"Гууль" тогтоох "доод" байгууллага
Дөрвөн жилийн давтамжтай улсаа дампууруулчих шахаж баахан хоосон амлалт өгч, хөдөөгийн уул тал, хотын захын гэр хороолол, тосгон сууринаар бүтэн сар гурил будаа, элсэн чихэр, боов боорцог тараасаар ард түмнийхээ итгэл сэтгэлийг худалдан авч бүрдмээр болдог  УИХ жинхэнэ утгаараа дампуурчээ. Өнгөрсөн 20 гаруй жил дороо дэвхцэж, монголчуудын амьдралд ямар ч нэмэргүй, заримдаа бүр аж амьдралаа залгуулдаг, өнөө маргаашаа аргацаадаг бизнесийг нь багалзуурдан дарж, өндийх тэнхэлгүй болгодог “гууль” баталсаар ирсэн УИХ өнөөдөр үнэндээ ямар ч чадамжгүй болж, уухилан зогсчээ.
 
Машинаар тооцвол ус масло нь холилдож, мотор нь цохиж, гол нь зуураад таг зогссон байна. Ядаж байхад дөрвөн дугуйных нь гурав нь тас буудаад хагарчихсан гэж байгаа. Урьдын цагт утаа май савсуулан таг зогссон “Зил- 130’’ машиныхаа хамрыг сөхөж гайхшаа барсан мунгинуу жолооч муу үг урсгасаар дугуйгаа өшиглөөд зогсож байдаг дүр зураг өнөөдрийн УИХ-ын даргын байр байдлаас анзаарагдах болсоор удаж байна. Ер нь л энэ удаагийн УИХ цаашаа алхах тэнхэлгүй болоод муу үгээ дуудалцан нам зогсов. Одоо үндсэндээ УИХ дахь нам эвслийн бүлгүүд, тэр ч байтугай бие даагч гурав хүртэл асуудлаа ярьж, хуралдаж чадахаа болив. Хуралдаа морилон ирдэг эрхмүүдийн тоо “гадны хөрөнгө оруулагчид” шиг л эрс цөөрч байна. Харин хурлаа таслагчид хаа нэгтэй хоёр гурваараа хор найруулж, 2016 оныхоо сонгуульд ханцуй шамлан орж “шөнийн од” шиг л язганалдаж байгаа.
 
Нэг л их гадаад томилолттой сайд, гишүүд. Гадаадад томилолтоор явж, аль нэг орон, газрын туршлага энэ тэр судалж болно л доо. Харин төсвийн мөнгөөр зугаацаж цэнгэчихээд түүнээс нь ямар ч үр дүн улс, нийгэмд үлддэггүй нь хаашаа ч бултахын аргагүй үнэн болсон.
 
Өчигдөр хуралдах ёстой байсан Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын ирц гүйцээгүйгээс хуралдаагүй. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт томилолтоор ажиллаж байгаа гэх шалтгаанаар хурал үдээс хойш 14:00 цаг хүртэл хойшилсон бол, нислэг саатсан гэх шалтгаанаар үдээс хойшхи хурал мөн хойшилсон. Уг нь Д.Батцогт даргатай байнгын хорооны хурлаар Хамтын тэтгэврийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох шатны хэлэлцүүлэг болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай гээд нийгэмд тодорхой хүлээлт үүсгээд байгаа асуудлуудыг хэлэлцэх байсан. Гэвч эрхэм даргынх нь 2016 оны сонгуулийн бэлтгэлээс шалтгаалан ирэх долоо хоногийг хүлээхээр болж байх шиг байна.
 
