"Өвгөн" цэвэрлэхийг шинэчлэх асуудал сонгуулийн шоу битгий болоосой
60 жилийн настай “өвгөн” цэвэрлэх байгууламжийг шинэчлэх тухай яриа сонгууль болгоноор яригддаг болсоор 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. 25 жилийн хугацаанд таван удаа сонгууль явуулсан гэхээр эдгээр сонгуулиудын гуравт нь лавтай шинэ цэвэрлэх байгууламж барина хэмээн улстөрчид ам гарсан гэхэд хэтийдэхгүй. Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшигчид, мөрийн хөтөлбөр боловсруулдаг улстөрч бүхний амнаас ийм үг гардаг. 2012-2013 онд улсын төсөвт цэвэрлэх байгууламжийг шинэчлэх мөнгө суусан тухай яриа тэр үед дуулдсан ч харамсалтай нь тэр мөнгө хэний халаас руу, хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болж, шуугиан ч тэгсхийгээд намжсан. Улстөрчдийн ярьдаг том сэдвийн нэг болсон энэ асуудал өнөө жил ч яг л сонгуулийн өмнө яригдаж эхэллээ.
 
Өмнө нь ажил авсан сайд бүхэн л Төв цэвэрлэх байгууламжтай очиж танилцаж, хамгийн эхэнд шийднэ гэсэн амлалт өгдөг ч төд удалгүй мөнгө ч байхгүй, шийдвэр ч гаралгүй мартагддаг талаар тус газрын албан тушаалтнууд хүртэл ярьж байлаа. Жилд нэг удаа 40 гаруй сая төгрөгөөр урсгал завсар хийдэг ч энэ нь хамгийн удаандаа л нэг жилийнхээ ачааллыг дөнгөн данган бариад л дахин эвдэрдэг. Нийслэл бохиртойгоо хутгалдах нь, Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй боллоо гэсэн яриа 2012 оны сонгуулиас хойш өдөр бүхэн л гарч байсан. Гэсэн ч өнгөрсөн зун Төв цэвэрлэх байгууламжийн тунгаагчийн хананд цууралт үүсч, бохироо шууд Туул руу цутгах тухай яриа гарснаар сонгуулийн маргааш мартчихсан байсан сэдвээ тэд гэнэтхэн санасан юм даг.

Өмхий үнэрийг өөрсдөө мэдэрсэн нь талаар болсонгүй

Энэ намрын хугацаанд нийслэлийн Засаг дарга онцгой байдал зарлаж ажиллах нэг сарын үүрэг өгснөөр Төв цэвэрлэх байгууламжийн ажилчид нэг сарын хугацаанд онцгой байдалд ажилласан. Тэглээ гээд нийслэлийн үнэр саараагүй. Лагийн талбайгаа төсвөөс мөнгө гаргуулан цэвэрлэж, технологийн ганц нэг шинэчлэл хийснийг эс тооцвол нэг сарын хугацаанд олигтой өөрчлөлт гараагүй юм билээ. Ганц нэг хэвлэл мэдээллээр Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхдөл байдал, ажилчдынх нь цалин хангамжийн талаар цуврал сурвалжлага гарснаар ёстой л ичсэн нэрэндээ манай төр засгийн өндөрлөгүүд Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын сүүлээр очиж ажилласан.
 
Ерөнхий сайдаар ахлуулсан нүсэр бүрэлдэхүүн очиж нөхцөл байдалтай танилцсан. Лагийн талбай, бохир хадгалагдаж буй тунгаагчийн дэргэд очоогүй ч юутай ч газар дээр нь очоод, үмхий үнэрийг өөрсдийн биеэр мэдэрсэн нь том амжилт. Хотын төвд буй анхилуун үнэртэй албан өрөөндөө бус үнэр танарыг нь өөрийн биеэр мэдэрсэн хүмүүс арай өөр шийдвэр гаргах болов уу гэсэн хүлээлт юутай ч талаар болсонгүй. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад концессын барих- ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэж, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгах шийдвэр гаргалаа.
 
