Долоо хоногийн онцлох үйл явдлын тойм
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс тунхагласны 91 жилийн ой тохиов



Аливаа улс оронд хамгийн том баяр нь эрх чөлөөгөө олж, тусгаар тогносон өдөр байдаг. Монгол Улс 1924 оны арваннэгдvгээр сарын 26-нд Бvгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглаж, анхдугаар vндсэн хуулиа баталсаны тvvхт ойн өдөр өнгөрсөн пүрэв гарагт тохиолоо.  

Бид жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдрийг Улс тунхагласны баярын өдөр болгон нэлээд өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Бүх нийтээр амраад л, бөх барилдуулаад л, бас идэж, уугаад л, ер нь яаж баярладаг билээ, яг тэгж тэмдэглэдэг байлаа. Зурагтаар хувьсгалын үеийн кинонууд өдөр, шөнөгүй гардагсан. 

Тэгвэл гурван жилийн өмнөөс эхлэн Улс тунхагласны баяр биш болсон. Энэ өдөр бүх нийтээрээ амарч, бөх үзэж баярлахгүй болсон гэсэн үг. Харин хэзээ жинхэнэ Улс тунхагласан баярыг хийхийг улс төрчид л мэдэж байгаа болов уу. 

УИХ-ын 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар БНМАУ-ыг тунхагласан өдрийг үгүй хийх шийдвэрийг гаргасан. Ингээд Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Харин тэр өдрийг бүх нийтээрээ амарч, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг болгосон юм. Гэвч гурван жил болоход ард түмэн арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдөрт илүү их ач холбогдол өгөн энэ өдөр бид бүрэн эрхт улсаа тунхагласан юм шүү хэмээн омогшсон хэвээр байгаа.
 
Ерөнхий сайд олон нийтэд хандан мэдээлэл хийлээ



Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Пүрэв гарагийн орой 21:00 цагаас МҮОНТ-ээр хийсэн мэдээлэлдээ Засгийн газрын тэргүүн өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болоод цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсан юм. Ерөнхий сайд  мэдээллийнхээ эхэнд Төсвийн бодлогоо шинэчилж чадлаа хэмээн онцоллоо.  2015 оны төсвийн хоёр ч тодотгол, 2016 оны төсвийн хуулиа хэлэлцэн батлах явцад улсын нэгдсэн нэг төсөвтэй болох, төсвийн алдагдлаа бууруулах, төсвийн хэмнэлтийн бодлого баримтлах, орлого зарлагаа бодитой төлөвлөх, халамжийн бодлогоо хэрэгтэй хэсэгт нь буюу зорилтот бүлэгт онож чиглүүлэх зэрэгт томоохон ахиц дэвшил гаргаж чадлаа. Ийм үндсэн зарчим, дэвшилттэй хандлагаа цаашид хадгалж чадвал улсын төсвөө ирэх онуудаас алдагдалгүй батлах боломжтой болно гэлээ. Мөн тавантолгойн ордыг эргэлтэд оруулах ажлыг энэ хавар эхлүүлнэ хэмээн онцолсон. Ерөнхий сайдын онцолсон дараагийн нэг зүйл бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтийн саналыг авч яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг асуудал байлаа. 

Автомашины худалдаа эрхлэгчид  “нүүхгүй” хэмээн дахин жагсав



Нийслэл хотын авто замын  төвлөрлийг сааруулах үүднээс хот доторх техникийн захуудыг нүүлгэх шийдвэрийг гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шинээр  “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулсан. 

Ингээд тус цогцолборын эхний ээлж ашиглалтад ороод даруй хоёр сар болж байна.Гэвч төрийн шийдвэр, бүтээн байгуулалтыг эсэргүүцэгч, хувийн ашгаа чухалчлагч захуудын эзэд “нүүхгүй” хэмээн шилээ татаж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсаар байгаа.Тэгвэл  авто худалдаа эрхлэгч 8000 гаруй иргэн баасан гарагт  төв талбайд 10:00 цагаас дахин жагсаал хийлээ.

