Хэн юу хэлэв
Р.Жигжид: Оюутолгой төслийн талаар арванхоёрдугаар сард нааштай мэдээ сонсоно

Монгол Улс том уурхайнуудаа ашиглалтад оруулж, ашиг шимийг нь хүртэх цагаа хүлээсээр байгаа билээ. Тавантолгой, Оюутолгой, Гацуурт гээд олон ордын асуудал шийдэгдэхгүй хэвээрээ л байна. Тэгвэл Уул уурхайн сайд Р.Жигжид саяхан өгсөн ярилцлагадаа Оюутолгой болон Гацууртын ордын талаар ярьсан байна. Тэрбээр “Энэ оны тавдугаар сард Дубайд очиж Оюутолгойн далд уурхайн санхүүжилт болон бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Мөн “Оюутолгой” компанитай хамтарч Далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр форум зохион байгуулсан. Үүнд 600 орчим туслан гүйцэтгэгч компани оролцсоноос 250 нь дотоодын аж ахуйн нэгж байсан.

Энэ форумаар дамжуулан “Оюутолгой” компани ханган нийлүүлэлтээ бодитоор харж, гэрээ хийх бэлтгэлээ хангаж байгаа нь ажил хэвийн үргэлжилж байгаагийн тод илрэл гэж харж байна. Би “Оюутолгой” компаний захирлаас товч мэдээлэл сонссон. “Одоогоор хөрөнгө босгох ажил эхэлчихсэн, олон улсын банк санхүүгийн 20 гаруй байгууллагатай уулзсан. Үүнээс гарсан саналыг ТУЗ, хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулна” гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс арванхоёрдугаар сард багтаан энэ төслийн талаар нааштай мэдээ сонсоно гэдэг хүлээлттэй байна.

Харин Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах тухай асуудал шийдэгдсэн.  Гэвч төрийн эзэмших хувийг тогтоож чадалгүй хэд хэдэн удаа буцаагдсан. Үүнтэй холбогдуулаад Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн эзэмших хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг авах асуудлаар хөрөнгө оруулагч талтай санал солилцож яриа хэлэлцээр явуулж, зарчмын тохиролцоонд хүрээд байна. Манай яам энэ төслийг хуулийн дагуу эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг.

Харин байгаль орчин, түүх соёлын дурсгал, үнэт туурийг хамгаалах асуудлыг нэг мөсөн цэгцлэх чиглэлийг БОНХАЖ яаманд Засгийн газраас өгсөн. Энэ дагуу Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг БОНХАЖ яам боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан. Хамгаалах газраа хамгаалж, ашиглах газраа ашиглах зарчмын байр суурийг Засгийн газар барьж байгаа. Ер нь ойрын хугацаанд олон нийтийг оролцуулсан хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна” хэмээн ярьжээ.

Л.Дүгэржав:  Монголчууд өөрийн гэсэн баазаа Антарктидад нэн даруй байгуулах шаардлагатай байна

Монгол Улсаас Антарктидад очиж судалгаа шинжилгээ хийдэг, Олон улсын эрдэмтэдтэй хамтарч ажилладаг ганц хүн нь Л.Дүгэржав гуай. Тэрбээр олон жил хойд тулд ажиллаж, судалгаа шинжилгээ хийсний үр дүнд тэнд баазаа байгуулах боломжтой болоод байгаа юм. Тэгвэл энэ талаар тэрбээр “Монголчууд 2015 оны зургадугаар сард Антарктидын  олон улсын гэрээнд нэгдэж орсон байдаг.

Үүнээс өмнө Монгол Улсын судлаачид хуучнаар ЗХУ болон бусад улсын бүрэлдэхүүнд ордог, бие даасан судалгаа хийх эрхгүй байсан. Тэгвэл Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд нэгдэж орсноор өөрийн гэсэн судалгааны баазтай, сэдэвтэй, тодорхой ажил хийх боломжтой болно гэсэн үг. Мөн Антарктидад монголчууд олноороо очих боломж нээгдэнэ. Үүнээс өмнө Антарктидад аялах квот Монголд жилдээ 1-2 л олддог байсан. Тэгвэл энэ квот улам нэмэгдэх юм. Ингэхийн тулд нэн тэргүүнд монголчууд өөрийн гэсэн баазаа Антарктидад барих шаардлагатай юм. Антарктид судлалын Монголын баазын төсвийг 250 мянга орчим ам.доллар гэж тооцсон. Гэхдээ энэ хэмжээний мөнгө олох боломжгүй.

