Үйлдвэржилт дагасан хотын хөгжлийг Эрдэнэтээс харж болно
Тэртээ 1978 онд Эрдэнэтийн овоо орд газрыг түшиглэн Монгол, Оросын засгийн газар хоорондын дагуу “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдаж байв. Өдгөө 36 жилийн түүхтэй энэ үйлдвэр Монгол улсын саалийн ганц үнээ гэж нэрлэгдэж олон засгийн үед төсвийг бүрдүүлэгч гол хүч байсаар ирсэн. Зөвхөн Эрдэнэт хот, Орхон аймаг төдийгүй Монголчуудыг тэжээж тэтгэж ирсэн энэ үйлдвэр өдгөө ч эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөө тооцоогоо боловсруулаад урагш харан ажиллаж байна. Засгийн газар хүртэл эдийн засгийн хямралаас үүдээд шинэ бүтээн байгуулалт хийхгүй  байхаар ирэх оны төсвийг боловсруулаад байгаа. Харин Эрдэнэтийнхэн хямрал ярьж хойш суухыг хүсээгүй харин ч бүр хямралын  үед бүтээгдэхүүний зардлыг багасгах боломжийг эрэлхийлж нэгэн шинэ зуухыг  ашиглалтад оруулаад байгаа юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК өвлийн тэргүүн сарын шинийн 12-ны билэгт сайн өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зарлаж ган  бөөрөнцгийн цувих цехед шинээр зуух ашиглалтад оруулж, нээлтийг нь хийлээ. Ингэснээр нэг тонн ган бөөрөнцгийн өөрийн өртөг 33 хувиар буурна гэх тооцоог гаргажээ. Энэ нь мэдээж эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай байх нь ойлгомжтой. Мөн энэ зуух ашиглалтад орсноор шинээр 16 ажлын байр бий болсон байна. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдадаа өргөө цагаан гэр, орон сууцны түлхүүр гардуулав
 
Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийнхэн  нийгмийн хариуцлагаа хамгийн дээд зэргээр ухамсарласан байгууллага гэдгээ даруухнаар хэлж сууна. Анх тус үйлдвэрийг байгуулалцаж байсан илгээлтийн эзэд өдгөө тэтгэвэртээ гарсан ахмадууд болжээ. Харин үйлдвэр нь тэднийгээ мартаагүй үргэлж ахуй амьдралд нь санаа зовнин одоо ч эргэж тойрсоор байдаг гэнэ. Түүнчлэн үйлдвэртээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй дунд үеийнхэн болоод, цөөхөн жил ажилласан ч үр дүнтэй сайн ажилладаг залуусыгаа  зэрэг дэмжин өвлийн эхэн сард өргөө цагаан гэр,  орон сууцны түлхүүр гардуулан өглөө. Нийт 37 айлыг орох оронтой болгосон Эрдэнэтийнхэн угийн хөдөлмөрч, юмхнаар юм хийж чаддаг гэдгээ харуулаад амжив. Тодруулбал Эрдэнэт үйлдвэр ХХК нь өр барагдуулах албатай бөгөөд тэнд хураалгасан хуучин орон сууцыг тохижуулан, засвар хийж цоо шинэ байр болгон ажилчдадаа ийнхүү бэлэг болгон өгчээ. 
 
Эрдэнэтийнхэн Орхон аймагт 58.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ
 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлагч байгууллага төдийгүй орон нутагтайгаа хамтарч ажиллаж, хөрөнгө оруулах тал дээр Монгол орны өнцөг булан бүрт байгаа уул уурхайн компаниудыг урдаа гишгүүлдэггүй нь  Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтран ажиллах гэрээний тайлангийн хурлын индэр дээрээс харагдаж байлаа. Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” ХХК аймгийн засаг даргын тамгын газартай хамтарч 2009-2021 оны хөгжлийн цогц бодлогыг гаргажээ. Энэ хүрээнд 2013-2015 онд нийт 58.6 тэрбум төгрөгийн  ажил үйлчилгээ бүтээн байгуулалтыг хийснээ тайлагнав. 

