Ард нийтийн санал асуулга явуулах ёстой, ёсгүй
Ц.Нямдорж: Ард түмнээс асууна гэж жүжиг тавьдагаа боль
 
...Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг адал балмад юмнаасаа татгалз. 2010 онд УИХ-аас баталсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулгыг яаж хийх вэ гэдгийг тодорхой заачихсан. Энэ хуулиа уншаагүй байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед санал асуулгаа тодорхой болго гээд заачихсан...
/УИХ-ын гишүүн/

-Төрийн нэр хүнд эвгүй байгаа үед төр улсыг бужигнуулсан, хугацаагаар шахсан юм хийж, хэрүүлийн голомт бадраах хэрэггүй юм. Хуулийг өөрчилбөл Үндсэн хуулийн өөрчлөлтгүйгээр хэлэлц. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг адал балмад юмнаасаа татгалз. 2010 онд УИХ-аас баталсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулгыг яаж хийх вэ гэдгийг тодорхой заачихсан. Энэ хуулиа уншаагүй байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед санал асуулгаа тодорхой болго гээд заачихсан.

Төлөөллийн ардчилал чинь УИХ. Юм шийддэггүй УИХ-аар яадаг юм. Улс төрийн намын тухай хуулийг ард түмнээс асууна гэж юу байдаг юм бэ. Санал асуулга гэдэг юмаар, ард түмнээс асууна гэж жүжиг тавьдгаа боль. Миний цаад талд хэчнээн мянган сонгогчийн санал бий. Ингэж УИХ-ыг хүчгүйдүүлж, ард түмэндээ хайртай болж жүжиг тавих хэрэггүй. Үндсэн хууль батлалцсан гээд орон сууцаар өөрсдийгөө шагнуулсан хүмүүс буруу зүйл хийж байгаагаа ойлгоод, одоо өөрчлөх гээд байгаа юм уу. Та бүхэнд төсвөөс 87 тэрбум төгрөг гаргаж байгаад Үндсэн хуулийн ойг тохиолдуулан орон сууц авч өгсөн дөө. Та нар баримжаатай хадуураарай.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг чинь баталж чадахгүй. Энэ өөрчлөлтийг 57 гишүүн дэмжиж байж батална. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг өөрчилж, хугацааг нь нааш татаж байна. Санал тоолох хоёр хоногийг нэг хоног, санал асуулга зарлах 30-аас доошгүй хоногийг 15 хоног болгон хугацааг нааш татаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүднээс биш бол бусад асуудлаар энэ хуулийн төслийг дэмжиж байна. Ард түмнээ сонсох сонгодог хэлбэр нь Ард нийтийн санал асуулга. Бүх нийтийн санал хэрэгтэй. Үүнийг Үндсэн хуулиар зохицуулсан байгаа.

Б.Бат-Эрдэнэ: Энэ төслөө татаад авчихаж болохгүй юу

/УИХ-ын гишүүн/
-Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулахдаа автоматжуулсан системд шилжсэнтэй холбогдуулан тайлбарлаж байна. Сүүлийн жилүүдэд санал асуулга явуулахдаа хэсэг бүлэг хүмүүсийн сонирхолд нийцүүлэн явуулдаг болсон. Энэ удаагийн ард нийтийн санал асуулгын гол зорилго нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой. Тэр дундаа нэр хүнд нь муу байгаа энэ парламентаар олон нийт Үндсэн хуульдаа өөрчлөлт хийлгэх хүсэлгүй байгаа.

Энэ төслөө татаад авчихаж болохгүй юу. Монгол Улс орчин үеийн түүхэндээ ганцхан удаа санал асуулга явуулсан байдаг. Шийдлийн Засгийн газрын иргэдээс мессэжээр авсан санал бол тандалт болохоос санал асуулга биш. Бид ард түмнээс сонгогдсон төлөөлөл. Ард түмэн Засаг даргаа намгүйгээр шууд сонгодог болохыг хүсч байгаа шүү дээ.

С.Бямбацогт: Цаг хугацааны хувьд өнөөдөр боломжгүй

/УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга/
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа дахин илэрхийлье. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн МАН-ынхан дэмжихгүй байгаа мэтээр ярьж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юу гэвэл бий. Гэхдээ цаг хугацааны хувьд өнөөдөр боломжгүй гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН-аас Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүд, бие даагч гишүүд, "Шударга ёс" эвслээс Л.Цог гишүүн дэмжихгүй байгаа. Эрх баригч АН өөрсдөө бүрэн дэмжихгүй байгаа шүү дээ.