Одоогоор 90 сая төгрөгт багтааж Испанийн баазын хуучин контейнерүүдийг худалдаж авч, тээвэрлэх ажил хийж байна.  25 м2 талбай, таван хүн амьдрах орон зайг Антарктидад бий болгох зорилго тавиад ажиллаж байна. Ийм байдлаар Монгол Улсын Антарктид дахь бааз босно. Мэдээж энэ ажилд олон жил шаардлагатай. Антарктид судлал гэдэг бол хүний амьдрах орчны судалгаа юм. Хүн юу иддэг, уудаг, өмсдөг, тэнд амьд үлдэхийн тулд юу хийдэг вэ гэдгийг судалдаг. Өнөөдрийн бидний хийж буй ажил бол глобал цаг уурын, газрын гүний температурын, газарзүйн болон геологи, усны судалгааны өөрчлөлтийг судлахад оршиж байна.

Бид ганцхан дэлхийтэй. Дэлхийн нэг хэсэг нь бид. Монгол Улсын хувьд л гэхэд цөлжилт, цаг уурын өөрчлөлтийг хэмжиж болдог. Түүнтэй адилхан хэмжилт хийж, судалж болдог зүйл бол өмнөд болон хойд туйл. Тиймээс л олон улсын эрдэмтэд энд судалгаа хийгээд байгаа юм. Дээрээс нь цэвэр усны нөөцийн 80 хувь энд мөс хэлбэрээр байдаг. Өнөөдөр цаг дулаарч, дулаарал явагдаж байна. Тэгвэл энэ цаг уурыг хөргөдөг, хамгийн том хөргөгч нь Антарктид. Энэ ч утгаараа олон улсын хийж буй судалгааны ажилд монголчууд ч оролцох ёстой” хэмээн ярьжээ.
 
С.Эрдэнэ:  Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн орчин нөхцлийг сайжруулна

Монгол Улс ердөө л гуравхан сая хүнтэй. Гэтэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 110 мянгад хүрсэн аймшигтай тоо баримт байгаа. Ядаж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүнд тааламжтай орчин Монголд алга. Ажил авах газар ч байдаггүй гээд асуудал их. Тэгвэл Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан аж. Энэ талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ийн ярьжээ.

Тэрбээр “ХАХНХ-ын яам байгуулагдсанаас хойших өнгөрсөн гурван жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, ялангуяа дэд бүтцийг нь сайжруулах зорилгоор 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал онцгой анхаарал татаж байгаа. Монгол Улсын хэмжээнд 12 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хувь болж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тавих төрийн халамж, анхаарлын асуудлыг ямар бодлогоор зохицуулах талаар бид яг одоо ажиллаж байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн хамгийн том ажил маань түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Үндэсний хөгжлийн төвийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгөөр байгуулах асуудлыг шийдлээ.  Тэнд эмнэлэг, сэргээн засалтын төв, боловсролын байгууллага гээд нэг дор бүхнийг шийдсэн иж бүрэн цогц төв байх юм. Газар, дэд бүтэц хөрөнгө мөнгө гээд бүх асуудал нь шийдэгдсэн энэ төвийн ажил ирэх хавар эхэлнэ.

Наана нь БНХАУ-ын Засгийн газрын холбогдох яамтай хамтран шав тавих ажлыг хийнэ. Энэ төв байгуулагдсанаар үндсэндээ 359-400 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч тэдэнд бүх төрлийн эмчилгээ сувилгаа, сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээс гадна боловсрол мэдлэгт нь ч анхаарал хандуулаад явна. Дээр нь сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох сургуулийн хүрэлцээ, хангамж, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хуучин сургуулиудыг нурааж шинээр иж бүрэн цогцолбор сургуулиуд байгуулахаар зорилт тавиад ажиллаж байна” хэмээсэн байна.
Монголын мэдээ
Н.Болд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-11-29 04:42:27
    Л.Дүгэржав болон монгол эрдэмтэдийнхээ судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье.
  • иргэн 2015-11-28 17:24:00
    Денгеж одоо л нэг хег.бэрхшээлтэй хуухдуудийн тухай дуугарч гэнэ,талийгаач сэтгуулч л бичээгуй бол энэ хун ингэхгуй бсан.
  • Hudalch Erdene gahai 2015-11-28 16:38:54
    Bayangol chinii omch bish mongoliin ard tymniih teneg..... Teneggggg
  • erdened 2015-11-28 10:09:35
    Togloomiin talbaig busdad zardagaa bas bolih heregtei ERDENEE
  • Эрдэнэ худалч-д 2015-11-28 09:05:24
    Худлаа ярьж ард түмнийг доромжлохоо боливол таарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байр барина гэж газар авчихаад хувийн компаниа болгодог зуршлаа хаячих.