Ц.Удвал: Толинд хараад л баймаар хөөрхөн болчихсон байсан
Солонгосын “Гранд” гоо сайхны эмнэлэг болон, ТВ9 телевиз зохион байгуулсан “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн бүсгүйчүүд хэдийн өөрийн хүссэн үр дүнд хүрээд эх орондоо ирсэн. Бид энэ удаагийнхаа ярилцлагын буландаа “Би өөрөө гоо сайхан” буюу Монгол “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн ялагч болоод, гурван сарын хугацаанд гайхалтай өөрчлөгдөж чадсан тэвчээртэй мундаг бүсгүйчүүд болох Ц.Удвалтай цөөн хором ярилцлаа.

-Нэвтрүүлэгт яагаад орох болов. Хэн нэгэн орох санал тавьсан уу?

-“Let Me In-2” шоу нэвтрүүлэгт эрүү нүүрний гажигаасаа болж орсон. Анх “Let Me In-1” нэвтрүүлгийг үзээд оролцож үзэхийг хүсч байсан. Тэгээд судалж байгаад, “Let Me In-2”  нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн. Түүнээс хэн нэгэн оролцооч гэж санал болгоогүй.

-Эрүү нүүрний гажиг засах хагалгаа хийлгэсэн гэсэн. Яагаад ийм гажигтай болсон бэ?

-Анх 2004 онд буюу дөрөвдүгээр ангид сурч байхдаа машины осолд орсон юм. Осолд орсон даруйдаа ямар нэгэн гажиг байгаагүй. Харин 2009 оноос буюу есдүгээр ангид орох үеэс эрүү муруйж, шүд далийхаас гадна юм идэхэд маш сонин харагддаг болж эхэлсэн. Тухайн үед манай ангийн охин “чиний юм идэж байгаа чинь эмгэн шиг муухай харагдаж байна” гэж хэлсэн. Тэр үеэс л би гадуур хоол, унд идэж, ууж чадахгүй болсон. Нээрээ л эрүү маань улам далийгаад байсан учир юм идэхээр эвгүй харагдах байсан.

-Харагдах байдал нь эвгүй байсан юм уу. Эсвэл ямар нэгэн зовиур байдаг байсан уу?

-Хагалгаанд орохоос өмнө миний эрүү мултардаг байсан. Түүнчлэн хэт хатуу зүйл идэх, бохь зажилах үед бага зэрэг зовиурлан өвддөг байсан. Хэдийгээр тийм их өвдөөд байхгүй ч гэлээ эрүү нүүрний гажигаасаа би маш их ичдэг байлаа. Уг нь би Англи хэлний багшаар суралцаж байсан. Гэхдээ маш олон хүнтэй харьцах хэрэг гардаг байсан учир сэтгэл санааны хувь маш хэцүү байдаг байлаа. Тэгээд ч  багш болж төгсөөд би яаж хүүхдүүдэд хичээл заах билээ гэж бодох болсон. Энэ мэт асуудлаас болоод хөндийрсөөр байгаад нэг л мэдэхэд сургуулиасаа гарчихсан. Тиймээс л өөрийгөө өөрчилж, гоё сайхан болохын тулд “Let Me In-2” нэвтрүүлэгт орсон.

-Зөвхөн эрүүний гажиг засах хагалгаанд орсон уу. Эсвэл өөр нэмэлт хагалгаа хийлгэсэн үү?

-Миний хувьд жил ирэх тусам эрүүний гажиг улам даамжирч хүндрэл өгнө  гэсэн оноштой байсан. Түүнчлэн нас болон биедээ хэт ахадсан том хөхтэй гэж оношлосон. Хэт том хөхтэй учир нуруунд маань ачаалал өгч нурууны эмгэг үүсэх шатандаа орсон байсан. Гурван үе шаттай хагалгаа хийсэн. Тодруулбал, эрүү нүүрний гажиг засах, нүүрний тэгш бус хэмийг засах хагалгаа, шанаа болон дөрвөлжин эрүүг засах  ясны мэс засал, нүдний хэлбэр засах хагалгааг хийлгэсэн. Түүнчлэн хөх багасгах болон сойх мэс засал хийлгэсний дараа хамрыг өндөрсгөх, биеийн өөх соруулах зэрэг мэс заслуудыг хийсэн.

-Ясны хагалгаа хийлгэсэн юм чинь нэлээн өвсөн байх. Хагалгааны өвдөлтийн үеийг хэрхэн даван туулав?

-“Let Me In-1” нэвтрүүлгийн оролцогч С.Чимэгсайхан нэлээн өвддөг юм билээ гэж хэлсэн. Тиймээс их өвдөх юм байна гээд жаахан айдастай байсан. Гэтэл Л.Жавхлан эгч хагалгаандаа орж гарч ирээд “Өө өвдөхгүй ээ. Зүгээр юм байна” гээд байсан. Тэгэхээр нь үнэхээр л өвдөлт нь гайгүй юм байна гэж бодсон. Гэтэл яг өөрөө хагалгаанд ортол маш их өвдөлт мэдэрсэн. Гэхдээ хэсэгхэн хугацааны дараа нүүрний хаван буугаад ирсэн чинь ёстой сайхан мэдрэмж төрсөн. Би өөрийн мэдэлгүй толины урд очоод л зогсчихдог. Өөрийгөө толинд хараад л баймаар хөөрхөн болчихсон байсан.

-Хагалгааны ямар нэгэн зовиур байгаа юу. Эдгэрэлт нь ямар байна вэ?

-Одоо ямар ч зовиур байхгүй. Өөрөө маш сайн гам барьж чадвал хурдан эдгэх болно. Хоёр жил огт бохь зажилж болохгүй.  Зургаан сараас бүтэн жилийн хугацаанд хатуу зүйл идэж болохгүй гэсэн.

-Гоо сайхны хагалгааны талаар манайхан эерэг гэхээсээ сөрөг хандлага байдаг. Таны хувьд хэрхэн хүлээж авдаг байв?

-Үнэнийг хэлэхэд, хагалгаанд орохоос өмнө гоо сайхны хагалгааны талаар тийм ч эерэг ойлголттой байгаагүй. Би жижиг нүдтэй байсан болохоор хүмүүс давхраа хийлгээч гэхээр эрс эсэргүүцдэг байсан. Гэтэл жил ирэх тусам эрүү далийгаад л нүүрний хэлбэр өөрчлөгдөөд ирэх тусам гутарч эхэлсэн. Тиймээс ч гоо сайхны хагалгаанд ороод эрүүгээ л янзлуулчих юмсан гэж боддог болсон. “Let Me In-2” нэвтрүүлэгт оролцоод, ялагч болж халагаа хийлгээд би 100 хувь өөрчлөгдөж чадсан. Эрүүл, гоё сайхан болчихсон. Тиймээс гоо сайхны хагалгаа гэдэг бол тухайн хүнийг эрүүл, сайхан болгож өгч чадаж байгаа л юм чинь бусад хүн юу гэх нь хэн ч хамаагүй юм байна гэж бодох болсон.

-Одоо сургуульдаа үргэлж­лүү­лэн суралцах талаар бодож байгаа юу?

-Би бүр багаасаа л эмч болно гэж боддог байсан. Тиймээс ирэх жилээс эмчээрээ сурахаар бүр шийдчихсэн байгаа. Сая Солонгос улсад очоод хагалгаанд ороод, эмчилгээ хийлгээд байж байхдаа л эмч болох мөрөөдлөө биелүүлнэ гээд шийдчихээд ирсэн. Хүмүүст дахин шинэ амьдралыг өдөр бүр бэлгэлж байдаг алтан гартай эмч нарыг биширч байсан шүү.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.