Бүгд Найрамдах улс тунхагласны 91 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм гишүүд ээ,

Өнөөдөр 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр монголчууд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалд шилжсэний 91 жилийн ой тохиож байна. Энэ түүхт баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа монгол түмэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Анхдугаар Үндсэн хуулийн дагуу Улсын анхдугаар хурлаас Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэй сонгож байгуулсан нь өнөөдрийн монголын парламентын үндэс болсон гэж үздэг юм. Энэ үеийн Улсын Бага хурал 1990 оных шиг байнгын ажиллагаатай байгаагүй ч Ардын Их Хурлын чөлөө цагт төрийн эрхийг барих, хууль тогтоох, улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэх ард олны төлөөллийн байгууллага болж байсан билээ.  

Монголчууд бид 1992 онд дөрөв дэх шинэ Үндсэн хуулиа баталж, 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд олж авсан хүний эрх, эрх чөлөө, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал зэрэг ардчиллын үнэт зарчмуудыг баталгаажуулж түүнийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байна.

Ардчиллын 25 жилийн түүхэн дэх Үндсэн хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, нийгмийн хөгжлийн өөрчлөлттөй уялдуулан Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлага гарч байгааг харгалзан Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асууж, нухацтай хэлэлцэж цаг алдалгүй батлах нь улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан ололтуудыг бэхжүүлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлээ дээдлэн эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм гишүүд Та бүхэнд болон монголын нийт ард түмэндээ дахин баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 

Parliament.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.