Хэрвээ ажил хэрэг болвол маш том шийдвэрийг энэ Засгийн газар гаргаж чадлаа. Сонгуулийн өмнөх шоу битгий болоосой гэж залбирах л үлдэж байна.
 
Бохироо залгих осол наад захын л асуудал
 
Эрүүл ахуйн орчин дээд зэргээр хангагдсан, аюулгүй байдлаа хамгийн өндөр төвшинд хангаж ажиллах ёстой Төв цэвэрлэх байгууламжийн ажилчид өнөөдөр тийм орчинд ажиллаж чаддаггүй. Ойр ойрхон тус байгууллагад байсхийгээд л осол гардаг. Техникийн аюулгүй байдлаа хангаагүйгээс саяхан нэг ажилтан нь бохир руугаа олс нь тасарч унан живэх шахаж улмаар эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар ходоодоо угаалган одоо ажилдаа орсон юм билээ. Өмнө нь хоёр гурван ажилтан мөн л хорт хийнд угаартан амиа алдах шахсан.
 

...Магад АН- ын нөлөө бүхий гишүүд цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлыг газар дээр нь очиж судлан, концессоор барих эрхийг А.Эрдэнэбат сайдад өгнө өө гэдэг нь сонгууль угтсан ажил байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ юу нь буруу гэж. Үнэхээр л нийслэлчүүдийн толгойн өвчнөөс нь салгаж өгч чадвал ард түмэн тэднийг 100 хувь л лэмжинэ. Үнэрнээс салгаж өгсөн намыг дэмжинэ ээ гэдэг шаардлагыг нийслэлчүүд бид хэлээд сууж байхад буруудахгүй...

 
Бохирын машинтайгаа далан давж осолдох шахсан гэх мэтээр жижиг гэж харагдахаар осол аваар байнга гардаг. Удирдлагуудынх нь хайхрамжгүй байдал гэхээс илүүтэй техникийн хоцрогдол ийм нөхцөл байдлыг бий болгоод байгаа юм. Осол гарч байдаг, хэвлэл бичиж л байдаг. Удирдлагууд нь энэ мэт осол аваарт “гөлийчихсөн” гэхэд хэтийдэхгүй. Баас шээстэй өдөржин шөнөжин зууралдаж буй ажилчид нь өдөрт 250 грамм цэвэр сүү, сард нэг удаа саван, вок, резинэн бээлий, жижиг ам цагаан даавуу гэсэн хангалт авдаг. Мөн хүнд нөхцлийн нэмэгдэл гэж сард 200 мянган төгрөг авдаг ч эрүүл мэндийн үзлэгээр эрүүл эрхтэнтэй хүн ховорхон гардаг юм билээ.
 
 Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний чанарыг бууруулах гол хүчин болж стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүй байгаа аж. Лаг бүрэн боловруулах систем өнөөгийн цэвэрлэх байгууламжид огт байхгүй бөгөөд хүнд металлын агууламжтай хаягдал лаг тунадасыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд ил задгай хатаадаг нь  нийслэл маань тансаг үнэрт утуулах шалтгаан болдог аж. Техник тоног төхөөрөмж нь хуучирч муудсанаас байгууламжийн эрчим хүчний хэрэглээ өндөр, эрчим хүчний зардалд нэг сард 250 сая төгрөг зөрцуулдаг гэнэ. Жижиг оврын цэвэрлэх байгууламжийг гадны зээл тусламж, өөрийн санхүүжилтээр барьж байгаа ч өсөн нэмэгдэж буй хэрэглээ, өдөр бүр шинээр баригдаж байгаа барилгын тооноос шалтгаалж төв цэвэрлэх өнөө маргаашгүй үүдээ барихад хүрээд байгаа юм.
 
