Монгол “Let Me In-2” нэвтрүүлгийн ачаар би амьдралдаа, гоо сайхандаа маш том эерэг өөрчлөлтийг хийж чадсан
Солонгосын “Гранд” гоо сайхны эмнэлэг болон, ТВ9 телевиз зохион байгуулсан “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн бүсгүйчүүд хэдийн өөрийн хүссэн үр дүнд хүрээд эх орондоо ирсэн. Бид энэ удаагийнхаа ярилцлагын буландаа “Би өөрөө гоо сайхан” буюу Монгол “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн ялагч болоод, гурван сарын хугацаанд гайхалтай өөрчлөгдөж чадсан тэвчээртэй мундаг бүсгүйчүүд болох Л.Жавхлан, Ц.Удвал нарыг урин оролцууллаа. Тэмцээний ялагч Л.Жавхлантай ярилцлаа.

-”Let Me In-2” шоу нэвтрүүлэгт яагаад орох болсон талаараа ярилцлагаа эхлэх үү?

-Би энэ нэвтрүүлэгт өөрийгөө 100 хувь өөрчлөх хүсэлтэй байсан учир оролцсон. Нэвтрүүлэгт оролцох явцдаа өөрийн амьдарлыг нийтэд дэлгээд ярьчихсан. Гэр бүлийн асуудлаас болоод сэтгэл санааны гүн хямралд орчихсон, амьдрах итгэлээ алдсан үе надад бий. Ханьдаа хаягдаад, тээж төрүүлсэн үрээ алдаад,  нийгэмтэйгээ зэрэгцээд амьдрахад үнэхээр хэцүү байсан. Тиймээс ч амиа хорлох гэж хэд хэдэн удаа оролдож байлаа.  Гэхдээ л би амиа хорлож чадаагүй. Учир нь миний хөөрхөн охин байдаг. Тиймээс   “Би үртэй хүн,  хөөрхөн охин минь байхад би яагаад хорвоог орхих ёстой юм” гэж бодсон. Тэгээд л эмэгтэй хүн, эх хүн гэдэг үүднээсээ өөрийгөө өөрчлөхийг хүссэн. Охиныхоо өмнө нүүр улайхааргүй, бардам,  өөртөө итгэлтэй мундаг эмэгтэй байхыг хүссэн учир “Let Me In-2” нэвтрүүлэгт орсон гэж хэлж болно.

-Нэвтрүүлэгт оролцохоор шалгараад, хүссэн өөрчлөлтийг хийнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Өмнө нь би Монгол “Let Me In-1” шоу нэвтрүүлэгт оролцож байсан. Тухайн үед нээлтийн арга хэмжээнд оролцоод бусдыг бодвол миний эрүү нүүрний гажиг харьцангуй гайгүй юм байна гэж бодож байсан. Энэ удаагийн нэвтрүүлэгт 70 гаруй хүн оролцсон. Би дахин уг нэвтрүүлэгт бүртгүүлээд,  улмаар нэвтрүүлгийн ялагч болоод амьдралдаа, гоо сайхандаа маш том эерэг өөрчлөлтийг хийж чадсандаа үнэхээр их баяртай байгаа. Нэвтрүүлгийн ялагч болоход олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Үндсэн шалгуурт эрүү нүүрний гажигтай буюу өөрийнхөө гоо сайханд сэтгэл дундуур явдаг хүмүүсийг шалгаруулсан. Энэ шалгуурыг нь би хангасан.

-Хагалгаанд орохоос өмнө эрүүний гажиг нь ямар нэгэн зовиуртай байсан уу?

-Би төрөлхийн эрүү нүүрний гажигтай байсан. Гэхдээ сүүлийн 2-3 жилийн хугацаанд гажиг нь эрс нэмэгдсэн. Хэдийгээр хүн бүхэн шоолоод л,  гадуурхаад байдаггүй байсан ч ухаан орсон цагаасаа  нүүрний гажигтай гэдэгтээ маш их эмзэглэдэг байсан. Уулзаж, учирч байгаа хүн намайг ингэж хэлэх болов уу, тэгэж бодож байгаа болов уу гээд л дотроо шанаж өгнө. Зарим нэг хүний санаатай болон санамсаргүй хэлсэн үгийг маш эмзэгээр хүлээн авах жишээтэй. Түүнчлэн хатуу зүйл идэж болохгүй, зовиурлах зэрэг асуудал гардаг байсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй сайхан байна.

-Солонгос улсад очоод хэчнээн төрлийн хагалгаанд орсон бэ. Мэдээж их өвдсөн байх?

