2030 он гэхэд хог хаягдлыг 40 хувиар бууруулна гэв
БОНХЯ-нь Байгаль орчинд ээлтэй, олон нийтэд нээлттэй Ногоон хөгжлийн бодлого боловсруулж энэ сарын 13-ны өдөр УИХ-аар батлуулсан. Тэгвэл өчигдөр тус яамнаас энэхүү бодлогыг олон нийтэд танилцуулахаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус хуралд БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, сайдын зөвлөх Т.Чулуун, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Хишигжаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Тус бодлогын баримт бичигт 16 жилийн хөгжлийн төлөвлөгөө багтаж байгаа бөгөөд хоёр үе шаттайгаар хэрэгжих юм байна. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал, хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистөмийн тэнцвэрт байдлыг хадгалах, ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлж, байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэх мэт үндсэн зургаан зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бодлогын баримт бичиг амжилттай хэрэгжвэл одоо 4-5 хувьтай байгаа сэргээгдэх эрчим хүчийг 2030 онд 30 хувь болтол нэмэгдүүлэх юм байна. Мөн ногоон барилгын үнэлгээний систем, эрчим хүчний аудит зэрэг ногоон шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлж нутагшуулсан ААН-ийг дэмжин урамшуулах замаар барилгын дулааны алдагдлыг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хувиар тус тус бууруулна.
 
 Үр ашигтай, хэмнэлттэй технологийг дэмжих, хүн амд амьдрах орчны эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг олгох замаар хаягдлыг бууруулах зохистой менежментийг төлөвшүүлж хог хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хувиар тус тус бууруулна гэж тооцоолжээ.
 
Энэ үеэр БОНХЯ-ны дэд сайд Б.Тулга “Ногоон хөгжил гэдгийн товчхоноор байгаль орчиндоо ээлтэйгээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, өнөө үеийнхэн ирээдүйдээ өвлүүлэх баялагтай байх, хүн бүр хэмнэх сэтгэлгээтэй байх гэж хэлж болно. Өнөөдөр улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохирсон хөгжлийн алсын хараа, арга загвар, хандлагатай хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрчим хүч, хүнс, санхүүгийн хямралын үед дэлхийн тогтолцоо томоохон эрсдлийг давж гарах чадавхи мөхөс болж байгааг мэргэжилтэн, судлаачид анхааруулах боллоо. Дэлхийн эдийн засгийн форумд зориулан гаргадаг “Глобал эрсдлийн энэ оны тайлан”-д улам бүр нэмэгдсээр буй агаар мандал дахь хүлэмжийн хий, санхүүгийн архаг хомсдлыг ирэх арван жилийн хамгийн өндөр эрсдлээр тодруулсан байна лээ, Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хэрэглээ, байгалийн нөөцийн хомсдол нь оршин тогтнолд хүн төрөлхтөний цаашдын ирээдүйд эрсдэл учруулж байна. Өдгөө дэлхийн улс орнууд хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд ил үү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжиж байна. Монгол Улсын хувьд газар нутгийн дийлэнх хэсэг нь харьцангуй байгалийн унаган төрхөө хадгалсан, байгалийн арвин нөөц баялаг, газарзүйн байршил, соёл, уламжлалын давуу талыг ашиглах замаар ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх боломж байна. Нөгөө талаар манай орны ядуурлын түвшин, орлогын тэгш бус хуваарилалт, байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн бүтэц, эрчим хүч болон бусад нөөц, баялгийн үр ашиггүй, үрэлгэн хэрэглээ, техник, технологийн хоцрогдол, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг байдал зэрэг нь бидэнд бэрхшээл болж байна.
 
Тиймээс “Эхлээд хөгжье, дараа нь цэвэрлэе" гэсэн өнөөгийн хандлагыг өөрчлөн байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэн, нийгэмд хүртээмжтэйгээр эдийн засаг нь өсөх, байгаль орчноо хамгаалах зүйтэйг БОНХЯ анхааран, хөгжлийн бодлогоо боловсруулсан” гэлээ. Ногоон хөгжлийн бодлого баримталснаар манай улс байгалийн нөөцөө хэмнэлттэй, үр ашигтай зохистой ашиглана. Мөн ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн салбарын бодлого, төлөвлөлтийг хийж, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх боломж нээгдэх юм. Ногоон хөгжлийн явцад дэвшилтэт технологийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг бий болгоход иргэдийн оролцоог хангах боломжтой болохыг салбарын дэд сайд онцоллоо.
Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-19 02:02:35
    талх гэх мэтийг гялгар уутанд хийдгээ болимоор бнаа,тэр уутыг хийх гэж хичнээн их байгалийн бүтээгдхүүн ашиглаж ууо ус царилгаан эрчим хүч хүний хөдөлмөр зарцуулаад дараа нь байгалдаа хог болшож хаяад,урьд нь уутгүй хэрэглээд өвчин туссан түүх байгаа юм