Чадавхигүй УИХ-аас эхтэй улстөрийн хямрал
Монгол Улсад өнөөгийн байдлаар болж бүтэж байгаа юм бараг алга гэхэд эгдүүцээд байх хүн гарахгүй биз. Ирэх оноос улс орны ирээдүй ч туйлын бүрхэг болчихож. Яагаад гэвэл төр, засгийнхний байж байгааг ажихад л тайлбар нь бэлэн. Ядахнаа УИХ-ын гишүүд нь хурал чуулгандаа суухаа байгаад ажлаа таслаад алга болчихно. Жирийн иргэн ажлаа 2-3 хоног тасалбал тойрох хуудсаа гардана. Тэгвэл их хурлынханд ямар ч хууль үйлчилдэггүй байх нь. Ойрхны жишээ авья л даа. Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж хэлэлцэх асуудлаараа байр сууриа нэгтгэдэг. Гэтэл ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар АН-ын бүлэг хуралдсангүй. Бүлгээр орох хуулийн төслүүд өмнө нь хэлэлцэгдчихсэн болохоор хуралдах шаардлага байгаагүй гэх ч үнэн хэрэгтээ Тавантолгой, Үндсэн хууль, Эрүүгийн хуулийн зэрэг тулгамдсан асуудлаас болж дотроо зөрчилдөөн үүссэн гэх.
 
Тавантолгойгоос болж намын дарга З.Энхболд Ерөнхий сайдтайгаа хэл үг зөрж бүр хэн нь суудалдаа үлдэх хүртлээ үзэлцэх тухай сураг ч гарсан. Бас өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын Хууль зүй, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны, Өргөдлийн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн гэсэн дөрвөн ч байнгын хорооны хуралдаан болох байсан ч гурав нь ирц хүрээгүйн улмаас хуралдсангүй. Ганц хуралдсан БОХХАА-н байнгын хорооны хурал нь товлосон цагаасаа бараг нэг цагийн хойно дөнгөж 52.6 хувийн
ирцтэй арай гэж эхэлсэн. Энэ байнгын хороо 19 гишүүнтэй ч 10 нь иржээ. Дөнгөж хурал эхэлтэл О.Баасанхуү, Б.Гарамгайбаатар, Ц.Дашдорж нар танхимаас гарч одсон. Ингэж л ирцгүй хурал асуудлаа хэлэлцмэр болж ёстой л “гурилдав” даа. Дээрх байнгын хороодын гишүүдийн тал хувь нь АН-ынх.
 
Гэтэл сүүлийн өдрүүдэд эднийхэн хуралдааны танхимд орж ирээд ч нэмэр алга. Картаа суга татаж аваад гараад явчих юм билээ. Уг нь УИХ-ын нэгдсэн чуулган нь Байнгын хороодын дагнасан буюу хамтарсан, нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрддэг. Энгийн гэмээр энэ зарчмыг эрх баригч АН-ынхан эрхбиш мэдмээр юм. Аль нэг асуудал дээр санал зөрсөн бол дараагийн хуралд очихгүй ирцийн бойкот хийдэг муухай зуршил З.Энхболдын ангийнханд нэгээс нь нөгөөд халдварласаар байна. Төрийн ажил тасралтгүй байх учиртай. Тэгвэл өнөөгийн УИХ-ынхан бүрэн эрх гэдгээ буруу ашиглан хэдэн өдрөөр ч хамаагүй ажлаа тасалж хийдүүлж байдаг болжээ. Хэзээний л эвдрэл, зөрчилдөөнд байдаг түшээ нар нэг танхимд сууж чадахаа байж дээ гэж бодогдох. Хараад байхад бие, биенээсээ зугатаагаад байх шиг дүр зураг олон. Үүнээс л болж УИХ үүргээ гүйцэтгэх чадавхигүйдсэн гэдгийг судлаачид хэлж байна. УИХ-ын гишүүд дотроос ч УИХ-ын чадавхи алга болж. Ингэж байхаар тарвал таарна гэх хүн олон. Монгол Улсад эдийн засгийн уналт, хямрал бий болсон гэдэг ч нидэр дээрээ улстөрийн хямрал дийлсэн нь үнэн юм. Тэр улстөр хямраасан “эцэг” нь З.Энхболд даргатай Улсын их хурал.
Зууны мэдээ
Д.Бичээчхүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.