Бүгдээрээ хождог уралдаан
Нэг. Хуурамч нүүр ба үнэн дадал

ХХ зуун домогт нүүдэлчид  хэмээгдэх монголчуудын нүүр царайг өөрчилсөн юм. Орон гэр, амьдралын хэвшил, ахуй байдлаас эхлээд биеийн галбир царай зүс нь өөрчлөгдөв. Байшинд амьдардаг, өрнөд маягийн суурин хувцастай болоод зогссонгүй хөл нь тэгширч, нуруу нь тэнийн гоолигжиж, наранд түлэгдэж салхинд осгоруутсан хүрэн саарал царай нь зөөлөн цагаан болов. (Монгол хүн морь унасаар байгаад хөл нь майга болсон хэмээн бид шүлэглэн дуулах нь байдаг. Буруу ч юу байхав, ард түмэн болгон сэтгэлээ засах эрхтэй хойно. Тэгж бодоход сэтгэл сайхан боловч өсөлтийн насанд дутагдсан шим тэжээл, витаминээс болсон гэж судлаачид хэлдэг юм билээ)

Гэтэл “нүүр царай” бол гадна  өнгөн тал бөгөөд тэнд гарах хувьсал, хувирал дотоод агуулгадаа нөлөө багатай ажгуу. Яг л  хорвоо дэлхийг өвлөөр харахад цас мөсөнд хучигдаж хүйтэн мөн чанартай гэж үнэмшмээр, ахиад мэдэхнээ цэцэг ногоо нөмөрөн дулаан байхаар бүтээгдсэн хэмээн нотолмоор барьцгүй байдаг шиг.

Нийгмийн нүүр царай өөрчлөгдөх нь ихээхэн өнгөц хувьсал байжээ гэдэг нь социализм анх орж ирснээс 70 жилийн хойно сая мэдэгдэв. 1990 онд социализм нуран унахтай зэрэгцээд тухайн дэглэмийн тогтоосон үнэт зүйл бүхий монгол хүний “нүүр царай” агшин зуур ховхрон унах нь тэр.
Нүүдэлчин монголчууд  хувийн малаасаа  үүрд залхаад нийгэмчилсэн ба цаашдаа хувийн өмчийн сонирхолгүй болсон тухай нам засгийн дүгнэлт ба малчдын өөрсдийнх нь ам андгай шал худал болж таарав. Тэд нэгдэл тарах процессийг баяртайгаар хүлээн аваад зогссонгүй, малаа хувьдаа авав. Хувьдаа аваад зогссонгүй “нэгдлийн өмч” байхдаа 25 сая хүрч үзээгүй монголын малыг  дорхон нь хоёр дахин өсгөж 50 сая гаргаад авав.
Дэглэмээс тулгасан суртал ёсоор социалист хэмээх эзэнгүй, улсын өмчийг нүдний цөцгий мэт хайрладаг болсон нь нэгэнт тодорхой байсан монголчууд агшин зуур нийгэм ба улсын мөнгийг тоногчид, эхлээд зуугаар, дараа нь мянгаар, улмаар сая саяар, сүүлийн үес тэрбумаар нь завшигчид байсан нь мэдэгдэв.

Нүүр царай худлаа ажгуу.

Харин ХХ зууны монголчуудын амьдралын агуулгыг өөрчилж дадуулсан нэгэн том хувьсгал байсан нь Соёлын довтолгоо байлаа. Ариун цэвэр, амьдралын хэвшил, хувийн соёл, боловсролын хүрээнд  төрийн хүчинд дулдуйдан хийсэн энэ хувьсгал суурин иргэншлийн амин чухал дадлуудыг монгол хүний агуулгад шингээж өгсөн юм.

Энэ хувьсгалын үрээр усанд ордог, нүүрээ угаадаг, зүгээр нэг угаахгүй савандаж угаадаг, шүдээ цэвэрлэдэг, мөрөөрөө нэг шүдээ цэвэрлэхгүй “оо сойз” хэрэглэдэг болгожээ.  Бас нийтээр нь бичиг үсэг сургаж, уншсан номыг нь яриулж, тэмдэглэл хөтлүүлэн шалгаж явсны үрээр “Малаа ч малладаг, Марксын намтрыг ч уншдаг” нүүдэлчид бий болов.