-Би хагалгаанд орохын өмнө маш их  шаамий, ширүүн дүр төрхтэй харагддаг байсан. Надад хийсэн хагалгаануудыг гурван үе шаттайгаар хийж гүйцэтгэсэн. Нэгдүгээрт,  доод, дээд эрүүний шаамий засах хагалгаа буюу хэт шаамий эрүүг хэвийн болгох, дөрвөлжин эрүүг зөв хэлбэрт оруулах зэрэг ясны мэс заслууд хийгдсэн. Хоёрдугаарт,  төрөлхийн чартгар  байсан нүдний хэлбэрийг өөрчилж, хамар өндөрсгөх, духанд үс шилжүүлэн суулгасан. Өмнө нь би нэлээн илүүдэл жинтэй байсан. Тиймээс бүх биеийн болон гарны булчин хэсгийн өөхнөөс соруулсан. Мөн арьсаа татуулсан байгаа. Ясны хагалгаа хийлгэнэ гэдгээ мэдэж байсан. Тиймээс төрөхөөс ч илүү өвдөх байх гэж бодоод сэтгэл зүйн бэлтгэл маш сайн хийсэн. Өвдөлтөөс болоод уйлах, орилох ч үе гарах байх гэж бодож байлаа. Хагалгаандаа орж гарч ирээд хамт явсан хоёр дүүгээ айлгачих байх гэж бодоод маш их шүд зуун тэвчсэн. “Миний хоёр дүү битгий айгаарай. Тийм их өвдөхгүй байна” гэж хэлээд зоригжуулж байсан. Хэрвээ намайг өвдөөд байна гээд улаад, орилоод байвал хоёр дүүгээ хагалгаанд орох зориг, зүрхгүй болгоод хаячих байх гэдгээс л хамгийн их айсан. Тиймээс ч хатуужилтай, тэвчээртэй байж чадсан.

-Эмнэлэгтээ байхад хэлний бэрхшээл гарч байв уу. Өвдөж байгаагаа хэлэхээс эхлээд?

-Орчуулагч нь байнга хамтдаа байсан учир тийм талын бэрхшээл нэг их гараагүй. Мэдээж өвдөлтийн хувьд хэлэхэд ч хэцүү тийм өвдөлтийг мэдэрсэн. Гэхдээ энэ нь өвдөлт насан туршид үргэлжлэхгүй. Энэ үеийг даваад л гарчихвал бүх зүйл сайхан болно. Би цоо шинэ амьдарлаа эхлүүлнэ гэж өөрийгөө зоригжуулдаг байсан.

-Одоо ингээд харахад ямар ч мэс засал хийлгэсэн гэж хэлэхээргүй сайхан харагдаж байна. Ясны хагалгаа учир гуравхан сарын дотор бүрэн эдгэрээгүй байгаа байх. Хэзээ бүрэн эдгэх үү?

-Бүрэн эдгэрэх хугацаа нь хамгийн багадаа нэг жилийн дараа эдгэрч энгийн хүн шиг юм идэх боломжтой болно гэсэн. Хагалгааны дараах эмчилгээг Солонгос улсад бүрэн хийлгээд ирсэн. Тиймээс хэр хурдан эдгэрэх нь тухайн хүний хэрхэн гам барьж байгаагаас шалгаална гэсэн. Одоо зөөлөн юмыг бага багаар, шингэн голдуу хоол идэж байгаа.

-Хэрвээ одоо хагалгаанаас болж ямар нэгэн асуудал гарвал хаана хандах уу?

-Ямар нэгэн асуудал гарвал Солонгос улсынхаа эмнэлэг рүү хандаж болно. Гэхдээ тийм асуудал гарахгүй байх. Учир нь солонгосчууд гоо сайхны хагалгаагаар нарийн мэргэшчихсэн. Маш дээд зэргийн чанартай хийдэг болчихсон юм билээ. Ард иргэд нь ч гоо сайхны хагалгааг хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Найман настайгаас 80 настай буурай, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй бүгд гоо сайхны мэс засал хийлгэдэг. Бидний хагалгаанд эмч нар нь 100 хувийн баталгаа өгсөн. Тиймээс буцаад эмнэлэгтээ хандах асуудал гарахгүй байх.
 
-Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс мэс засал, эмчилгээ, байр, хоол гээд бүх зүйлийн төлбөрийг бүрэн даасан уу?


-Хэрэв нэвтрүүлэгт ороогүй буюу өөрийн зардлаар эдгээр хагалгааг хийлгэсэн бол 200 гаруй сая төгрөг болох байсан юм билээ. Миний хийлгэсэн хагалгаанууд, очоод байрлах байр, явах зардал зэргийг оруулаад ойролцоогоор 200 сая төгрөг болох тооцоо гарсан. Ийм өндөр өртөгтэй хагалгааг ямар ч зардалгүй хийлгэж чадсан. Би их азтай хүн шүү. Хэрэв би  нэвтрүүлэгт оролцоогүй бол энэ их мөнгөөр хагалгаанд орж, амьдарлаа ингээд шинээр эхэлж чадахгүй байсан.

-Амьдарлаа шинээр эхэлж чадсанд баяр хүргэе. Одоо дахиаж амиа хорлох зэрэг үйлдэл гаргахгүй биз дээ?

-“Let Me In-2” шоу нэвтрүүлгийн ачаар миний зөвхөн гадаад төрх гоё сайхан болоод зогсохгүй дотоод хүн маань ч бүрэн өөрчлөгдсөн. Тиймээс ирээдүйн амьдарлын өөд итгэл төгс алхах болно. Хүмүүстэй харьцахдаа ч өөртөө 100 хувь итгэлтэй байдаг болсон. Энэ итгэл төгс бардам амьдрал бэлэглэсэн “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн хамт олон “Гранд” эмнэлгийн эмч, сувилагч нартаа маш их баярлаж байгаа.
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.