Жагсаалд 1000 машины зах, Да хүрээ зах, Өгөөмөр зах, Мөнгөн хүлэг зах, Цирк болоод Саруул худалдааны төвийн машины худалдаа эрхлэгчид, Хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, авто плаза төв түүнийг тойрсон төвүүдийн төлөөлөл зэрэг захуудаас гадна хувиараа авто худалдаа эрхлэгчид оролцох аж. Мөн тэдгээр захуудыг дагаж хүнс болоод барааны худалдаа эрхлэгчид, банш бууз зарж өдрийн хоолоо залгуулдаг иргэд оролцлоо.

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автобус үйлчилгээнд гарч эхлэв



Монголын анхны “Экобус” автобусны компанийн үйлдвэрлэсэн J-800T маркийн 20 ширхэг автобус иргэдэд үйлчлэхэд бэлэн болж, лхагва гарагт Чингисийн талбайд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд НЗД Э.Бат-Үүл болон “Экобус” компанийн удирдлагууд оролцлоо.

Монгол Улсад автомашин үйлдвэрлэл хөгжих анхны алхмыг нээсэн тус автобус нь шатахуун бага зарцуулахаас гадна утаа гаргадаггүй тул байгаль орчинд ээлтэй бүтээл болсон гэдгийг Аж үйлдвэрийн сайдын зөвлөх, “Экобус” компанийн зөвлөх Д.Жаргалсайхан хэллээ.

Тэрбээр, “Монголын нөхцөлд тохируулан цантдаггүй вакум цонхтой, евро-4 хөдөлгүүртэй, евро стандартын хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн уг автобус нь Ханын материал-Офицеруудын ордон чиглэлд үйлчилгээнд явна. J-800T нь 100 километрт 28 литр шатахуун зарцуулдаг бөгөөд нэг автобус 121 мянган ам.долларын өртгөөр бүтсэн. Дотоод эд ангиудыг нь БНХАУ, БНСУ-аас оруулж иржээ. Автобусны хамгийн гол давуу тал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хийн нумаараа доош суудаг намхан шалтай, тэргэнцэртэй иргэд зорчих боломжийг нээж өгсөн.

Автобусны үйлдвэрийг дагаад дугуй, аккумлятор, шил, толь үйлдвэрлэх 66 үйлдвэр байгуулах бөгөөд энэ бүгдийг монголчууд өөрсдөө үйлдвэрлэж сурах хэрэгтэй. Ингэж чадвал бид 30 мянга орчим ажлын байр бий болгоно” гэлээ.

Цахилгааны шөнийн тарифыг хөнгөллөө
 


 
Лхагва гаригт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар оролцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хороо, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтраад системийн зангилаа хэсэг болгон дээр зохицуулалтын болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 100 тэрбум төгрөгт хүрч байсан системийн алдагдлыг тэглэж чадсаныг сайшаалаа.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгааны шөнийн хэрэглээнд эрчим хүчний тарифын дэмжлэг үзүүлж гэр хорооллын айл өрхүүд цахилгаанаар орон гэрээ халаах боломжийг бүрдүүлэхийн тулд бодлогын хувьд дэмжих зайлшгүй шаардлага гарч байна гэлээ.

Цахилгааны хэрэглээний бүтцэд шөнө хэрэглэж байгаа цахилгаан 149 сая киловат цаг буюу нийт эрчим хүчний хэрэглээний 4 хувийг эзэлж байна. Төвийн бүсийн хэрэглэгчдийн нийт хэрэглээний 56.8 хувийг энгийн тоолуураар, 43.2 хувийг тарифт тоолуураар тооцож байгаа. Одоогийн мөрдөж байгаа тарифаар нэг киловатт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож байгаа бол шөнийн цахилгааны хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 38.55 төгрөг болж буурах юм. Цахилгааны шөнийн тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр эрчим хүчний салбарын хэмжээнд тарифын шууд бууралтаас 3.2 тэрбум, энгийн тоолууртай хэрэглэгчид тарифт тоолуурт шилжихэд 2 тэрбум, нийт 5.2 тэрбум төгрөгөөр салбарын орлого буурна. Эрчим хүчний салбарын алдагдлыг тэглэснээр гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх боломж бүрдэж байна гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд мөрдөнө. Цахилгааны шөнийн тарифын мөрдөх хугацаа нь 21.00-06.00 цагийн хооронд байна гэж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр хэллээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.