жүжиг л дээ. Зохиол нь ч хаа байдаг юм, бүү мэд. Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байгаад зах зээлийн ороо бусгаа үе эхлэхэд 1992, 1993 оны зааг дээр би Польш руу гараад явчихсан л даа.

-Театрын үндэсний жүжиг гэж ямархуу жүжгүүд байв?
 
-Дарамын Батбаярын “Хайрыг хайрла" жүжгээс эхлээд маш олон жүжгийг манай театр тавьсан юм. Э.Оюун багшийн “Хайр” байна. “Өв залгамжлагч", “Хэрээ” гэхчилэн Ц.Балдоржийн зохиолуудаас тавьсан. Тэр байтугай “Намайг сонсоцгоо”, “Эрх гүнж” гээд дуулалт хоёр жүжгийг хүртэл бид Болгар руу, Николай Чаушескугийн төр засаг нурахаас хэдхэн хоногийн өмнөхөн айлчлан тоглолтоор очиж тоглож байлаа. Яг Софийн төвд очих гэтэл бидний оруулаагүй. Наагуур хилийн ойролцоох хотуудад нь тав зургаан хоног тоглолт хийчихээд буцаж
байсан. Тэндээсээ Халимагийн Элстэйд очиж тоглосон юм.
 
Ингээд бодоход манай Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлийн цар хүрээ их өргөн байжээ. Зандраабайды гуайн “Задын чулуу” гэж ямар гоё жүжиг байсан гэж санана. Одоо тэр зохиолыг зохих хүмүүсээс нь зөвшөөрлийг нь аваад хаа нэгэн газар тавибал их гоё жүжиг болно доо. Тэр жүжигт найруулагч маань ямар ч үггүй дүрийг надад бий болгоод өгч байсан юм. Зохиолд ерөөсөө бичигдээгүй, найруулагчийн гаргаж ирсэн дүр. Дотоод сэтгэлийн илрэлээрээ, тоглож байгаа бусад жүжигчидтэй авцалдаж, тэдний харьцаанаас харьцаа авч, жүжгийг улам сайн болгохын тулд шигтгээ болгож үггүй дүрийг жүжигчид найруулагчтайгаа ярьж байгаад боловсруулдаг юм. Энэ жүжгийг н.Лхасүрэн найруулагч тавьсан. Хашааны завсраар шагайгаад цэргүүдийг дуурайж модон морин дээгүүр харайдаг ноорхой нусаа гоожуулсан жаал гэж Зандаабайды гуай ер бичээгүй. Би боддог юм, эрэгтэй хүүхдэд тоглодог эмэгтэй жүжигчин гарын тавхан хуруунд багтахаар цөөхөн байна.
 
Михайлд нэг бодол бий гэдэг шиг надад нэг бодол бас байна аа. Эд нарынхаа тухай сайхан баримтжуулаад үлдээчих юм сан гэж бодож явна. Тэр үед засаг урлаг соёлын янз бүрийн тогтоол шийдвэр гаргадаг байсан. Эрэгтэй хүүхдэд тоглодог эмэгтэй жүжигчин, сонгодог бүжгийн балетчин хоёр хорьхон жил улсад ажиллаад хэрвээ өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгодог тийм тогтоолтой байв. Энэ хоёр мэргэжлийг хүнд хөдөлмөр гэж үздэг учраас тэр л дээ. Хүүхэд залуучуудын театрын нүүр царай, уран бүтээлийн өнгө агуулга гэдэг чинь огт өөр байдаг юм. Цэцэрлэгийн насныханд тоглодог бүтээлтэй. Цэцэрлэгээс сургуулийн насныханд тоглодог бүтээлтэй, сургуулийн насандаа ахлах ангийн хүүхдэдтоглодог жүжиг нь бас өөр.
 
Жишээ нь,   “Алгебрийн дэвтэр” гэдэг жүжиг хүүхдүүдийн бие биеэ харж шохоорхох, хүн яаж зорилготой амьдардгийг яг насанд нь тохирсон утга санаагаар үзүүлж байх жишээтэй. Цаашлаад залуучуудад зориулсан бүтээл тавина. “Хайр”, “Өв залгамжлагч" гэхчилэн. Хүүхэд, залуучуудын гэдэг нэр нь хүртэл маш оновчтой байсан байгаа юм. Хүүхдийн театр гэхээр хүмүүс хүүхэлдэйн театр бодоод байдаг. Тийм биш юм. Э.Оюун гуайн “Хайр” жүжигт би Урнаа гэдэг дүр бүтээж байсан. Тэр жүжигт төрийн шагналт Ц.Төмөрбаатар гол дүр, манай н.Цолмон, н.Очирбат гуай гол дүр. Эргээд бодоход хайр сэтгэлийн хайр төдий биш хүнийг, бүхнийг хайрлах хайрын тухай юм. Халх голын байлдааны сэдэвтэй. Хүмүүс жүжиг үзэхийн тулд урьдчилан тасалбарз захиалдаг, эсвэл дугаарлаад дараалал нь зам хөндлөн гараад “Солонго” ресторан хүрдэг байв. Наян хэдэн он шүү дээ. И.Нямгаваа найруулагч “Театрт хүмүүс ингэж их очерлоод ирэхээр аюултай байдаг юм. Ингэх нь тийм ч сайн юм биш” гэж хэлдэг байж билээ.
 
-Таныг Польш явахад театр чухам ямархуу байсан бэ?
 