Мөн Өргөдлийн байнгын хороо үдээс хойш хуралдах хуваарьтай байсан ч О.Баасанхүү дарга сахилгагүй гишүүдээ баахан хүлээгээд мөн л ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлов. Ер нь ийм сахилга хариуцлагагүй, дэг журамгүй УИХ хэнд хэрэгтэй вэ.
Улсын болон хувийн хэвшлийн аль нэг байгууллагын ажилтан албан хаагч хэл чимээгүй ажлаа хоёр өдөр тасалвал тойрохоо зуруулж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжих нь тодорхой. Гэтэл “Хууль тогтоох дээд байгууллага” нэртэй ч “гууль" үйлдвэрлэдэг, хууль үйлчилдэггүй энэ байгууллагын задарсан гишүүдийг ер нь яалтай ч билээ.
 
УИХ-ын болон байнгын хорооны дарга нар сахилгагүй, цадиггүй гишүүдээ үнэхээр хүчирч дийлэхгүй болж. Ямар сайндаа л З.Энхболд дарга чуулган бүрийн өмнө  “гишүүдийг хуралдаа оролцохыг урьж байна” гэж дотоод холбоогоороо гуйж, гувшиж суудаг нь хэвшил болох вэ дээ. Эрхэм скиперийн хажууд сүргийн манлай буур, азарга хамаагүй хүчтэй, ядаж л сүргээ бүрэн бүтэн байлгаж хүчээрээ хуйлруулан дагуулаад байдгийг монголчууд андахгүй. Уг нь “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэгсэн. Гэтэл лав л энэ удаагийн УИХ-д хүний хэл төдийлөн хэрэг болохгүй нь тодорхой болов. Одоо тэгвэл хөлөөрөө асуудлыг шийдэж хуулийн хугацаанаас өмнө хэдэн тийшээ тарж бутрах, дахин сонгууль зарлах л үлдэж байна. Өөр олигтой шийдлийг УИХ дахь МАН-ын ихэнх гишүүд олж харахгүй байгаа шиг Монголын нийгэм, үүнийг тэрлэгч би бээр ч олж харж чадахгүй нь. Аль эсвэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Монголын нийгэм, мань мэтийнх нь билгийн мэлмий таг харанхуйлчихсан хэрэг үү. Өнөөдрийн эрх баригчид “Олонхиороо шийднэ” гэдэг үгийг өмнөө барьдаг. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг, Монголын нийгэм нийлээд УИХ дахь АН-ын бүлгийн 35 гишүүнээс олонх болох нь тодорхой. Олонх өнөөдрийн УИХ-д “муу” дүн тавьж “Ажлаа тасалдаг, хариуцлагагүй, чадамжгүй УИХ тарсан нь дээр” гэж байгаа.
 
Ер нь ч ажлаа хийж чаддаггүй, олонх нь тасалдаг ийм “гууль” тогтоогч “доод” байгууллага монголчуудад хэрэггүй. Гацаанд ороод удаж байгаа УИХ хэл амаа ололцож чадахгүй бол хөлөөрөө асуудлыг шийдэх цаг болжээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • khun 2015-11-25 20:35:26
    ardchilsan nam zasag barij chadahgui gedgee ali ert l haruulsan. turshlaga muutai, oorsdoo uuj idehee urital bolgoson humuus gedeg ni haragdaj baigaa
  • Зочин 2015-11-25 04:13:31
    УИХ-ын гишүүдийн энэ замбараагүй байдал чинь ард түмний анхаарлыг сарниулах гэсэн өөрөөр хэлбэл идсэн ууснаа нуух халхавч, улс орон даяар замбараагүй байдал үү...
  • зочин 2015-11-25 01:27:36
    16 онд АН-ыг монголын улс төрөөс арчих хэрэгтэй, тэгээд улс орноо сайхан хөгжүүлэх хэрэгтэй, улс орон, иргэд чинь хөөрхий болж байна шүү,
  • Bataa 2015-11-25 01:03:30
    2016 îíû ñîíãóóëüä ÀÍ ìºí ÌÀÍ ÌÀÕÍ-ààñ ë áóñàä øèíý íàì øèíý õ¿í èõ õóðàëä ãàðãàìààð áàéíà ...