“Эрдэнэт үйлдвэр” ХХК эдийн засгийн хэмнэлттэй шинэ зуух ашиглалтад орууллаа
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК нь эдийн засгийн хямралтай үед аль болох бага зардлаар бүтээгдэхүүнээ боловсруулахыг чиглэлээ болгон ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд эдийн засгийн хэмнэлттэй, өндөр үр ашигтай ган бөөрөнцөг цувих цехед шинээр нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтад орууллаа.

Энэхүү технологийн шинэчлэлийн өргөтгөлийн нээлтийг өнгөрсөн даваа гарагт хийсэн бөгөөд энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-инй ерөнхий захирал Ц.Даваацэрэн энэхүү нүүрс хийжүүлэх зуух ашиглалтад орсноор нэг тонн ган бөөрөнцгийн өөрийн өртөг 33 хувиар буурна гэдгийг онцоллоо. Ингээд технологийн шинэчлэлтэй холбоотойгоор түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Ган бөөрөнцөг цувих цехед нүүрс хийжүүлэх зуух ашиглалтад хүлээн авч байна. Энэ зуухыг ашиглалтад оруулснаар эдийн засгийн  ямар үр ашиг гарах вэ? 

-Бэлдэц халаах зуухыг урд нь  хоногт 18-20 сая төгрөгийн өртөгтэй  10 тонн дизель түлшээр халаадаг байсан. 2015 онд 1.1 тэрбум төгрөгийн  өртөгтэй нүүрс хийжүүлэх хоёр шатлалт зуух барьж ашиглалтад  оруулахад бэлэн боллоо. Нүүрс хийжүүлэх зуух нь 6000 к/калороос  багагүй илчлэгтэй 30-80 мм бүхэллэгтэй нүүрс хэрэглэнэ. Энэ зуух ашиглалтад орсноор өндөр үнэтэй нефтийн бүтээгдэхүүнийг нүүрсээр орлуулна. Нэг тонн ган бөөрөнцгийн өөрийн өртгийг 33 хувь бууруулна. Шинээр 16 ажлын байр нэмэгдсэн.Ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл сайжирсан. Ингээд энэ үйл ажиллагаанаас жилд нэг тэрбум төгрөгийн  хэмнэлт гаргана гэсэн үг. 

-Зардлаа нөхөхөд хэдий хэр хугацаа зарцуулах вэ? 

-Зардлаа нөхөх хугацаа ердөө нэг жил юм. 

-Энэхүү хоёр шатлалт зуухыг хаягдалгүй технологи гэж нэрлээд байгааг тайлбарлаж өгнө үү?

-Нүүрс хийжүүлэх зуухнаас ялгарах өндөр даралтын  хийг цахилгаан шүүлтүүрээр оруулж, нүүрсний давирхайг авч ашиглана. Нам даралтын хийг цилконон  тоос барих төхөөрөмжинд оруулж тоосыг нь барьж авна. Өндөр болон нам даралтын хийг ялгаж салган боловсруулдгаар нь  хоёр шатлалт зуух гэж нэрлэж байгаа юм. Давирхай болон тоосыг нь ялгаж авснаар технологийн цэвэр хийгээр бэлдцийг дахин халаах зууханд өгнө. Технологийн процессоос дайвар бүтээгдэхүүн болох давирхай ялгарах нь хаягдалгүй технологи юм. 

-Цаашид ямар зорилт  тавин ажиллаж байгаа вэ? 

-Бид цаашид дараах зорилтуудыг тавин ажиллаж байгаа. Үүнд:Нэгдүгээрт: Баяжуулах фабрикийн ган бөөрөнцгийн хэрэглээний 95 хувийг үйлдвэрлэнэ. Хоёрдугаарт: Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс түүхий эдээ авна. Гуравдугаарт: Хэрэгцээнээс давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Цахилгаан станцууд, Оюутолгой, Цементийн үйлдвэрийн хэрэгцээний тодорхой хувийг хангана. Дөрөвдүгээрт: Гадаад руу  чиглэсэн валютын урсгалыг зогсоож, Монгол улсын эдийн засгийн, өсөлтөд хувь нэмрээ оруулахаар зорилго тавин ажиллаж байна. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.