-Ерөнхийдөө тарж байсан. Гадаад паспорттой л бол хилийн дээс алхаж, өөр өөрийнхөө хүслээр, өөр өөрийн эрх чөлөөгөөр амьдрал судлах маягтай явах хаалга үүд нээгдчихсэн. Тэгээд бодлоо. Ер нь гадаадын театр гэж ямар театр байдаг юм, хоёрт гэвэл, юм үзэж нүд тайлахад юу нь буруу байхав. Хийх ажилгүй ч болох шинжтэй болчихлоо гэж бодсон. н.Батзаяа, н.Туяа хоёр хошин шог гээд тасраад гараад явчихлаа. Ингээд би нэг гадаад паспорт гаргуулж аваад уламжлалт анагаах ухааныхныг бараадлаа. Тэр үед Монголын уламжлалт анагаах ухаан, зүү төөнүүр, бариа засал Польш, Герман, Унгар Чехэд хүчээ авч байсан юм.
 
-Польшт очоод юу хийв?
 
-Хэл мэдэхгүй, газар мэдэхгүй очиж байгаа. Очингуутаа н.Мандах гээд эмч найзыгаа бараадсан. Уламжлалт эм тан, бариа заслын талаар ерөнхий ойлголт авахаар бараадаад явна. Мандах маань эмчээ хийгээд, би хажуугаар нь мөнгө төгрөг олохын тулд айлын хүүхэд харсан. Боловсрол өндөртэй болсон улс гэрээрээ аэробикийн багш авдаг юм байна. Хүүхдийнхээ биеийн ерөнхий хөгжилд санаа тавьдаг юм байна. Би багаасаа гимнастикаар хичээллэж байсан болохоор тэрийгээ мөнгө болгож ашиглах маягтай.
 
-Та сүүлийн жилүүдэд эргээд кинонд нэлээн тоглох боллоо. Ямархуу байна?
 
-Зөвхөн 2012 оноос хойш “Тусгай салаа", “Өдөр өдрийн нар" телевизийн олон ангит киноноос эхлээд “Ану хатан", “Улаан даашиз", “Найзууд”, “Үргээлэг” гээд нэлээн кинонд тоглосон. Зарим хүмүүс гол дүрд тоглох хүсэл эрмэлзэлтэй байдаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Гол дүрд тоглох аз тэр болгон тохиолддоггүй. Тийм аз тохиохгүй байвал гол биш дүрийг чанартай бүтээх хэрэгтэй гэж би бодож явдаг. Хичнээн олон эмээ, хичнээн олон ээж, хичнээн олон туслах дүрд тоглохдоо тэр бүхэн нэг нь ч нөгөөтэйгөө адилхан байхгүйн төлөө би хичээдэг юм.
 
-“Мартагдсан дууль” гэж кино бий. Тэр кинонд та нэг содон дүр төрхтэй эмэгтэйд тоглодог?
-Их сонин кино л доо. Ж.Сэлэнгэсүрэн найруулагч тэр кинонд намайг урилаа л даа. Зохиолтойгоо танилцсан чинь "Тэр венгертэй л суудаг байсан юм. Тэгсэн бол би өдийд...” гээд булган шубаны тухай ярьдаг нэг их намжиртай хүүхэн байдаг даа. Намайг тэр дүрд авья гэхгүй юу. Өмнө нь би “Нэр төр” гээд жүжиг, кино хосолсон телевизийн бүтээлд тоглосон юм.
Ц.Төмөрбаатартай нөхөргүй эгчмэд хүүхний дүрд тоглосон байсан үе. Дараа нь нэг ийм яриа сонсохгүй юу. “Энэ дүрд тоглоход тэр ядаад байх юу байсан юм. Өөрөө тиймэрхүү” гэх маягийн яриа. Түүнд би эмзэглээд “Уучлаарай, найруулагч аа, би энэ дүрд тогломооргүй байна. Хажууд нь даруу Дэжид гээд нэг дүр байна. Түүнд л тогломоор байна” гэсэн. Тэгээд ч би угаасаа архи амсдаггүй. Архи уугаад хүн яаж агсан тавьдгийг мэдэхгүй. Архи ууж үзэж, агсам тавьж үзэж байж наад дүрийг чинь нэлээн боловсронгуй болгомоор байна гэлээ. Тэгээд найруулагч намайг даруу Дэжид дээр томилсон. Би өнөөдөр залуучуудад маш их баярлаж явдаг юм. Монголын кино академи, Залуу киночдын холбоо энэ хэд намайг кинондоо татаагүй бол би өнөөдөр хэн бэ.
Ганц “Өндөр ээж”-тэйгээ мартагдах байсан ч юм билүү. Сүүлийн үед оюутнууд ч дипломынхоо жүжигт тоглоод өгөөч гэсэн санал их тавих юм . Би бүгдэд нь тоглож өгсөн. Хамгийн сүүлд “Миний эмээ” нэртэй 15 минутын богино хэмжээний кинонд тоглолоо. Залуучууд мундаг сэтгэж байна. Арван тавхан минутын тэр жүжигт баяжуулах юм бол бүхэл бүтэн уран сайхны кино болохоор сэдвийг гаргаж ирж байна. Энэ жил миний тоглож байгаа ээж, эмээ нарын дүр дандаа эерэг сайхан дүрүүд байлаа. Энэ он амьдралд маань эерэгээр эхэлсэн болохоор би их баярлаж байгаа. Одоо ингээд зургаа, долдугаар cap гэхэд зураг авалтаа эхлэх киноны захиалгууд ороод ирчихсэн байна. Тэгэхээр би кино бүтээж байгаа залуу уран бүтээлчид, Кино академидаа намайг ийм олон янзын, жижиг ч бай том ч бай, үгтэй ч бай үггүй ч бай бүтээл гаргахад тусалж байгаад би их баярлаж байгаа юм.
Нийслэл таймс
Н.Пагма
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.