С.Баярцогт: Өөрчлөлт хийх асуулгаараа ард нийтээс зөвшөөрлөө авъя

...Би бол ажлын хэсэг дээр ард нийтээсээ “Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах уу, үгүй юу” гэдгийг асууя гэж санал гаргасан. Яагаад гэвэл энэ 76 шууд баталчихвал парламентын нэр хүнд сайнгүй байгаа энэ үед баталсан Үндсэн хуулийн хүлээн зөвшөөрөгдөх чанар сул байна гэж үзсэн...
/УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга/

-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох эсэхийг асууна уу гэхээс ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг өөрийг нь өөрчилж болохгүй. Үндсэн хуулиараа ч тийм зохицуулалттай. 68.2, 25.1.16-гаар тодорхой зохицуулсан байгаа. Би бол ажлын хэсэг дээр ард нийтээсээ “Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах уу, үгүй юу” гэдгийг асууя гэж санал гаргасан.

 Яагаад гэвэл энэ 76 шууд баталчихвал парламентын нэр хүнд сайнгүй байгаа энэ үед баталсан Үндсэн хуулийн хүлээн зөвшөөрөгдөх чанар сул байна гэж үзсэн. Сул байна гэдэг бол тухайн улс зохицуулалтгүй болно л гэсэн үг. Үүнээс урьдчилан сэргийлсэн. Өөрөөр хэлбэл, өөрчлөлт хийх асуулгаараа ард нийтээсээ зөвшөөрлөө авъя л гэж байгаа юм. Энэ бол төлөөллийн болон шууд ардчиллын аль алийнх нь хосолсон хэлбэрийг хэрэглэж байж Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн санал санаачилга.

Д.Тэрбишдагва: Өөрчлөх гэж буй бүх заалтуудаар санал асуулга явуулах ёстой

/УИХ-ын гишүүн/

-Ард иргэд ч Үндсэн хуулийг тодорхой хэмжээгээр өөрчлөх ёстой гэдэг саналтай байх шиг байна. Миний хувьд ч өөрчлөх хэрэгтэй гэсэн саналтай байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх олон шалтгаан бий л дээ. Ганцхан жишээ хэлэхэд л аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо гэдэг юм байна. Түүн дээр зааж өгснөөр бол дүүрэг, сум хоёр адилхан статустай явж байгаа. Дүүрэг 300 мянган хүнтэй байхад сум 3000 хүнтэй шүү дээ.

Энэ мэтчилэнгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналууд бий. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл өөрчлөх ёстой. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх тухай санал асуулга явууллаа гэхэд өөрчлөх үү, үгүй юу гэдэг дээр санал асуулга явуулаад хэрэггүй. Харин өөрчлөх гэж байгаа бүх заалтуудаа тус бүрээр нь үүнийг юу гэж үзэж байна гэсэн санал асуулга явуулах ёстой.

Г.Уянга: Ард нийтийн санал үүссэн маргааныг хагалах байх

/УИХ-ын гишүүн/

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг гарцаагүй хийх шаардлагатай. Тус хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл хэмээн ярьж тэмцэж ирсэн.Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Хоёрдугаарт, системийг тэжээдэг намуудын хувьд амьдрах орон зай хумигдаж байна. Орон зай нь ийн хумигдаж байгаа учир амьдрах орон зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байгаа байдал ажиглагдаж байна.

Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн. 430 депатутын хийсэн хуулийг 76 гишүүн өөрчилж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд манай улс хоёр сая хүн амтай байсан. Одоо гурван саяулаа болсон. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцвэл хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хувьдаа дэмжиж байгаа. Харин хэн, хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр бидний санал зөрж байгаа. Ард нийтийн санал энэ чиглэлд үүссэн маргааныг хагална байх гэж бодож байна.

Намчирхсан, хийрсэн, жүжиглэсэн талцлаа болиоч
/Сэтгүүлчийн дүгнэлт/

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Мөн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх, халдашгүй, чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх гээд л маш олон эрхийг эдлэх ёстой хэмээсэн нь цагаан дээр хараар тэмдэглэгдэн үлджээ.

Гэтэл яг өнөөдөр монголчууд бид энэ эрхээ эдэлж, бас хамгаалуулж чадаж байгаа билүү гэвэл үгүй. Гэтэл Үндсэн хуульд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэж заачихаад байхад манайд өдөр тутам хүний амь үрэгдсээр байгаа нь үнэн. Барилга дээрээс төмөр унаж ирээд хүн ална, согтуу жолооч нар хүний аминд хүрнэ. Энэ мэтчилэн Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл заалтуудыг нэг бүрчлэн дурьдвал өнөөгийн нөхцөл байдалд тохирох зүйл үлдэх эсэх нь эргэлзээтэй.