Соёлын довтолгооны үрээр дадуулсан  суурин иргэншлийн тариалан одоо ч цэцэглэн үр шимээ өгсөөр бөлгөө.

Хоёр. Ичих нэрэлхэхийн давааг гатлахуй

Нэгэн аймаг  тэгш ойгоо тэмдэглэхээр хандивын үдэшлэг зохиожээ. Монгол хүний хувьд баяр наадам сайхан хийвэл амьд явсны хэрэг бүтнэ гэж үзэх тул хэр чадлаараа хандив өргөнө. Зайлуул хөөрхий энэ мөнгөөрөө олигтой хувцас аваад өмсөөсэй, витамин авч биеэ тэнхрүүлээсэй гэмээр хүмүүс ч 500.000 төгрөг, 1.000.000 төгрөгөө харамгүй  өргөсөөр. Бололцоотой нэг нь арав хорин саяыг ч өргөж байх шиг. Аймгийн ой тэмдэглэх комиссынхон бараг тэрбум цуглах нь гэлцэн, нижгэр дэлгэр наадам нүдэнд харагдаж эхэлжээ.

Гэтэл бяр мөнгө хоёр нь амтагдсан нэг эрхэм босч ирээд хагас тэрбумыг амлах нь тэр. Харамсалтай нь түүний араас хандив өргөх хүн гарсангүй, өөрт байгаагаа харамгүй өгөхөөр гар өргөн өндөлзөж байсан улс ч таг чиг. Таван зуун сая төгрөг амласан хүний араас 10 сая төгрөг бариад очих нь ичмээр явдал болов.

Тэтгэвэр цалингаасаа тав арваар хураасаар байгаад сая болгож нутгийнхаа ойд хандивлаад, өсч төрсөн газар орондоо нүүр бардам очиж, энэ сайхан наадмыг би ч бас хийлцсэн хэмээн магнай тэнийн дурсахыг мөрөөдсөн ахмадуудын санаа талаар болов. Түрүүхэн 10 сая, 1 саяыг өргөж байсан улс ичингүйрэн, хувьсгалын туг шиг улаан царайтай болчихоод бушуухан гарах арга хайж байлаа.

Сураг дуулахнээ өнөө том амлагч мөнгөө ч бүрэн өгөөгүй, тэрнээс болоод мянга мянган хүнээс цуглараад хэмжээ нь жижиг ч тооныхоо олноор сав дүүргэх учиртай байсан мөнгө ч талаар болсон гэсэн. Сандралд орсон “ой тэмдэглэх комисс”-ынхон “бага хандив голохгүй” хэмээн дахин дахин зарласан боловч  “нэгэнт ичсэн хандивлагчдын хүрэл зүрх шантарсан” тул хэн ч эргэж ирсэнгүй.

Сайн үйлс бүтээхэд туслах, буяны хандив өргөх санаа бүх хүнд бий. Гэхдээ, хүн юм болсон хойно бусад хандивчдаас ядуу харагдахаас нэрэлхэнэ. Бас хүн л юм хойно бяцхан болов алдар нэр хүсч, том том хандивын дотор өөрийнх нь өргөл харагдахгүй живэхээс айна. Тийм болохоор “мянган төгрөг” өргөх буяны үйлс нийтийн сонирхлыг татавч хэн нэг нь сая саяар нь цутгаад эхлэхээр утгаа алдан сая сая эгэл хүнийг үргээнэ.

