Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилнэ

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар  “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төслийн хавсралтын 6.2.3 дахь дэд заалтыг  “бүс нутгийн болон олон улсын байгууллагад гишүүнээр элсүүлэх”  гэж, төслийн хавсралтын “Хүрэх үр дүн гэсэн наймдугаар бүлгийн Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, мянган тонн”  гэсэн үзүүлэлтийн “294.5” гэснийг “16.8” гэж, “380” гэснийг “100” гэж, “460” гэснийг “200” гэж тус тус өөрчлөх санал гишүүдийн дэмжлэг авч төсөлд тусгагдахаар болов.

Тогтоолын хавсралтаар, Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь салбарын нэг мөн гэдгийг,  хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ гэдгийг тус тус тогтоож өгсөн байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой зохицуулалтаар төрөөс дэмжихдээ хүн амыг шим тэжээллэг, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй хангасан байх, хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулсан байх, үйлдвэрлэл нь судалгаа ба хөгжилд тулгуурласан байх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, хамгаалсан байх, үйлдвэрлэлийг өртгийн сүлжээгээр хөгжүүлсэн байх,  эрсдлийг бууруулахад чиглэгдсэн байх зэрэг зарчмыг баримтлахаар заасан байна. Ийнхүү баталсан тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хийхдээ,  Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар танилцууллаа. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах, Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай, Хот байгуулалтын тухай хуультай уялдуулан боловсруулах, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газар баталдаг байх, “Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлэн боловсруулсан улсын болон орон нутгийн төсвийг богино хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигт оруулах”,  “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалтай уялдуулан боловсруулах”,  “үндэсний хөтөлбөрийн жагсаалтыг батлахдаа өмнө батлагдсан ижил төстэй үндэсний хөтөлбөрийн үндсэн зорилт, агуулгыг хадгалах” гэсэн зэрэг саналыг  тус тус тусгасан тухай тэрээр танилцууллаа.

Төслийг хэлэлцэх явцад, тухайлбал, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулах ажлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна.” гэсэн саналыг гишүүд дэмжиж  улмаар төсөлд тусгахаар болов.

Энэ хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг  гишүүдийн олонхын саналаар бүхэлд баталлаа.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан бөгөөд хуулийн төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томьёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг хийсэн талаарх холбогдох Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Тлейхан хийв. Дахин найруулсан “3.1.9. “эрчим хүч хэмнэлтийн менежер” гэж энэ хуулийн 3.1.8-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтныг” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулах зорилт бүхий энэ хуулийн төслийг  бүхэлд нь баталлаа.

Хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонхын саналаар баталлаа. Батлахын өмнө гишүүд  асуулт тавьж үг хэлэхдээ, өрийн босго хэтрэх үү үгүй юу, зээл нь юунд зарцуулагдах, түүний төлөгдөх тооцоо, судалгааг танилцуулах, үр ашиг нь ямар байх, бусад зарим улсаас авсан зээлийн хэрэгжилт ямар байгаа, өр төлөх сан байгуулах, зээлийг үйлдвэрлэлийг дэмжсэн тус нэмэртэй тодорхой төсөлд зарцуулах,  зэрэгт анхаарлаа хандуулж байв.

Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.