Чойбалсан хотын хөрс Монгол улсын дунджаас 1,9 дахин их эвдрэлд оржээ
Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэгээс Дорнод аймгийн Чойбалсан хот болон Мардай орчмын нутаг дэвсгэрт цацрагийн хэмжилт судалгаа хийсэн дүнгээ танилцууллаа. Энэхүү судалгааг БОАЖГ-ын захиалгаар өнгөрсөн зун хийсэн аж.

Судалгааны багийнхан Чойбалсан хотын 100 гаруй цэгээс хөрсний дээж авч гамма спектрометрийн судалгаа хийжээ. Ингэхэд байгалийн цацраг идэвхт элементүүдийн ялгаруулж буй гамма цацрагаас үүсгэх цацрагийн дундаж 63 нГр/цаг байсан нь дэлхийн дундажаас 1,5 дахин их үзүүлэлт аж. Чойбалсан хотын хөрс Монгол улсын дунджаас 1,9 дахин их эвдрэлд орсон гэж дүгнэжээ. Энэ нь мэдээж хүний үйл ажиллагаатай холбоотой байна.

Мардайн хувьд, Гурванбулагийн ураны далд уурхайн орчмын хөрсөн дэх цацрагжилтын хэмжээ дэлхийн дунджаас хэд дахин их гарчээ. Тухайлбал Гурванбулаг орчимд 40К-ийн хувийн идэвхийн хэмжээ дэлхийн дундажаас 2-2,9 дахин, 232Th-ийн хувийн идэвхийн хэмжээ 0,4-2,0 дахин, 226Ra-ийн хувийн идэвхийн хэмжээ 0,8-7,3 дахин, 137Cs –ийн хувийн идэвхийн хэмжээ 0,32-4,62 дахин их байна. Гурванбулаг ураны далд уурхайг ажиллуулж байх үед уурхайн гүний усыг баруун урагш чиглэсэн хоолойгоор урсгаж байжээ. Өдгөө энэ хоолойн хөрсөн дэх уран, радийн цацраг идэвхийн тэнцвэр 2-5,7 дахин алдагдаад байгааг судлаачид тогтоосон байна. Өөрөөр хэлбэл хөрсний дээжинд уран 5,7 дахин их хэмжээгээр баяжсан аж.

Судлаачид Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын одоо гаргаж байгаа үнс, шаарыг орон сууцны барилгад ашиглаж болохгүй гэж үзсэн. Харин уран ихтэй нүүрсний давхаргыг тусад нь ялган авсан тохиолдолд станцын үнсийг ашиглах боломжтой гэжээ. Мөн Чойбалсан хотын агаар болон хөрсний цацраг идэвхийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх үүднээс цахилгаан станцын утааны шүүлтүүрийг тогтмол сайн ажиллуулах шаардлагатай гэж дүгнэжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-25 07:32:19
    хөрс эвдрэлд орох чинь мардайтай ямар хамаатай юм, уран чинь нүүрснээс ч үнснээс ч ялгарч л байгаа, нүүрс түлдэг бүх газруудад адилхан л байгаа битгий худлаа юм...