Үндэсний төв архив ирэх сарын 1-нээс иргэдэд үйлчлэхгүй
Үндэсний төв архиваас иргэдэд үзүүлэх  үйлчилгээ гурван сарын хугацаагаар зогсох тухай албаныхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Үндэсний төв архивын захирал Б.Эрдэнэбадрахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Төв архив түр хугацаанд иргэдэд үйлчлэхгүй гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилга ашиглалтад орж, ҮТА-ыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан иргэд, байгууллагад үзүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт болон ҮТА-ын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг ирэх сарын 1-нээс 2016 оны хоёрдугаар сарын 29 хүртэл гурван сарын хугацаанд зогсоохоор болсон.

Үндэсний төв архивын сан хөмрөгт 1674 оноос хойшхи Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичиг, соёлын нандин өв хадгалагдаж байгаа. Тэдгээрийг өмнө нь архивын гурван байранд хадгалж байсан бол шинэ цогцолбор ашиглалтад орсноор бүгдийг нэг дор төвлөрүүлэх юм. Манай байгууллагын ажилтнууд шинэ барилгад  архивын баримтуудаа нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Архивын баримтын аюулгүй байдлыг хангах үүднээс тусгайлан багцалж тээвэрлэнэ. Ингэхээр нийтдээ 16700 хайрцаг, 37500 уут архивын баримтыг нүүлгэх юм. Тиймээс иргэд, олон нийт нааштайгаар хүлээн авч, дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

-Нөхөн бүрдүүлэлтийг хийнэ гэж хэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Гаднаас архив материалаа цуглуулахыг нөхөн бүрдүүлэлт гэнэ. Тухайлбал, төрийн байгууллагуудын материалыг авдаг гэтэл байр савны асуудал хэрэгтэй байдаг. Архивын баримтууд улам бүр нэмэгддэг. Тэгэхээр байр зайлшгүй хэрэгтэй. Хуучин байрнууд маань 50-60 жил үүргээ гүйцэтгээд цаашдаа баримт бичиг багтахааргүй болсон. Ажлынхаа өрөөнүүдийг шинээр байгуулсан фондуудаараа дүүргээд ажилчид нь нэг дор чихэлдэн сууж байсан үе бий. Харин одоо бүхий л талаараа тэлж, нэлээд ахиц гаргаж байгаа юм.

Үндсэндээ Архивын Ерөнхий газар 2012 оноос хойш нөхөн  бүрдүүлэлт  хийгээгүй. Ингэснээр УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, мөн бусад байгууллагууд, татан буугдсан яамдуудын Төв архивт өгөх ёстой маш олон баримт хүлээгдээд байгаа. Одоо байгаа баримтаа шинэ цогцолбортоо зөөж аваачаад, нэмээд 2012 оноос хойшхи баримтуудаа нөхөн бүрдүүлэлт хийгээд, цаашдаа 50 жилийн хугацаанд нөхөн бүрдүүлэлт хийх боломжтой зай талбайтай болж байгаа юм.

-Иргэд төв архиваас ямар төрлийн лавлагааг ихэвчлэн авдаг вэ?

-1924 оноос хойш явагдсан албан ёсны хүн амын тооллогууд, 1924 оноос өмнөх Богд хаант засгийн үед тухай, тухайн хошуунд явагдсан хүн амын тооллогууд, удам судар, ургийн бичгээ тодруулах, тэтгэвэрт гарах гэж буй хүмүүс ажилласан жилээ тодруулах, цалингийн тодорхойлолтуудаа авах, мөн шүүх, хяналтын байгууллагатай холбоотой тухай тухайн цаг үед хамаарах баримт бичиг, лавлагаа гаргуулах зэрэг өргөн хүрээтэй үйлчилгээг ҮТА үзүүлдэг.

-Тэгэхээр эдгээр үйлчилгээг гурван сарын хугацаанд авах зайлшгүй шаардлага гарсан иргэд хаана хандах вэ?

-Өөр өөрсдийн онцлог, зорилгоос шалтгаалаад төрийн төрөлжсөн 30 гаруй  архив байгаа. 21 аймагт тус бүр нэг архив үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс аймагтай холбоотой архивын материалыг иргэд орон нутгаасаа авах боломжтой. Мөн нийслэлийн архив, бүртгэлийн архив, ус цаг уурын архив, төмөр замын архив, тагнуулын архив, цэргийн архив гээд тухайн чиглэлээр төрөлжсөн архиваас үйлчилгээ аваад явж болно. Яг Үндэсний төв архив дээр хадгалагдаж байгаа баримт мэдээлэлтэй холбоотой үйлчилгээг яах аргагүй гурван сарын хугацаанд зогсоохоос өөр аргагүй байгаа юм. Тэгэхээр энэ хугацаанд ямар нэг байгууллага Үндэсний төв архивын үйлчилгээг үзүүлэх боломжгүй.

-Шинэ байр нь олон улсын стандартыг хангасан уу?

-Манай үндэсний төв архив гурван байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Эдгээр байруудын хоёр нь дуу авиа, кино зураг баримтын архив нь 1979 онд зориулалтын байртай байсан. Гэвч 1979 оноос тодорхой хэмжээний урсгал засвар хийгдээгүй улмаас нэлээд хуучирсан. Үндэсний төв архивын  хоёрдугаар байрны хувьд 1959 онд ашиглалтад орсон. Тухайн үедээ мөн л архивын зориулалттай байр байсан ч цаг хугацааны хувьд элэгдэж, хуучирсан. Харин шинэ байр нь олон улсын стандартыг хангасан. Манай гурван байранд явж байгаа архивын үйл ажиллагаа нэг дор явагдахад байгаа юм. Гамшгийн болон ослын эсрэг орчин үеийн техник технологийг хангасан системтэй. Мөн цахим архивыг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх  нээлттэй цогц байр болох юм. Аюулгүй байдлыг бүрэн хангасан. Фонд агууламжтай, өргөтгөл хийх талбайтай байгаа.

-Архивыг цахимжуулах ажил хийгдэж байгаа юу?

-Цаасан суурьтай баримтыг цахимжуулж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх бололцоог нээхийн тулд энэ ажил эхлээд тодорхой  хувьтай явж байна. Үндэсний төв архив одоогоор энэ ажил түр зогссон. Ирэх оны гуравдугаар сараас эхэлж хийгдэнэ. Шинэ байртай холбогдуулж техник технологийг шинэчлэх асуудал бий. Үүнийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тусдаа төсөл хэрэгжиж эхэлнэ. Шинэ барилга  улсын төсвөөр баригдаж байгаа.

-Гурван архивын газар нэг дор байрлах юм байна. Ажилчдын орон тоон дээр ямар нэгэн асуудал гарах уу?

-Архив боловсон хүчнээ хасахгүй, харин ч нэмнэ.
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.