Үнэрээс салгасан намыг ирэх сонгуулиар дэмжье
 
Саяхан АН-ын нөлөө бүхий нэгэн улстөрч намынхаа бүлгийн хурал дээр хэлсэн үгээ санамсаргүй ам алдаж орхисон юм. Тэрбээр, ирэх сонгуулиар хэрхэн ямар зохион байгуулалттай оролцох талаар яригдсан намынхаа хурал дээр “Ирэх сонгууль бол бүтээн байгуулалт, барилга зам талбайгаас илүүтэй үмхий үнэрээс салгаж чадах уу, үгүй юу гэдэг сонголтын сонгууль болно. Нийслэл чинь өдөр ирэх тусам үмхий болж байна. Хэрвээ бид энэ асуудлыг шийдэж чадахгүй л бол өнгөрсөн хугацаанд хийсэн бидний том ажил болох барилга, зам, гудамж талбайн шинэчлэл ямар ч үр дүн авчрахгүй. Нийслэлчүүдийг энэ үнэрээс нь салга. Тэр цагт бид хүссэн ч эс хүссэн ч ялна” хэмээн ярьсан сурагтай.
 
Магад АН-ын нөлөө бүхий гишүүд цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлыг газар дээр нь очиж судлан, концессоор барих эрхийг Д.Эрдэнэбат сайдад өгнөө гэдэг нь сонгууль угтсан ажил байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ юу нь буруу гэж. Үнэхээр л нийслэлчүүдийн толгойн өвчнөөс нь салгаж өгч чадвал ард түмэн тэднийг 100 хувь л дэмжинэ. Үнэрнээс салгаж өгсөн намыг дэмжинэ ээ гэдэг шаардлагыг нийслэлчүүд бид хэлээд сууж байхад буруудахгүй. Зарим нийтлэлчид “Жорлондоо живэх гэж байж юуных нь АСЕМ” хэмээн бичиж байсан. Тэгвэл жорлондоо живэх аюулаас ангижруулсны дараа сонгуульд саналаа өгнө хэмээгээд гэдийчихвэл тэд хийж л таараа. Мэдээж шинээр барих төсвийн 300 гаруй сая ам.долларыг улсын төсвөөс гаргана гэдэг хэцүү. 2016 оны төсөвт цэвэрлэх байгууламжийн засвар үйлчилгээнд найман тэрбум төгрөг суулгажээ. Өмнөх цалингаа тавьж чадахгүй байгаа Засгийн газар маргааш мөнгө босгоод ажил эхлүүлж чадахгүй учраас концессийн гэрээгээ л ажил хэрэг болгоосой гэж хүсэх байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих талаар хэд хэдэн улс орнууд санал тавьсан. Бүр судалгаа хийж байсан улс ч бий. Тодруулбал, Япон улс шинэчлэн барих гэж “Жайка”-аар дамжуулан хийхээр судалгаа хийсэн ч удалгүй сураг тасарсан гэдэг. Дараа нь Франц, Герман зэрэг улсууд санал тавьж байсан. Лагийг 97 хувьтай ариутгаж, эрчим хүч болгох Францын саналыг төр засгийн төвшинд нэлээд дэмжиж буй бөгөөд ТЭЗҮ боловсруулах ажлыг Франц улс хийж байгаа аж. Мөн Франц улсад албан ёсны айлчлал хийсэн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар мэдээж энэ талаар ярьсан нь тодорхой. Нөгөө талаар хотын дарга Э.Бат-Үүлийн БНАСАУ-д хийж буй албан ёсны айлчлалд ч цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн асуудал багтжээ.
 
Тиймдээ ч ирэх сонгуулиас өмнө энэ ажлын эхлэл тавигдаж, нийслэлчүүдийн магнай тэнийх магадлал өндөр байгаа юм. Өвгөн цэвэрлэхийг шинэчлэн барихгүй л бол улс төрийн намууд юу ч гэж амлаад иргэд итгэх нь юу л бол.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-11-25 05:29:06
    Нэр дэвшигчид тэнд очиж "штабаа" байгуулж сурталчилгаагаа хийвэл сонгогдоно шүү...
  • d 2015-11-24 06:35:40
    zorig asan ene 2 ch gol togloom boloh bii vii. !!!!!!!!!!!!
    202.179.20.69
    Мэдэгдсэн Хариулах