Тиймээс ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар энэ парламентын гишүүд маргалдаж мэтгэлцсээр сууна. Угтаа бол “...Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна...” гээд заачихсан боловч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар өргөн мэдүүлэхдээ Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг давхар мэдүүлснээр маргаан эхэлсэн. Гэхдээ тэд ард нийтийн санал асуулгыг огт явуулахгүй гэсэнгүй.

Харин яаж, хэзээ, хэрхэн явуулах вэ гэдэг асуудлаа шийдэж чадахгүй мунгинаж байгаа мэт харагдана. Ингэж хугацаа алдсаар өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн. Ингэж л Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эхний даваагаа давсан.

Гэтэл энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дунд Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь огт багтаагүй байгаа юм. Угтаа бол Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26-нд хийнэ гэж тогтоолын төсөлд тусгасан нь салхинд хийсч, бүр хэлэлцэгдэхгүй алга болох бололтой. Өдөр тутам дагаж, мөрддөг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь Монгол Улсын нийт иргэдийн эрх ашгийг хөндсөн чухал асуудал. Гэтэл энэ чухал асуудлыг хэн хойш нь татаад байна вэ. Ингэсээр байтал сонгууль болох нь. Үндсэн хуульд зааснаар УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно гэж заасан байгаа.

Тэгэхээр үндсэндээ ирэх арванхоёрдугаар сарын 31 сүүлчийн өдөр нь гэж хэлж болно. Үүнээс цааш нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй. Гэтэл ямар их ярьдаг юм, талцдаг юм. Яриад л маргаад л.  Үндсэн хуульд хэрвээ нэмэлт, өөрчлөлт хийж, улам илүү сайжруулах гэж байгаа л бол “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталгаажуулж, хайнаагаа хагалаач. Ингэж чадвал Үндсэн хуулийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.

Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт хэрэгжиж, төрийн үйл хэрэгт иргэд шууд оролцох эрхээ хэрэгжүүлэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нийгмийн зөвшилцлийг бий болгох чухал ач холбогдолтой. Одоо бол эрт балар цагийнх шиг хүн бүхнийг дуудаж ирүүлэн санал авах биш, санал асуулгыг ямар ч хэлбэрээр явуулж болно. Техник технологийн дэвшлийг ашиглаад цахим шуудан, сошиал ертөнц, үүрэн телефоны операторуудыг бүгдийг нь дайчлан оролцуулж ч болно. Ямар ч л байсан Ард нийтийн санал асуулга явуулах асуудлаа хурдан шийдээч ээ. Улстөрчид ялангуяа УИХ-ын гишүүдийн намчирхсан, хийрхсэн, жүжиглэсэн талцлаас ард түмэн залхаж байна, бас зэвүүцэж байна.
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-26 00:49:43
    АН-ын тэнэгүүд улс орныг сүйрүүлээд дуусгалаа, ингэж харсаар байгаад бүүр дампууруулах уу, газар нутгийг маань зарахаар улайрч байна, анхаарцгаая
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
    • alaad hayaya aa. bosooroi bosooroi 2015-11-26 02:17:23
      alaad hayaya aa. bosooroi bosooroi
      202.179.20.114
      Мэдэгдсэн Хариулах
  • baatarxuu 2015-11-25 19:24:53
    Ардчилсан намын ноход Америкийн үнэнч эзэд, эдийн засгийн алуурчдынхаа өгсөн Монголын эдийн засгийг, нмйгмийг самрах даалгаврыг маш сайн биелүүлж байна. Дарааг...
    112.72.11.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Батэрдэнэ 2015-11-25 11:16:03
    Хөөе МАНгаруудаа 2017 онд ярьдаг бөх чинь ерөнхийлөгч болно гэж зүүдлээд байна уу? Судалгаагаар Пэншү агаа Чинь гарахаар байна. Тэнэгтэлгүй наад ҮХ-ээ өөрчил.
    202.9.40.239
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-25 09:10:41
    Мэдрэл муутай хүнээр ажлын хэсгээ удирдуулсны харгай одоо гарч байна даа, наад Батбаяр чинь УИХ-ын танхимыг шатаачихгүй бол дээд нь ордонд гал тахиж мэднэ шүү
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах