Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.11.27.Баасан гараг/ үдээс өмнөх хуралдаан 10 цаг 08 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэй эхлэв.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Сарангэрэл, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нар асуулт асууж хариулт авав.

Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл асуултдаа, татвар хөнгөлнө гээд байгаа нь улс орлогоо алдаж байна гэсэн үг. Татварыг 100 хувь хөнгөлөх шаардлага байгаа юмуу, 50 хувь хөнгөлж өгч болохгүй юу. Засгийн газар тооцоо хийсэн зүйл байна уу. Гэрээ хэлцэл болгон дээр Засгийн газар тодорхой хандаж байвал яасан юм бэ. Татвар дээр Улсын Их Хурал маш сул гараар хандаж байна. Иймд тооцоотой хандаж, гишүүд татварын асуудлыг өргөн бариад байдгаа болимоор байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Оюун өгсөн тайлбартаа, юм болгоныг чөлөөлөөд байх нь буруу гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчин дээр тодорхой хугацаанд дэмжих ёстой. Энэ хуулийн хувьд бараа, ажил үйлчилгээг чөлөөлөхгүй байгаа. Сэргээгдэх эрчим хүчний дотор нар салхины үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг, түүхий эдийг оруулж ирэхэд хуучин татварын чөлөөлөлт үзүүлдэг байсныг 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс чөлөөлөхөө больж хүчингүй болсон. Бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг эрчим хүчний нийт хэмжээнд 20 хувьд хүргэе гэсэн зорилт тавьж байгаа. Хүрэн эрчим хүчийг мөн сэргээгдэх эрчим хүчээр тодорхой хэмжээнд орлуулахын тулд тодорхой хугацаанд дэмжлэг үзүүлэхээс өөр арга байхгүй. Дэлхий нийтээр энэ чиглэлд явж байгаа гэлээ.

Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.