Яг үүн шиг хурааж хуримтлуулах, баялаг цуглуулахдаа хүмүүн нэрэлхүү зангаасаа болж хойш суудаг. “Чинээлэг хүмүүсийн хадгаламжид тэрбум тэрбум төгрөг байхад ганцхан зуун мянгаар хадгаламж нээх хэрэг байна уу”, “намайг ийм өчүүхэн юм банкинд хадгалуулж байгааг хүмүүс харчихвал муухай яа”, “банкны ажилтан цааш нь хүнд ярчих болов уу” гэхчлэнгийн түмэн саадтай тулаад “За, ядаж ганц сая төгрөгтэй болоод эргэж ирье” хэмээн гарна. Гар дээр үлдсэн мөнгө юүхэн хээхэнд үрэгдэх нь ёс. Зуун мянган төгрөгтэйгээр арван удаа ирээд банкны үүднээс буцахад  нэрэлхээгүй бол аль хэдийнэ сая болох учиртай хадгаламж замхарна.

Хүнд өгөхөд ч, өөртөө үлдээхэд ч хаалт болдог “бага хэмжээтэйн садаа” гэж байна. (Хачин юм шүү, монгол хүн цөөн малтай, ганц морьтой байхаас ер ичдэггүй.  “Ганц морьт уралдаач” гэж үг байдаг нь уртаашаа нэг ширхэг унаатай тэр хүн ямар ч сэтгэлийн дарамтгүй, орчин үеийн ойлголтоор бол хөрөнгөгүй улмаас үүдсэн стресс, депресс, комфлексгүй ажаам) 
        
Харин заримдаа ядуу зүдүүгээрээ гайхуулахдаа тулан “Ядуу ардыг чи яахын”, “би угаасаа ядуу хүн, тэгээд яах гээв” хэмээн түхэлзэх боловч “зуухан мянгаар хадгаламж нээлгээд тэндээ сар бүр 10-хан мянган төгрөг хийдэг гэхчүүлээ” хэмээн хэлэгдэхээс учиргүй ичнэ. Тэгэхээр нүүдэлчин хүн “ядуу байх” ба “мөнгөгүй байх” хоёр тусдаа ойлголт бололтой.

Энэ бүгдийг яах гэж ярив гэхээр ийм учиртай юм. Нэг талаас нь бид өнгөн талаасаа суурин иргэншлийн баг өмссөн боловч хотшин нийгэмших үйл явц яагаа ч үгүй байна. Бид нам засгаас айсандаа л “хотын хүн”, “малчин бус иргэншин суурьшсан этгээд мөн” болж харагдан жүжиглэж байж гэж.
Гэвч нөгөө талаас социализмын үед үндэстний гадна өнгө төрхийг нэвчин сэтгэл санаа агуулгад шингээж чадсан дадал хэвшил байгаа нь Соёлын довтолгооны ургац юм байна. Учир нь монголчууд үзэл суртлын хүлээс тайлагдмагц улсын өмч харагдвал олз хэмээн үзэгч, хувийн малыг нийгмийнхээс илүү үржүүлэгч болон хувирсан ч бичиг үсгээ мартаагүй, усанд орохоо болиогүй, ахуйн соёлоо гээгээгүй билээ.

Гурав. Олзонд дурлана, ашгаас ичнэ.

Хандив болон хуримтлалыг мөн л хурдан морины уралдаан шиг ойлгож, тэнд хамгийн их өргөсөн нь үзүүрлэж, хамгийн их мөнгөн хадгаламжтай нь торгон жолоо өргүүлэн барианд орох юм шиг хандаад байна.  Монгол хүн хандив өргөхдөө сайн үйлст түрлэг нэмье гэхээсээ илүү “ядаж л тэрнээс илүү хандив өргөх юм хуна” гэсэн уралдаанч сэтгэлгээндээ хөтлөгдөх аж. Хуримтлалд гэсэн бага багаар хурааж хуримтлуулахыг “шороот бөх, баян ходоод” болохтой адилтган ичингүйрнэ.

Энэ нь тал нутагт тасралтгүй бага бага ашиг өгдөг бизнес гэж бараг байгаагүй, харин бөөнөөрөө, цулаараа орж ирдэг аян дайны олз, ангийн хишиг л гэж байснаас үүдсэн зуршил байх. Монгол хэлнээ “Олзыг олуулаа”, “эр хүн олзонд, эрвээхэй зуланд” гэхчлэнгийн зүйр үг олон боловч байнгын ашиг, тасралтгүй орлого сэлтийн чухлыг сануулсан зүйрлэл тааралдах нь ховор.

