УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав

Чуулганы өнөөдөр /2015-11-26/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах улс тунхагласны 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа монгол түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, энэ өдөр Монголчууд анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласан түүхтэй. Үндсэн хуулийн дагуу Улсын анхдугаар хурлаас Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэй сонгож байгуулсан нь өнөөдрийн монголын парламентын үндэс болсон гэж үздэг.

Энэ үеийн Улсын Бага хурал 1990 оных шиг байнгын ажиллагаатай байгаагүй ч Ардын Их Хурлын чөлөө цагт төрийн дээд эрхийг барих, хууль тогтоох, улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ард олны төлөөллийн байгууллага болж байсан юм.  

Монголчууд бид 1992 онд дөрөв дэх шинэ Үндсэн хуулиа баталж, 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд олж авсан хүний эрх, эрх чөлөө, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал зэрэг ардчиллын үнэт зарчмуудыг баталгаажуулж түүнийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байна.

Ардчиллын 25 жилийн түүхэн дэх үндсэн хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж нийгмийн хөгжлийн өөрчлөлттөй уялдуулан үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлага гарч байгааг харгалзан УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асууж, нухацтай хэлэлцэж цаг алдалгүй батлах нь  улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан ололтуудыг бэхжүүлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлээ дээдлэн эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд онцлон тэмдэглэв

Чуулган  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, А.Бакей, Су.Батболд, Н.Батцэрэг, Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар  хийх үед Улсын Их Хурлын гишүүдээөс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн талаар Төрийн байгуулалтын Байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд  анхны хэлэлцүүлгээр нь батлах тэрхүү саналыг дэмжив.  Уг хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж өөрчилсөн  бөгөөд хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.