“Эрдэнэт” үйлдвэр “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийг шинээр барьж ашиглалтанд оруулахад 2008 оноос хойш 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн 5,3 тэрбум төгрөгийг хууль эрх зүйн сургалт, орон сууцны 2, 3, 6-р бичил хорооллын байрнуудын фасадны ажил, 3-р хорооллын авто зам, кувейтийн гудамжны цэвэр усны хоолойн засвар, байгалийн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан байна. Орхон аймгийн дэд бүтцийн байгууламж, тохижилт үйлчилгээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах тусгай тээврийн хэрэгсэл, техник, дэд станцын хүчин чадлыг өргөтгөх, дунд сургуулийн спорт заал, цайны газар, дулаан, цэвэр усны шугам барих зураг төслийн ажлуудыг гүйцэтгэхэд 500 орчим сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс санхүүжүүлсэн байна.
 
Орхон аймгийн нутгийн захиргаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтын 30 хүртэл хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдээс нийлүүлэх боломжийг судалж, хамтарч хэрэгжүүлэхээр заасан.
 
Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Орхон аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг эрчимжүүлэх цогц арга хэмжээг авснаар “Эрдэнэт” үйлдвэрийн нийт худалдан авалтад эзлэх дотоодын үйлдвэрлэгчдийн хувь өссөн байна. Тухайлбал 2013 онд нийт худалдан авалтын 15 хувь буюу 27.6 тэрбум төгрөгийн, 2014 онд нийт худалдан авалтын 17 хувь буюу 45.7 тэрбум төгрөгийн, 2015 оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 19.4 хувь буюу 51.3 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авчээ.
 
“Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого барьж, тэдний дунд сонгон шалгаруулалт явуулан олон аж ахуйн нэгжийг өөрийн ханган нийлүүлэгчээр тодруулан ажилласны үр дүнд тэдгээр аж ахуйн нэгжийн орлого өсч, орон нутагт төвлөрөх татвар нэмэгджээ.
 
Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2013 онд нийт худалдан авалтын 10 хувь буюу 19 тэрбум төгрөгийн 161 гэрээ хийсэн бол 2014 онд нийт худалдан авалтын 11 хувь буюу 23.5 тэрбум төгрөгийн 165 гэрээ хийсэн байна. Үүнээс харахад орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс авах бараа материалын худалдан авалт 2013 онтой харьцуулахад 24 хувиар өсжээ. Харин энэ оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 14 хувь  буюу 35,9 тэрбум төгрөгийн 96 гэрээ хийсэн нь 2014 онтой харьцуулахад 53 хувиар өссөн байна.
 
Цаашид ч “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хотынхоо ирээдүйн хөгжлийн төлөө олон үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 15-20 хувийг бүрдүүлдэг
 
Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон энэ оны эхний арван сарын байдлаар 220 тэрбум төгрөгийг орон  нутгийн болон улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн энэ оны эхний есөн сард зэсийн үнэ 5706 ам.доллар 7.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн хэмнэлтийн горимд шилжиж энэ онд  импортыг орлох бүтээгдэхүүн  үйлдвэрлэснээр 2.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Энэ оны эхний арван сарын байдлаар төлөвлөгөө бүх үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн байна. Уулын цул 17.974 сая шоо метрийг олборлосон нь  төлөвлөгөөнөөс даруй  516 мянган шоо метрээр давав. Мөн 22.754 сая тонн хүдэр боловсруулж, 103416.2 тонн металл зэс агуулсан 443103.31 тонн зэсийн баяжмал, 2020.5 тонн металл молибден агуулсан 4110.90 тонн молибдений баяжмал тус тус үйлдвэрлэжээ. Ийнхүү үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа  үргэлжилж төсөвт төвлөрүүлэх орлогоо бүрдүүлсээр байгаа юм. Дашрамд дуулгахад Эрдэнэт үйлдвэр ХХК улсын төсвийн 15-20 хувийг дангаараа бүрдүүлдэг аж. 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2015-11-26 21:28:58
    Ман-ын барьсан гокоос улсыг тэжээж ан-ын барьсан Оюутолгой улсыг өрөөнд оруулж бна эндээс орос хэн бэ ану хэн бэ гэдгийг харж болноо
  • Хмм 2015-11-26 09:09:27
    Эрдэнэтийн уурхайн нөөц 40 жилийн дараа дуусахаар хот нь сүнсний хот болох уу