“Олзны бага амттай” гэж үг байдаг. Гэвч энэ нь тааралдсан дэл сул юмыг голж шилэлгүй авч байх утга давамгайлж “эр хүнд эрхий ороох шидмэс ч олз болно” гэсэн сургаалтай утга ойртоно. Олох гэдгээс гарвалтай “олз” бол ашиг биш. Ашгийг төлөвлөдөг, түүний төлөө хөдөлмөрлөдөг бол олзыг аз мэддэг, зүгээр хэвтэж байгаад олж болдог.

Нэгэн захирал “манай зарим хүн өөрт нь огт хэрэг болохгүй, гэрт нь таарах цахилгаан хэрэгслэл огт байхгүй  тусгай зориулалтын техникт зориулсан лаамп хулгайлаад байх юм” гэж гайхаж суусныг санаж байна.  Энэ бол “эр хүнд эрхийн чинээн ламп ч хэрэг болно” гэж  итгэсэн эрсийн “бага гэж голоогүй”, огт хэрэг болохгүй гэдгийг ч тоогоогүй олзын нэг байх аа.

Үүнийг орхин өгүүлэхэд, улсын эдийн засаг бол айл айлын чадал чинээний нийлбэр, үндэсний хуримтлал бол  бүхий мянга мянган хүний хураасан бөөгнөрүүлсний нийлбэр. Ийм учраас нийт үндэстний “хураах” зан төрхөд тааруулсан, ичмээр байдаг хүчин зүйлүүдээс нь зайлсхийсэн менежмэнт чухал болохыг бид харж байна.

Хүчирхэг тогтвортой улс байхын тулд хүн амын үнэмлэхүй олонхи нь хүчирхэг дундаж байх учиртайг мэргэд номлодог. Хүчирхэг дундажыг бүрдүүлэхийн тулд өнөөгийн  “хураах юм нь зарим хүнийхээс багахан учраас жаахан ичээд байгаа” олонхийн сэтгэлийн тээгийг давсан арга нэхэгдэнэ. Тэр нь “хураах өсгөх нь уралдаанд хаагуур байртай яваагаас бус тасралтгүй цуглуулахаас хамаатай”гэдгийг хэлсэн харуулсан зүйл байх ёстойг нийтээрээ мэдээд байгаа юм, уул нь

...Саяхан  ийм юм дууллаа. Аль ч банкнаас гэв дээ “Мөнгөний дээд хязгаарыг заасан” нэг тийм хадгаламжид гаргасанд танил маань хамрагдсан юм байх. “Дээд хязгаар заасан” гэдэг нь сонин санагдав. Тэгэхнээ яг хадгаламж биш хуримтлал бий болгож байгааг урамшуулсан, жилийн эцсээр хөөрхөн урамшуулалтайгаар өгөх нэг тийм юм ажээ. Банк бол бизнесийн газар учраас  мөнгө байршуулсан гэхчлэнгийн утгаараа өөртөө ашигтай л зүйл хийх нь дамжиггүй. Харин дээд хязгаар заасан нь бага мөнгө хадгалуулахаас нэрэлхдэг монголчуудын сэтгэл зүйн барьер буюу садааг арилгасан санагдав. Хэн нэг сагсуу этгээд нүүрэн дээр чинь сая төгрөг Үндэсний хуримтлалдаа нэмж чамайг доош нь хийхгүй гэсэн үг. Тийшээ очоод хамрагдаач гэж байгаа юм биш. Харин хадгаламжийнхаа бага, хуримтлалынхаа цөөнөөс ичихээргүй болж байгаа нь сайн хэрэг.

Мал нэг өсөхөөрөө яадгийг бид мэднэ. Бойжиж байгаа төл цөөддөггүй ш дээ.
Бусдад түгээх
  • gplus